9.30.2014

Хүннү

Монголчуудын өвөг дээдэс хүннү нар МЭӨ 400 оны орчим Шар мөрөн буюу Хатаны голын өмнөдөд болон одоогийн Ордос газраар нутаглан байсан ба хятадын байлдаант долоон улсын үед Жао, Янь, Цин улсууд хүч хавсран хүннү нарыг хойш хөөж тэднийг дахин довтолж төвөг болохоос эмээн их цагаан хэрмээ байгуулж байжээ.

Хүннү нарын анхны хаан Түмэн шаньюй байсан ба МЭӨ 209 онд түүний хүү Модунь хаан сууснаар төв Азийн өндөрлөгт төр ёс үүссэн хэмээн үздэг ба энэ үе бол хүннү нарын хүчэрхжилийн үе байлаа. Модун шаньюй эцэг өвгөдийн алдсан бүх нутгаа эргүүлэн авч умарш Байгаль нуур хүрч, урагш цагаан хэрэм, зүүнш Түркестан хүртэлх өргөн уудам нутгийг захирч Хан улсыг чичрүүлэн 50 жилийн турш алт мөнгө, торго тариагаар алба авч байв.

Модун шаньюй МЭӨ 174 онд нас барснаас хойш хүннү нар 100 гаруй жил хүчирхэг хэвээр байв. МЭӨ нэгдүгээр зууны дундаас тэдний хүч суларч хоорондын тэмцэл самуунд автан харъяанд байсан Сүмбэ нар Хан улстай нэгдэн эсэргүүцэн тэмцэх болсноор МЭӨ 48 онд Ар хүннү, Өвөр хүннү гэж хуваагдсан.

Өвөр хүннү нар Хан улстай нийлэх болж харин МЭ 85, 87 онд Сүмбэ нар ар хүннү нарыг бут ниргэсэн учир тэд дахин сэхэж чадаагүй юм. Мөн Өвөр хүннү нар хятад цэрэгтэй хүч хавсран ар хүннү нарыг хэд хэдэн удаа хавчин тулж тэднийг довтолж байв.

Ар хүннү нар МЭ 93 оноос бие даан тогтохоо больж нэг хэсэг нь хядуулж, хэсэг нь баруунш нүүдэллэн одож, үлдсэн бум гаруй хүннү нар Сүмбэ улсыг дагажээ.

Харин Өвөр хүннү нар хятадад дагасан гэх боловч МЭ 215 он хүртэл оршин тогтнож байгаад нэг хэсэг нь бусад аймгийн дунд шингэж нөгөө хэсэг нь умард хятадын зүгт нүүн шилжиж аажмаар уусан шингэжээ. Хятадын нэгэн шаштирт өвөр Хүннү нарын үр сад нэг бус удаа бослого самуун өдүүлж, Нангиадын Сүй улсын хаан ширээг Лю Юань хэмээх хүннү угсааны этгээд булааж хаан суув хэмээн дурьдсан байдаг.

0 comments:

Post a Comment