10.31.2014

Уйгарын хаан Моюнчурын хөшөө буюу Могойн шинэ усны дурсгал

Архангай аймгийн Хайрхан сум, Булган аймгийн Сайхан сумын нутгийн зааг дээр Могойн Шинэ ус хэмээх газар эртний Уйгурын үеийн гэрэлт хөшөө, булшны цогцолбор байдаг. Энэхүү дурсгал ДТД 1477 метрийн өндөрт орших ба гэрэлт хөшөө нь дундуураа хоёр хуваагдсан, хөшөөний суурь болох чулуун яст мэлхийний толгой хугарч алга болсон байна. Уг дурсгал судалгааны ном зохиолуудад “Моюнчурын хааны хөшөөний түрэг бичээс” гэсэн нэрээр орсон байдаг.

Могойн шинэ усны энэ дурсгал нь Уйгурын  хаан  Моюунчурт  зориулан босгосон тахилын онгон юм. 25х47 м хэмжээтэй тус тахилгын онгон нь гонзгой дөрвөлжин хэрэм, түүний дотуур усан шуудуутай. Төвийн хэсэгт нь дүгрэг чулуугаар голдоо хонхортой овоо босгосон бий.

Дурсгалын хойт хэсэгт, яст мэлхийн нуруунд суурилуулсан урт том хөшөө байсан нь Орхон-Енисейн руни бичээстэй. Уг бичээст Уйгурын хаан Моюнчурын амьдрал үйл явдал хийгээд уйгур улсын түүхэнд холбогдох гол гол үйл явдлын талаар өгүүлжээ. Энэхүү дурсгалыг 759-760 оны үед босгосон гэж үздэг.

Моюнчур хааны тахилын онгоны энэхүү бичигт хөшөөг 1909 онд Финлянд улсын их эрдэмтэн Г.И.Рамстедт нутгийн ард олноос олж мэдэн илрүүлэн судалсан бөгөөд түүнээс хойш энэхүү дурсгал гадны эрдэмтэдийн дунд Сэлэнгийн бичээс хэмээн ихэд алдаршжээ.

Моюнчур хааны гэрэлт хөшөөний хугарсан хоёр хэсэг нь 3.9 метр болох бөгөөд углуургаараа  яст мэлхийн сууранд суусан байдлаараа 4 метр гаруй өндөртэй байжээ гэж үздэг.

Эл хөшөөг олон орны нэрт судлаач эрдэмтэд судлан шинжилж тайлан уншиж, учир утгыг тодруулан нийтэлж ирсэн бөгөөд анх бүтэн байхдаа 6750 орчим үсэг зурлагатай байсан нь одоо гэмтэж муудсаар 5000 орчим нь хадгалагдан үлджээ.

Уг хөшөөнд, уйгурууд, Түрэг улсыг бутцохиж өөрийн төр улсыг төвхнүүлэн байгуулсан тухай үйл явдлыг тэмдэглэн бичсэн ажээ. 
Бичээсийн дотор,
“Өтүкэний орчин тойронд хоёр уулын дунд нутагладаг. Тэдний ус Сэлэнгэ бөлгөө”. “Тэнд улс нь нүүдэллэн агсан” бөгөөд “...арван уйгур есөн огузыг зуун жил захиран ”, ”Сэлэнгийн эрэгт Байбалык хотыг байгуулахыг согд, табагач нарт даалгалаа би” гэхчлэн гардаг нь эл улсын нутаглан суусан газар орон, тэдний бүрэлдэхүүнд байсан овог аймгийн нэр усыг тэмдэглэн бичсэн түүхэн сурвалж төдийгүй, нүүдэлчдийн утга соёлын үнэт дурсгал болно.


Энэхүү хөшөөг, түрэгийн “орхон-енисейн”  хэмээх руни бичгээр бичсэн нь, уйгурууд түрэгийн захиргаанд явах үеэсээ эл бичгийг хэрэглэсээр ирсэн ба хожим өөрсдийн бичиг үсэгтэй болсныг илтгэнэ.

10.30.2014

Уйгарын нийслэл Ордубалык Буюу Хар балгасын туурь.

Уйгур улсын нийслэл Хар балгас буюу эртний уйгур хэлээр Ордубалык хотын туурь  Архангай аймгийн Хотонт сумын нутагт Орхон, Жирмэнтэй хоёр голын бэлчирт Хархорин хотоос зүүн хойш 40 км-т Орхоны хөндийд бий.
Уйгарын Яглакар овгийн Пейло хаан 745 онд Түрэгийн хаант улсыг мөхөөн өөрийн улсыг байгуулж 751 онд Орхоны хөндийд нийслэл хотоо цогцлоон байгуулж Ордубалык хэмээн нэрлэжээ. Энэхүү хотыг Хөх Түрэгийн хаант улсын нийслэл хотын туурин дээр байгуулагдсан гэж үздэг. Наймдугаар зууны дунд үед Уйгур улс хүчирхгийнхээ туйлд хүрч Алтайн уулсаас Хянган,  Их говиос Саяаны уулсын хоорондох нутгийг эзлэн суух болжээ. 821 оны үед Хар Балгасыг үзсэн Арабын түүхч Тамим ибн Бахр ал-Мутафи “Хаадын хот” хэмээн магтаж шагшиж баян тансаг, үзэсгэлэнт сайхан хот гэж тодорхойлсон байдаг

Эрдэмтдийн судалсныг харахад  Хар балгас хот нь 25 км.кв талбай эзэлсэн асар том хот байсан нь мэдэгддэг. Хотын талбай нь худалдаа, гар урлалын хэсэг, хааны орд харш, сүм дугана зэрэг хэсгүүдээс бүрдэж байв.

Хааны орд нь тусгайлж барьсан бат цайзат хэрэмтэй, хойно урдаа  хоёр том хаалгатай бөгөөд цэрэг дайны зорилгоор цайзны ханыг  тойруулан олон цонж цамхаг барьсан байжээ.

Хар балгасны цайзат хэрэмний  хана туурга нь одоо нэлээд нурсан боловч арваад м өндөр, цайз нь 12 м, хэрмийн төвд байсан том цайз (хараат) одоо 14 м байжээ. Хэрмийн дээгүүр цамхагийн оромтой ба гурван талаасаа шуудуугаар хүрээлэгджээ. 

Цайзат хэрмэнд уйгурын хааны орд харш байсан нь малтлагын олдвороос мэдэгджээ. Хэрмийн дотор малтахад сайхан үзэмжит чимэглэлтэй ордны барилгын ор олдсон нь Хятадын Тан улсын  (618-907)  үед  холбогдох  зүйл  байжээ.  Түүнээс гадна хааны ордонд хамаарах бурхан шүтээнийг агуулж байсан бололтой хэрэм бүхий дугана сүмний ором ч олджээ. Ордны үүдэнд  согд, хятад, орхон-енисейн бичигтэй гэрэлт хөшөөнүүд тавиастай байжээ. Тэдгээр хөшөөг Уйгурын хаадад зориулан босгодог байж.

Цайзат хэрмийг тойрон тусгай шороон цонж байсан ба цайзын гадаад буланд налуулан хийсэн тусгай цонжийг цэргийн зорилготой гэж үздэг ба цайзат хэрмийн үүдэнд цэцэрлэг зугаалгын газар байсан бололтой талбайтай.

Хар балгасны баруун хойт, баруун хэсэгт худалдаа гар үйлдвэрийн хэрэм барилга олон байжээ. 1949 оны малтлагаар эндээс төмөрлөгөөр юм дархалж байсан баримт болох лав, хавтгай хүрэл, хүрэл хайлж байсны үлдэц олдсноос гадна 840 онд холбогдох хятад зоос олджээ.
820 он Ажо хэмээх Енисейн хиргис нарын захирагч Монгол нутагт ноёрхохын тул Уйгаруудын эсрэг дайтаж эхэлсэн ба Ордубалыкт эхэлсэн ордны хямрал ч ширүүсч Уйгурын цэргийн жанжин Кюлуг 840 онд самуун гаргаж түүний эсрэг хааны зөвлөх хятадын талыг баригч түшмэл Тархан хиргисийн Ажотой хавсарч Хар балгасыг эзлэн авсан ба энэ тулалдаанд уйгарын хаан алагджээ.
Түүхэн сурвалжийн мэдээгээр хиргис нар Уйгар улсыг мөхөөн дараад Хар балгасыг ихэд эвдлэн сүйтгэсэн гэдэг. Энэ их эвдрэлийн ор мөрийг одоо ч Хар балгасны байдлаас харж болно. 

10.29.2014

Монгол нутаг дахь Уйгар улсын үе

Хянганы нуруунаас Каспийн тэнгис хүрсэнТүрэгчүүдийг залгаж Уйгарууд хүчирхэгжин гарч ирэв. Уйгурууд Нирун монголчуудтай адил Төв Азид оршин тогтносоор ирсэн хамгийн өндөр соёлтой нүүдэлчид бөгөөд алтайн хэлний бүлэгт багтах түрэг угсаатан.Тэднийг түүхэнд Өндөр тэрэгтэн буюу токуз-огуз, гаогюй нар хэмээн тэмдэглэсээр иржээ.

744 онд уйгаруудын толгойлогч Пэйло биеэ хаанд өргөж Куль Билгэ хэмээх цол аван түрэгүүдийн эсрэг бослого эхлүүлэн 745 онд тэднийг бүрмөсөн бут цохин мөхөөж Уйгур улсыг байгуулжээ.
Пэйлог нас барсны дараа түүний хүү Моюнчур буюу Баянчур 747-759 онд хаан сууж “тэнгэрээс заяат төр засагч мэдэлтэй хаан” хэмээн алдаршсан ба тэр үед Уйгур улс хүчирхэгийн туйлд хүрч байлаа.

Моюнчур эцгийн бодлогыг үргэлжлүүлэн умар зүгт Киргиз, дорно зүгт Киданы эсрэг аян дайн хийснээр газар нутгаа тэлж YIII зууны үед Алтайн уулсаас Хянган, говиос Саяаны уулын хоорондох нутгийг мэдэх болжээ.

Уйгарууд 751 оноос Орхоны хөндийд нийслэлээ байгуулж Хар балгас буюу Ордубалык хэмээн нэрлэжээ. Булган аймгийн

Сайхан сумын нутаг дахь Хиргистийн хөндийн Могойн шинэ ус хэмээх газарт буй түрэг бичээсээр бичсэн Моюнчур хааны дурсгалд түүний амьдралыг тодорхой бичиж үлдээжээ. Уйгурууд хүчирхэгжин Хятадын дотоод хэрэгт ч оролцох болжээ. 755 онд Хятадад гарсан Ань Лу Шанийн бослогыг дарахад Тан улсаас тусламж гуйхад Моюнчур хаан 4000 цэрэг явуулж уг бослогыг дарсан ба хариуд нь Хятадын хаан асар их бэлэг шагнан, бага гүнжээ хатан болгон ураг холбохоор илгээж байжээ.

Моюнчурын дараа 759 онд Идугинь хаан сууж түүнийг 779 онд Дуньмохэ устган хаан болсноор дотоодыг тэмцэл хурцдан уйгарууд сульдаж эхэлжээ. Дуньмохэ хаан ширээнд суухын тулд өмнөх хаадын төрөл садан 2000 орчим хүнийг алсан гэдэг.

820 оны үеэс Енисейн Киргизүүд уйгаруудыг довтлох болж удтал үргэлжилсний дайны эцэст 840 онд Уйгур улс мөхөж, киргисүүд нутгийг нь эзлэн авч нийслэл Ордубалык болон олон хот дурсгалыг нь шатааж эвдэн сүйтгэжээ. Уйгурын зарим нь тэдний эрхшээлд орж нөгөө хэсэг нь Дорнод Туркестан, Зүүн гарын нутагт шилжин шинэ улс байгуулан суусан байна.

Уйгурууд эрт дээр үеэс нүүдлийн мал аж ахуй эрхлэн аж төрсөөр ирсэн боловч сүүлдээ согд, хятад урчууд дархчуудын хүчийг ашиглан хот балгад олноор барьж байгуулах болжээ. Монгол нутагт уйгаруудын барьж бүтээсэн хоёр их хотын туурь хадгалагдан үлдсэн нь Архангай аймгийн Хотон суман дахь Хар балгасын туурь нөгөө нь Булган аймгийн Хутаг-Өндөр суман дахь Бийбулагийн балгас.

Мөн уйгурууд, Монгол нутагт оршин тогтнож байсан олон аймаг, улсын дотор нэлээд дээгүүрт тооцогдох соёлтой байжээ. Тэдний соёлын хамгийн том ололт амжилт бол бичиг үсэгтэй болж, албан бичиг хөтлөн ном зохиол бичиж, гадаад хэлнээс судар шастир өргөн хэмжээгээр орчуулан туурвих болжээ. Уйгурууд анхандаа түрэг бичиг буюу орхон-енисейн бичгийг хэрэглэж байсны гэрч нь“Сэлэнгийн бичээс” хэмээн алдаршсан Могойн шинэ усны гэрэлт хөшөө, Архангай аймгийн Тариат сумын нутаг дахь Тэрхийн бичээс зэрэг бичиг үсгийн томхон дурсгалууд юм.

Хожим согд уйгар руни бичээс холилдсон шилжилтийн үеийн бичигтэй байсан ба энэ үеийн дурсгал нь Увс аймгийн Долоодойн хөшөөнд үлджээ.
Харин уйгараар бичсэн Архангай аймгийн Тайхар чулууны бичээс, Говь-Алтай аймгийн Жаргалант сумын Хайрханы бичээс зэрэг олон дурсгал монгол нутагт бий.

Монгол нутаг дахь уйгарын үеийн хүн чулуунууд нь түрэгийн үеийн хүн чулуунуудаас мэдэгдэхүйц ялгарах ба онцлог шинж нь, хоёр гараар хэвлийн өмнө сав барьсан, босоо дүрстэйгээс гадна хоёр чихэвчийг нь дээш сөхсөн дүгрэг малгайтай, олон унжлага зүүлт бүхий бүстэй дүрслэгдсэн байдаг ба түрэгийн хүн чулуунд байдаг шиг хутга, сэлэм зэрэг зэр зэвсгийн зүйл үгүй бас тахилын хашлага чулуу, цуварсан балбал чулуу огт байдаггүй байна. Уйгарын хүн чулууд манай улсын Баян-Өлгий, Увс зэрэг баруун нутгаар ихэвчлэн тааралддаг.

10.24.2014

Монгол нутаг дахь Түрэгийн үе

Түрэгүүд Төв Азид эртнээс нутагласаар ирсэн ба тэд монголчуудтай адил нүүдэлчин ард түмэн.

Нирун монголчуудын Татар хааны үед Дорнод Туркестанд нутаглаж байсан ашина овгийн 500 гаруй өрхийг олзлон авчирч  Алтайн өмнөд биед шилжүүлэн суугаад төмрийн хүдэр хайлуулан алба авч байжээ.

Эдгээр түрэгүүд бусад аймгаа удирдан босч 552 онд Түрэгийн зонхилогч Буман  нируны цэргийг бут цохин нируны харъяаны олон аймгийг нэгтгэж өөрийгөө эл хаан хэмээн өргөмжлсөн ба улмаар 555 оноос Түрэг улс  улс эмхлэн байгуулагдсан гэж үздэг.

Буриадын судлаач Шабалов ашина овог нь монголчууд байсан гэж өөрийн судалгаанд дурьдсан байдаг ба ашина нь чоно, түрэг нь түргэн гэсэн монгол үг гэжээ. Түрэгийн анхны хаан нь Буман гэх монгол нэртэй байснаас гадна зарим түүхэнд Түмэн нэрээр тэмдэглэгдсэн байдаг нь Нирун монголчуудын түмтийн захирагч байжээ.

Түрэгүүд удалгүй  дорно зүг нутаг тэлэн суурьшсаар удалгүй Монголын төв нутаг Орхон голын саваар төвлөх  болж улам улмаар хүчирхэгжин Солонгосоос Баруун тэнгис (Арал нуур), их элсэн цөлөөс умрын Байгал нуур хүртлэх нутгийг эзэлсэн их улсыг байгуулж, Хятад, Византи зэрэг тухайн үеийн том гүрнүүдтэй өрсөлдөх болжээ.

Хятадаас байнга албан татвар авч байсан тэд 590-ээд оны үед Зүүн, Баруун хоёр хэсэг болон хуваагдан хүч нь суларч эхэлсэн ч Монгол нутгаар төвлөрсөн Зүүн Түрэгийн хаант улс нь үндсэн хүчээ алдалгүй хадгалж,  бүрэн эзлэн авах гэсэн хятадын Сүй (581-618) улсын эсрэг тэмцсээр ирснээр барахгүй, Сүй улс мөхөж  Тан (618-907) улс мандах үйл явцад идэвхитэй үүрэг гүйцэтгэсэн байна. 

Шинээр үүсэн мандсан Тан улс 630 онд их цэрэг хөдөлгөн Түрэгчүүдийг бутцохиж, говиос өмнөх нутгийг эрхэндээ оруулжээ. Түрэгүүд ийнхүү 50 гаруй жил Хятадын мэдэлд орсон ба 690 оны үед Түрэгийн нөлөө бүхий язгууртан Күтүлүг, түүний зөвлөх Тоньюкук нарын толгойлсон бослого амжилтанд хүрч Күтүлүг, Элтэрэс буюу улсыг хураагч цолтойгоор хаан сууж төр улсаа сэргээн тунхаглажээ. Түүний дараа Можо (693-716), Могилян буюу Билгэ (683-734) зэрэг хаад залган төрийг барьж, алдагдсан нутгаа эргүүлэн авах, улс орныхоо эдийн засаг, улс төрийн байдлыг сайжруулах арга хэмжээ авч эхэлсэн ч эдгээр хаадын дараагаар Түрэгийн хүчин сулран мохож, 745 онд, харьяанд нь байсан Уйгурын босогчдод цохигдон ноёлох байр сууриа алдсан.

Монгол нутагт түрэгийн үед холбогдох дурсгал элбэг таарах ба үүнд жирийн иргэдийн болон хаад ноёдын тайлгын онгон, хүн чулуу, адгуус амьтны дүрс, руни бичээст пайлуур хөшөөнүүд багтдаг байна.
Түрэгүүдийн эзлэн сууж  асан бүх нутаг дэвсгэрийн хэмжээнд, алдар цуутай хаадад  зориулж цогцлоосон сүрлэг том онгоны байгууламжууд гагцхүү Монголын төв нутгаар
байрлажээ. Тухайлбал, Архангай аймгийн Хашаат сумын нутаг Хөшөө Цайдам хэмээх газарт буй Билгэ хааны \735 он\ онгон, Культегины \732 он\ онгон, Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт буй Онгийн голын дурсгал буюу Эльтэрэс хааны  онгон \731-732 он\, Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дахь Их хөшөөтийн дурсгал буюу Кули-Чурын онгон \742-745 он\, Налайхын орчимд буй Тоньюкук сайдын онгон  \720-иод он\, Архангай аймгийн Хайрхан, Булганы Баян-Агт сумдын зааг нутагт буй Шивээт Улаан  \682-683 он\ зэрэг нарийн зохион байгуулалттай, олон хүн амьтны дүрс бүхий сүрлэг том дурсгалуудыг нэрлэж болно.

Түрэгүүдийн хамгийн гайхамшигт ололт бол Орхон-Енисейн бичиг хэмээн алдаршсан 38 үсэг бүхий авианы бичиг буюу руни бичгийг зохион хэрэглэж, төр улсынхаа түүхийг тэмдэглэн бичиж үлдээсэн явдал явдал юм.Түрэгүүд хэдийгээр Нангиад мэт эртний өндөр хөгжилт улс оронтой хөрш зэргэлдээ нутаглаж явсан боловч хятдын дүрс үсгийг авсангүй, харин нүүдэлчдийн ахуй орчин, хэлний өвөрмөц онцлогт яв цав нийцсэн өөрийн бичиг үсгийг зохиож хэрэглэж байжээ.

Одоо Монгол нутагт Орхон-Енисейн бичээсээр бичсэн их бага хэмжээний 50 гаруй бичээс илрэн олдож бүртгэгдээд байгаа бөгөөд эдгээрийн дунд алдарт Орхоны бичээснүүдээс гадна Тоньюкукын хөшөө, Онгийн голын хөшөө, Их хөшөөт буюу Кули-Чурын зэрэг хөшөө чулууд бий.


Мөн Монгол нутагт эдүгээ нийт 500 гаруй хүн чулуун хөшөө  илрүүлэн олж бүртгээд байгаагийн 400 гаруй нь түрэгийн үед хамаардаг гэх ба цаашид ч шинээр нэмэн олдох боломжтой хэмээн эрдэмтэд үздэг байна.

10.17.2014

Хазара монгол

Хазарачууд нь төв Афганистаны уулын бүс болон Пакистан, Иранд оршин суудаг  ба тэдний хазаражат нь хэлийг түрэг монгол элемент давамгайлсан перс хэлний өвөрмөц нутгийн аялгуу гэж үздэг.

Хазарачуудыг монголын эзэнт гүрэн 14-р зуунд задарснаар Монгол цэргүүд болон тэдний гэр бүлүүд энэ нутагт суурьшиж, нутгийн ёс заншилд тохируулан амьдарсаар ислам шашинд орон уусан хувирчээ гэж үздэг.

Мөн Чингис хааны  довтолгооноос дүрвэсэн Төв Азийн нүүдэлчин монголын нэг овог Бамиянд нүүдэллэн ирсэн гэх ба энэ нь Чингэс хааны байлдан дагуулалтаас нэлээд өмнө Хазара Монголчууд төв афганистанд ирсэн гэх үзэл.  Ямар ч нүүдэл суудал байсан хазара нар  Монгол нутгаас нүүж очсон Монгол аймгийн үр сад болно.

Монголчууд тэр үед мянгат маянгатаараа тасралтгүй түрж ирж байсан тул персүүд монголчуудыг өөрсдийн хэлээр хазара буюу мянгат хэмээн нэрлэжээ. Баруун өмнөд ази дахь монгол цэргийн гол хүч энд афганд л төвлөрч байжээ.

Лев Николаевич Гумилёв “Этногенез и биосфера земли” номондоо афган дахь жинхэнэ монголчуудыг хазара гэх болсон хэмээн бичсэн байна.  Мөн өөрийн хэд хэдэн бүтээлдээ хазара нарын тухай “Олон орныг эзэлсэн монгол цэргүүдийн удам жишээ нь хазарачууд тэдгээр орнууддаа монголын эзэнт гүрний байлдан дагууллын ул мөр болон хоцорчээ” “Иран дахь монголчууд 1295 онд ислам шашинд орсон бөгөөд тасралтгүй үргэлжлэх дайн дажнаас шалтгаалан тэд буцаж чадаагүй. Тэдний хойч үе болох хазарачууд  Афганд амьдарч байна” гэх зэргээр бичжээ.

18 зууны дунд үе хүртэл хазарачууд өөрсдийн засаглалтай байсан ба 1747 онд Пуштун нар улсаа байгуулснаас хойш тэдний хоорондын тэмцэл эхэлж Абдурхман хаан ширээнд сууснаар хазара нарын хүчийг сулруулж улмаар тэднийг өөрийн захиргаанд оруулах бодлогыг идэвхтэй явуулж эхэлжээ. Абдурхман 1892 он гэхэд хазарстан нутгийг бүрэн эрхшээлдээ оруулсан гэгддэг ба хазара хүмүүст онцгойлон дааж давшгүй алба татвар оноож нутагт нь цэргээ оруулан байнгын зэвсэгт хяналтанд оруулжээ.

Мөн Пуштунчууд Хазара нарын овгийн удирдагчдыг баривчлан хорьж тарчлаан устгаж,тэднийг эр эм  өтгөс нялхас гэлтгүй харгислан хороож, эмсийг бузарлаж, үндэстний хувьд устгах ажиллагааг эрчимтэйгээр явуулж эхэлжээ. Абдурхманы харгислал хазара нарын 60 гаруй хувийг устгсан гэх ба тэсэхүйеэ бэрх болсон хазарачууд 1892 онд гурван жил гаруй бослого хөдөлгөөн өрнүүлэн өөрсдийн төлөө тэмцсэн ба бага зэрэг эрх мэдэл олж авч байжээ.

Зөвлөлтийн үед хазара нарт арай зөөлөн эерүү байсан гэдэг ч талибууд засагт гарснаас хойш хазара нарын эсрэг дайн тулаан өрнүүлж тэднийг дахин хомроглож эхэлжээ.


Ямартаа ч афганы өндөрлөг уулсын дунд одоо ч бэсүд, найман, хэрэйд гэх монгол овгоо хадгалж үлдсэн, үгсийн сандаа олон монгол үгийг шингээж үлдээсэн өөрсдийгөө Чингисийн цэргийн үлдэгдэл хэмээн баярлахдаа баярлан, гунихдаа гунин суух хөх монголын минь тасархай  хазарчууд зовлон бэрхийг туулан амьдарч сууна даа.

10.13.2014

Нирун монголын Шэлүнь буюу Жарун хаан

394 оны vед Жужаны өрнө хэсгийн тэргүүний хүү Шэлүнь Нируны ноёдоос авхаалж самбаа, арга ухаанаараа товойн тодорч газар нутгаа өргөтгөх, хүч чадлаа бэхжүүлж явсаар 402 онд өөрийгөө “Жужан Дэудай хаан” хэмээн зарлаж  тэр үеийн уйгар угсааны Гаогюй нарыг бүрмөсөн эзлэн авч, баруун  хойд хятадын нэг хэсгийг ноёрхон тангадын Цян улстай найрсаг харилцаа тогтоон Тоба вэй улсын түрэмгийллийн эсрэг тэмцэлдээ түүнийг өмөг түшиг болгох эх суурийг тавьж, гадаад байдлаа бэхжүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээ аван, улсынхаа цэргийн хүчийг шинэчилж, нутаг дэвсгэрээ өргөтгөхийн хамт төрийн байгууламждаа нүүдэлчдийн уламжлалт  тогтолцоог нэвтрүүлж эхэлжээ.

Шэлүнь хааныг түүхэнд Шэлүнь, Жарун, Жужан Дэудай гэж янз бүрээр тэмдэглэсэн байдаг. Дэудай гэдэг нь давхилт дундаа харваач гэсэн утгатай үг хэмээн эрдэмтэд тайлжээ.

Түүний тогтоосон хуулиар мянган хүн нэг хороо болж нэг тэргүүнтэй, зуун хүн нэг туг болж нэг даргатай байхаар тогтжээ. Мөн дайсанд түрүүлж довтлон орогсод нь олзны хvн, эд зүйлсийг бусдаас урьтан авч байх, дайн тулааны vед айж ухарсан хүний толгойг чулуугаар хага цохих буюу шийдмээр нүдэж алах журамтай болжээ.
   
Нируны  хааны эрх мэдэл үлэмж, түүний нэгдсэн захиргаан дор эрх мэдэл бүхий захиргаа цэргийн эрэмбэ дараалсан албан тушаалтнууд ажилладаг байлаа. Хааныг дээд тэнгэрээс заяат төрсөн гэж үзэх ба хаад нь  “Хутагт”  ”Зөв”  ”Тэнгэрийн” гэх мэт өргөмжилт цол хэрэглэж байснаас  гадна  “Ашид амгалан” ”Машид тvвшин”  ”Машид тайван”   ”Мандан бадрах” ”Мөнхөд энх” гэх зэрэг  оны цол хэрэглэж байжээ. Тийнхүү нvvдэлчдийн дундаас Нирун нар анх удаа хаан цол болон оны цол хэрэглэсэн нь хойшид уламжлагдсан байна.

Хаад нь төрийн дотоод, гадаад бодлогын бүх хэргийг үндсэнд нь дангаараа шийддэг онцгой эрхтэй байснаас гадна нэн шаардлагатай үед л ноёдын хурилдай хуралдуулан шийдвэр гаргадаг байжээ.

Шэлүнь хаан 410 онд  дүү нарынхаа ордны эргэлтэд эрх мэдлээ алдан баруун зүг нүүсэн бөгөөд түунийг Нирунчуудын хүчирхэг аймгууд дагалдан гарч  VI зууны үед Ижил мөрний хөндий хүрээд “Авар” хэмээн нэршсэн монгол язгуурын хаант улсаа байгуулсан байна.

Аварууд улам цаашлан хуучин Атиллагийн хүннү улсыг орлон Дунай мөрөнд суурьшсан бөгөөд Австри хүртэл өргөн их нутгийг эрхшээлдээ оруулж, IX зууны сүүлч хүртэл Монгол нүүдэлчдийн нэр сүрийг өрнө дахинд үзүүлсээр байв.

10.12.2014

Нирун монгол

Тоба вэй улсын цэргүүд умраас үс хөмсгөндөө баригдсан нэгэн эрийг барьж Мугулюй буюу Монгол хэмээн нэрлэн өөрсдийн  боол болгожээ. Хожим өөрийн хүчээр боолоос чөлөөлөгдсөн Мугулюй  цэрэг дайчлагаас зугтаж говийн хойно гарч 330 оны үеэс өөрийн харьяат ард иргэдтэй болж эхлэв. Мугулюйн хүү Чэлухуй  эрэлхэг дайчин эр тул аймаг олноо удирдан өөрсдийгөө Нирун гэж нэрлэж, өвөл болохоор говиос урагш гарч, зун болохоор говиос хойш нүүн нутаглах болжээ. 

Жужан буюу нирунчууд бол Монгол нутагт төвлөрч төр улсаа байгуулан Азийн түүхэнд гүн мөрөө үлдээсэн өвөг монголчууд минь билээ. Нирун улс оршин тогтносон 200 орчим жилийн түүхэндээ Мугулюйн угсааны 23 хаан ор залган суусан байдаг бөгөөд хил хязгаар нь зүүн өмнө Солонгос, баруун талдаа Хар сайр, хойшоо Байгаль нуур, өмнө талдаа Их элсэн говьд тулж байлаа. 
Нирунчууд урьдын нүүдэлчдийн хэрэглэсээр ирсэн аравтын тогтолцоонд улсаа оруулж, цэрэг захиргааны шинжтэй хуулиудыг тогтоож ер нь соёлын хөгжлөөрөө өмнөх нүүдэлчдээсээ илүү хөгжингүй байсан ба хожим нь бурхны шашин ч дэлгэрч бүр төрийн шашны хэмжээнд хүрч байжээ. Нирунчууд Tатар хааны үед  их хүчирхэг байсан тул зарим хөрш улсууд Нирун улсыг датань, татар гэж нэрлэх болжээ.
Нирунчуудын өмнөд хөрш монгол угсааны Тоба вэй улс өөрсдийн оршин тогтносон 130 гаруй жилийн дотор  Нирун улсыг их бага цэргээр 22 удаа довтолж байсан бол Нирун улсаас Вэй улсыг 402-523 он хүртэлх 121 жилийн дотор 27 удаа довтолсон байдаг. Энэ хоёр улс хоёул монгол угсааных бөгөөд Нируны хаан Амгай Тобагийн хаанд “Манай хоёр улсын өвөг дээдэс нэг гаралтай тул” хэмээн айлдсан байдаг. Харин Тоба вэй улс говийн өмнө оршиж байснаа хойд хятадыг нэгтгэн яваандаа хэт нангиадын сурталд автагдан задарч хуваагдан уусчээ.
Нирунчууд  нүүдэлчдийн уламжлалт "шаньюй" цолыг "хаган" цолоор сольсон ба нируны хаад хаан ширээг үе улиран залгамжилдаг ба гол төлөв хүү нь залгадаг тогтсон ёстой байв.
Жарун хаан 410 онд ач дүү нарынхаа ордны эргэлтэд эрх мэдлээ алдан баруун зүг нүүсэн бөгөөд түүнийг Нирунчуудын олон хүчирхэг аймаг дагалдан эх нутгаасаа гарсан нь  6 дугаар зууны үед Ижил мөрөн  хүрээд Авар хэмээн нэршсэн монгол язгуурын хаант улс байгуулан улмаар цаашлан, хуучин Атилла хааны Хүннү улсын замаар Дунай мөрөнд суурьшсан бөгөөд Австри хүртэлх өргөн их нутгийг эрхшээлдээ оруулж 9 дүгээр зууны  сүүлч хүртэл монгол нүүдэлчдийн нэр сүрийг дахин өрнө дахинд зарлан тунхаглаж явав. 

Төв Азидаа үлдэн Жарун хааныг залгасан Хулюй хаан удалгүй цөлөгдөж хаад солигдсоор Татар хааны үед хүрч 460 онд Турфаныг довтолж ашина овгийн 500 өрх төмөрчдийг олзлон авч Алтайд суулган төмрөөр алба авах болсон нь хожим нь тэд 552 оноос бусад түрэг аймгуудаа нэгтгэн манлайлж Нирун улсыг эсэргүүцэн босч улмаар 555 онд Нирун төрийг унагажээ.


10.05.2014

Таньшихуай хаан

Монгол угсааны хүчирхэг хаадын нэг Таньшихуай бол Сяньби буюу Сүмбэ улсыг байгуулж улмаар Сүмбэ нарыг төв Азид гайхамшигтайгаар мөнхөлсөн их хаан билээ. Таньшихуай Хүннүгийн цэргийн жанжин байсан Сүмбийн  зүүн этгээдийн цэргийн ноён Толухоугийн  гэрт 141 онд төржээ

15 настайдаа Таньшихуай бие бялдар том, сэргэлэн, чадал ихтэй, зоригтой нэгэн болж төлөвшсөн ба хүмүүс түүнийг гайхан бишрэх болжээ. Таньшихуайн түүхэнд их эзэн Чингис хааны түүхтэй адил нэгэн үйл явдал тохиолдсон байдаг нь аймгийнх нь адуу малыг дээрэмчид хөөж явахад ганцаар араас нь хөөж очин адуу малаа эргүүлэн авчирсан гэдэг.

Энэ нь түүний нэр хүндийг ихэд өргөн 156 онд Сүмбэ нарын толгойлогч болсон бөгөөд Сүмбэ нь 200 орчим том жижиг овгоос бүрдэж байсан ба зарим нь ямар ч эсэргүүцэлгүйгээр Таньшихуайд дагаар оржээ.

Таньшихуай ийнхүү нэн хүчирхэгжиж аян дайн хийх бололцоотой болсон байна. 156-173 оны хооронд Таньшихуай  өмнө зүгт нанхиадын  хилд  цөмрөн, умардад Динлин аймгуудын довтолгооныг няцаан, баруун зүгт Усунь нарыг бут цохижээ. Сүмбэчүүд  өмнөд Сибирийн ихэнх хэсгийг эзлэн авч, Тарвагатайн нуруу, Солонгосын хойг хүртэл давшжээ. 

177 онд нанхиадын  зүгээс гурван замын цэрэг хөдөлгөн Сүмбийн эсрэг аян дайн хийсэн боловч амжилтгүй болж, улмаар Хятадууд цэргийнхээ ихэнхийг  алдан ухарсан байна. 

Таньшихуай өөрийн улсыг гурван гарт хувааж, 12 их толгойлогч томилж хүннү нарын эзэгнэж байсан өргөн уудам нутгийг цөмийг түвшитгэн, дорноос өрнө зүгт 14000 гаруй газар (7000 орчим км) үргэлжилсэн нутгийг эзлэн авч маш хүчирхэг улсыг бий болгожээ.   


Таньшихуай хаан 181 онд нас барж түүнийг хүү Хэлань нь залгасан ч аль ч талаараа аавын зэрэгт хүрэхгүй сул дорой нэгэн байв. Эндээс Сүмбэ улс задран суларсан ч Азийн зүрхэнд 100 гаруй жил оршсоор байлаа.