9.28.2014

Монголчууд ба нүүдэлчдийн өв уламжлал

Монгол гэж нэрлэгддэг энэ улс, монголчуудын тухай дэлхий ертөнц мэддэг болохоос бүр олон зуун жилийн өмнө нүүдэлчдийн уугуул эх орон байжээ. Дэлхийн бөмбөрцгийн умард хагасын Унгараас ойн зурвасын өмнө орших Манжуур хүртэл үргэлжилсэн тал нутгийн онцгой зурвас бүсэд энэ орон хамаарна. Урд талаас нь дотоодын тэнгисүүд ч биш, уул нурууд ч биш, гагцхүү Ордосын говь цөл, Шар мөрний дунд бие дэх хятадын тариалангийн бүс нутаг хязгаарлаж байдгаараа өрнөдийн тал нутгаас энэ газар орон ялгаатай юм.

Умард хятадын оршин суугчид болон монголчуудын хооронд бие бялдрын ялгаа нэг их байдаггүй боловч соёлын хувьд өнө эртнээс ихээхэн ялгаатай байв. Үүний нэг жишээ нь тэдний хэл яриа бөгөөд монгол хэл бүрэлдхүүнд нь багтдаг алтай язгуурын хэлтэй адил төстэй зүйл хятад хэлэнд өчүүхэн ч байдаггүй.

МЭӨ хоёрдох мянганд нүүдэлчид тогтмол, ялангуяа дайн дажны үед морьд унах болжээ. Харин МЭӨ 1000 жил гэхэд морьтон эрс бүхий л тал нутаг даяар тархсан билээ. Дугуйт тэргээ орхиж морьт  цэрэгтэй болохоос өөр аргагүй байдалд хятадуудыг оруулсан морьтонгуудын талаар МЭӨ 400 он гэхэд хятад сурвалжуудад дурдах болсон байна.

МЭӨ 300 оны эцсээр Цин улсын халааг авсан Хан улс Шаньюй хэмээх удирдагчдаа захирагддаг хүннү сүннү аймгуудын холбоо гэдэг хүчирхэг өрсөлдөгчтэй болжээ.Олон олон нүүдэлчид түүний дотор монголчууд ихээхэн хэмжээгээр өвлөн авсан соёлын уламжлалын үндсийг хүннү нар тавьсан байна. Тэд цэргээ 10000 буюу нэг түмт болгон зохион байгуулж улмаар мянгат, зуут, аравт болгон хуваадаг байжээ.

Дайн байлдааны үед хүннү нар морины давхиан дунд нумаар харвадаг байсан бол тайван цагт хийх юм багатай, хятадууд тайван цагт ажилладаг, харин дайн байлдааны бэлтгэлгүй байсан тухай хятадын түүхчид бичдэг. Нүүдэлчид мах идэж, сүү уудаг, мал амьтдын арьс ширээр хийсэн хувцас өмсдөг байжээ. Тэд хятадуудаас үр тариа торгоор алба авдаг, тэр нь хангалттай биш байвал тариалсан талбайг нь морьдоороо гишгэчүүдэг байж.

Умард хятад нэг хэсэг үе хүннү, түрэгийн таба, 937 онд Ляо улсыг үнэдэслэсэн монгол кидан, кидан нарыг шахан түрж 1135 онд Цин улсыг үндэслэсэн тунгусын зүрчид нарын эрхшээлд орж байлаа. Гэхдээ монголчууд дараа нь манж нар хятадыг эзэлсэн шиг тэдгээрийн хэн нь ч энэ орныг бүрмөсөн эрхшээлдээ оруулан захирч чадаагүй юм.

Монголчуудаас өмнө тал нутагт хамгийн лут хүч нь хятадын Тан улстай ана мана байсан МЭ 6-7 зууны үеийн түрэгийн янз бүрийн төр улсууд байлаа.  Түрэгийн нөлөөний гол төв нь говиос хойш Сэлэнгийн нэгэн цутгал Орхон голын сав газарт монголчуудын нийслэл Хархорин хавьцаа байжээ. Тэдний цэргүүд ч бас мянгат, зуут, аравтад хуваагддаг хаад нь өөрсдийгөө мөнх тэнгэрээс заяагдсан хүмүүс, тиймдээ ч нийт нүүдэлчдийн удирдагч гэж тооцдог байсан нь Орхоны хөндийгөөс олдсон эртний бичээсээс илт байдаг.

Өөрсдөд заналхийлж  эхлэхээс  бүр хэдэн зуун жилийн өмнө л хятадууд монголчуудын талаар мэддэг байжээ.Тан улсын зургадаар зууны түүхэн он дараалалын бичигт нийтэд нь Шивэй гэж нэрлэдэг байсан умардын бусад оршин суугчдын дундаас тэднийг ялган Мэн-у хэмээдэг байжээ.


Жинхэнэ буюу язгуурын монголчууд гэдэг нь түрэг болон бусад угсаатнуудаас ялгахын тулд монголчууд хэмээн нэрлэдэг угсааныхан байлаа. Тэд дотроо овог аймгуудад хуваагддаг ч өөр хоорондын ялгаа, харьцааг мэдэх аргагүй байдаг.

Аль ч монгол аймгийн үндсэн нэгж нь эцгийн удмыг дагасан овог байсан. Нэг дээд овгоос гаралтай овгуудыг ойрын буюу төрлийн хэлхээтэй гэж үзэн хоорондоо гэрлэхийг хориглодог байлаа. Овгийн хүн болгон заавал садан төрлийн хэлхээтэй байсангүй, харь гарлын олзны зарц боолууд ч байх ба тэднийг өтөл боол гэнэ. Овгууд нийлж “ястан” болох ба өөр өөр ясны овгууд тохиролцон хоорондоо гэрэлцгээдэг байжээ.

Мөн янз бүрийн овгууд нийлж аймаг болно,  аймгууд нийлж улс болно. Бүхэл бүтэн овгууд болон аймгууд нутаг бэлчээрийнхээ хамт өөр бусад овог юмуу аймгийн эрхшээлд захирагдах явдал ч байжээ. Ийм тохиолдолд тэд унаган боол нэр авна.

Тэр монголчуудын ахуй амьдрал нь туйлын энгийн байжээ. Тал нутгийн нүүдэлчин монголчууд үхэр, хонь, ямаа болон улам үржин өсөж байсан адуун сүргээ арчилж малладаг байсан. Хуурай гандуу нутаг орны монголчууд бас тэмээ өсгөж үржүүлдэг байжээ. Тэд цөм тал нутагт амьдардаггүй зарим нь ой хөвчөд оршин суудаг байсан аж. Бүх л монголчууд гарамгай анчид байсан...

Э.Д.Филлипис “Монголчууд” номноос хэсэгхэн...

No comments:

Post a Comment