2.28.2014

Тэхийн зогсоол

Тэхийн зогсоол  /Б.Явуухулан  1969 он|


Тээр жилийн тэр нэгэн өвлийн
Өнтэйг яана!
”Тэхийн зогсоол” гэдэг тэр оргилын
Өндрийг яана!
Хүрэн уулсын буйд мухар
”Хүүш” нэртэй
Хүрэхэд хол ч өвөлжихөд нөмөр
Хөх бууцтай.
Хүрэн уулсыг халуун намраар
Аав минь зорив
”Хүүшийн” өвөлжөөнд гурван гэрээр
Айл өвөлжив.

Өвөлжөөг хүрээлсэн уулсын оргил
Бүгд өндөр
Өндрийн дундаас
”Тэхийн зогсоол”
Бүүр ч өндөр!
Өвөлжөөнд буугаад аав, хэсэг зуур
Ан хийв
Өвөлд бэлдээд айлууд, хэсэг зуур
Ажил хийв.
Өнтэй жилийн тэр нэгэн өвлийн
Дулаахныг хэлэх үү
Өвс цас тэгшхэн ууланд өвөлжихийн
Тухтайг хэлэх үү
Говийн ууланд жам ёсоороо
Хавар ирэв
Гол бараадаж гурван гэрээрээ
Нүүх болов.
Нэгэн өглөө аав минь намайгаа
Гаднаас дуудав
Нэг нүдний сунадаг дурангаа
Гарт бариулав.
-”Тэхийн зогсоол” дээр юу байна вэ?
-Сайн хар! гэв
Тэгж хэлснийхээ жаахан хойно
Санаа алдав.
”Yзүүр нь гурвалжин, үүлэнд шүргэх
Оргил харагдав
Yүрээ манан өндөрт эргэх
Бүргэд харагдав.
Дэргэдэх оргил нь илээд авахаар
Ойрхон байв
Дээрх тэнгэр нь нүдэнд торохоор
Yүлгүй байв”
-”Тэхийн зогсоол”  дээр хараагаа тогтоо! гэж
Аав минь хэлэв
Тэрүүн дээр нэг амьтан бий, ол доо гэж
Ахин хэлэв.
Өвөлжин харагдаж нүдэнд дассан
Оргил үзэгдэв
Орой дээр нь эвэр нь сэрийсэн
Янгир харагдав.
Хангайн сайхан амьтныг үзээд
Би баясав
-Харлаг тэх зогсож байна! гээд
Бараг хашгирав.
Аав минь дуугүй, тамхиа сорсоор
Гэртээ оров
Айлын хүмүүс янгирын сургаар
Манайд цуглав.
Цайгаа ч уухгүй аав минь тэгээд
Хэсэг суув
Цаанаа л гунигтай хоолой засаад
Ингэж ярив:
-Мөнгөн оройт уулсын хишгийг
Их хүртлээ
Мөнхийн зогсоолдоо зогссон янгирыг
Анх үзлээ.
”Ямаан усанд” ноднин байсан
Тэх мөн байна
Яах аргагүй зогсоолдоо зогссон
Тэх мөн байна.
Төрсний эцэст үхнээ гэдэг
Амьтны ёс оо!
Төрсөн нутгаа орхиноо гэдэг
Амаргүй даваа!
Янгир өтлөхөөрөө эврээ даахаа
Больдог юм гэнэлээ
Янгирын сүргээ гүйцэж чадахаа
Байдаг юм гэнэлээ.
Эхээс төрсөн ууландаа эргэж
Ирдэг юм гэнэлээ
Эхээс унасан газраа олж
Хэвтдэг юм гэнэлээ.
Насныхаа эцэст оргил өөд мацаж
Гардаг юм гэнэлээ
Нартад түүнийг нь
”Тэхийн зогсоол” гэж
Нэрлэдэг юм гэнэлээ.
Өндөр оргил дээр олон хоног
Зогсдог юм гэнэлээ
Өнгөрүүлсэн амьдралаа эргэж нэг
Хардаг юм гэнэлээ.
Умдалдаг ариухан усаа үзэж нэг
Баярладаг юм гэнэлээ
Идээлдэг сайхан бэлчээрээ харж нэг
Баясдаг юм гэнэлээ.
Ижил олон сүргээ эцсийн удаа
Yздэг юм гэнэлээ
Эх болсон нутгаа сүүлчийн удаа
Хардаг юм гэнэлээ.
Өндөр оргилоос эвэр нь дийлээд
Хальдаг юм гэнэлээ
Өнгөт орчлонгоос нэг нь тэгээд
Дутдаг юм гэнэлээ.
Аавын яриаг хүн бүхэн
Дуугүй чагнав
Айлын эмээ янгирыг өрөвдөн
Нулимс унагав.
Тэрнээс хойш аав минь нэг л
Зовиуртай болов
Тэр өвөлжөөнөөс хэсэгтээ нэг л
Нүүхээ байв.
Гурван гэрийн хонины ээлж
Дороо эргэнэ
Гуравхан хоногт манай ээлж
Эргээд ирнэ.
-Өндөр өөд хонио бүү билчээ! гэж
Аав минь захина
Өглөө болгон л гаднаа сууж
Оргил дурандана.
”Хүүшийн” өвөлжөөнд чандмалж буусан
Гурван айл!
Хүмүүсийн харааг өөртөө татсан
Гурвалжин оргил!
Цэнхэр тэнгэрт эвэр нь сэрийсэн
Харлаг тэх!
Чанх дээр нь өдөржин эргэсэн
Хүрэн бүргэд!
Ийм л зураг олон хоногоор
Аавд минь харагдав
Энэ л зураг олон хоногоор
Өвөлжөөнд суулгав.
Нэгэн өглөө оргилыг дурандаад
Аав орж ирэв
Нэг харахнаа баяртай мишээгээд
Цайгаа ууж суув.
-Яг л ёсоороо хальж дээ хөөрхий! гэж
Аав минь ярив
-Яамай даа яамай, хөөрхий минь! гэж
Ижий өрөвдөв.
Маргааш өглөө нь гурван гэр маань
Эрт ачаалав
Манарсан бууцнаас хүн, мал маань
Зэрэг хөдлөв.
”Тэхийн зогсоол” оргилыг аав минь нэг
Эргэж харав
-Төрсөн нутаг минь! гэж эцэг минь нэг
Өөртөө хэлэв.
Тээр жилийн тэр нэгэн өвлийн
Уртыг яана!
”Тэхийн зогсоол”  гэдэг тэр оргилын
Өндрийг яана!   



2.27.2014

Шороон бумбагар бунхан

Шороон бумбагар бол эртний нүүдэлчдын том язгууртны бунхант булш бөгөөд манай археологичид  монгол нутгаас хоёр бунхан олж илрүүлэн малтан шинжилсэн байдаг.
Эхнийх нь Төв аймгийн Заамар сумын  Шороон бумбагар.  2009 онд Орос Монголын археологичид энэ өвөрмөц дурсгалыг илрүүлэн малтлаг хийсэн байна. Түрэгийн үед хамаарах энэ бунхныг эрдэмтэд Уйгарын Пугу аймгийн удирдагчийн бунхан гэж тогтоожээ.  Тухайн үед газрын хөрснөөс доош 6 метрийн гүнд байсан эл бунхны доторх эд зүйлс нэлээн хуучирсан байжээ. Пугу аймгийн эзний бунханд модоор сийлсэн даавуу торгон хувцастай хүүхэлдэйнүүд, гартаа таяг барьсан өндөр хамартай эрэгтэй хүн болон загас, адуу, үхэр, тэмээ, хонь, гахай, хүн цээжтэй шувуу бөгстэй амьтан, шувууны дүрс байжээ. Түүнчлэн хятад бичээстэй хүрэл зооснууд гарчээ.
Бунхныг илрүүлэхэд эл бунхныг хэдийн тонуулчид ухаж, олдворуудыг эвдэж сүйтгэсэн байсан тул газрын чийгний нөлөөлөлд даавуун эд зүйлс нь өмхөрч өгөршин, түүхий шавраар бүтээсэн зүйлс нь задарч бутарсан байна. Гарсан олдворуудыг Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хүлээлгэн өгчээ.
Хоёрдох нь Булган аймгийн Баяннуур сумын Улаан хэрмийн Шороон бумбагар. Энэ бол тонуулаагүй бүтнээрээ олдсон Монголдоо төдийгүй Азидаа ганц хосгүй олдвор. Түрэгийн үеийн энэ бунхныг манай археологичид нээн судалж казакуудтай нийлж 2011 онд малтсан ба эл бунхны үүдэвч буюу орох хонгил нь 42 м урт, 180 см өргөн 7м гүн бөгөөд хонгилын хоёр хананд 40-өөд тооны өнгө ялгаж зурсан зурагтай. Ийм хананы зурагтай бунхан урд зүгт байдаг гэх ч бүтнээрээ олдсон нь үгүй.
 Бунханд орох модон хаалгыг чулуугаар даруулсан харин доторх гурван хаалга нь цоожтой, түлхүүр нь гадна хаалгандаа зүүлттэй байсан ба түлхүүрээр нь нээн дотогш орсон байна. Бунхны баруун талд том модон авсанд толгой талд нь алтан эдлэлийг тавьж түүний доор талийгаачийн чандарыг байршуулж доор нь алт, мөнгөн зоосыг тавьсан байж. Титэм байж магадгүй гэмээр алтан эдлэл ч гарч. Ер нь 300 гаруй олдворыг олж Хархорины музейд шилжүүлжээ.

Одоогоор хэний бунхан болохыг хэлж чадахгүй ч хаан, хааны дараа орох том язгууртны бунхан болох нь илэрхий. Эндээс гарсан алтан зоос гэхэд 610-630 онд Туркийн Истанбул хотод цутгасан зоос байх ба Хятадын эд барааны зүйлс ч гарч ирж. Мөн Энэтхэг хээ, Төвдийн эд зүйлс ч байж.

2.25.2014

Чингис хаан Ази Европыг донсолгосон нь

Жавахарлал Неру “Ертөнцийн түүхийг сөхвөл” номноос хэсэгхэн.
Ер нь монголчуудын очсон газар бүхэнд хуучин дэглэм эцэс болж байсан юм. Нийт Ази төдийгүй Европын хагас монголын нүүдэлчдийн эрхшээлд орсон байлаа. Монголчууд үнэхээр гэнэт сүр хүчтэй болсон. Тэд монгол нутагт байсан олон аймгуудын нэг жижиг хэсэг л байсан бөгөөд тархай бутархай байсан аймгууд нэгдэж Их хаан хэмээн нэгэн толгойлогчийг сонгож түүнд үнэнчээр зүтгэхээ андгайлан тангарагласан байна.  Монголчууд тэрхүү хаанаараа толгойлуулан Бээжин рүү хөдөлж Алтан улсыг эцэс болгожээ. Тэд өрнө зүг рүү хөдөлж зам зууртаа тохиолдсон том том вант улсуудыг арчиж цэвэрлэж байлаа. Тэд Орос руу очиж мөн тэднийг эзэлсэн байна. Хожим нь тэд Багдадыг эзэнт улсынх нь хамт газрын хөрснөөс арчин үгүй хийж цааш Польш ба төв европыг чиглэн оджээ. Тэднийг хэн ч зогсоож чадсангүй. Энэтхэг орон зөвхөн тохиолдлоор л аврагдсан байлаа. Энэ бол хүн ер яаж ч чадахгүй газар хөдлөлт адил байгалийн асар их гамшиг мэт зүйл болсон юм.
Тэд бол их тал нутагт эсгий гэрт амьдран суудаг хал дол үзэж эрэгтэй эмэгтэйгүй бядлаг тэнхлүүн болсон Монголын нүүдэлчид байв. Тэдний толгойлогч нь Чингис хаан гэж алдаршсан тэр хүн билээ. Жинхэнэ нэр Тэмүжин. Арван настай хүүхэд байх үед түүнд туслах хэн ч байгаагүй боловч шаргуу тэмцэж алхам алхамаар ахисаар монголчуудын их хуралдайгаар Их эзэн хаанд өргөмжлөгджээ.
Чингис залуугийн аагаар Азийг дайрсангүй гэдгийг санагтун. Тэр бол дунд эргэм насны их хашир болгоомжтой бүтээх гэсэн хэргээ урьдаас сайтар бодож бэлтгэсэн байв. Монголчууд тооны олноор биш харин сахилга зохион байгуулалттай байсны хүчинд тулалдааны талбарт их ялалт хийж чадаж байжээ. Бас Чингисийн цэргийн гахамшигт урлагийн хүчээр ялалт байгуулж чадсан байна. Чингис бол түүхэнд гарсан цэргийн суут ухаантан жолоодогч эргэлзээгүй мөн. Түүний дэргэд Александр Македонский, Цезарь хоёр юу ч биш мэт.
Чингис байлдан дагуулах аяндаа маш хянуур бэлтгэсэн байв. Тэр өөрийн армийг ялангуяа морин цэргээ сургуулилан бэлтгэж, бас нөөц морьдоор хангасан байв. Тэрээр Умард хятад, манжуурт байсан Алтан улсыг бараг бүрмөсөн устгаж Бээжинг эзлэн авчээ. Бас Солонгосыг эзэлжээ. Харин өмнөд Сүн улстай үзтэл сайн харилцаатай байсан төдийгүй Алтан улсын эсрэг тэмцэхэд нь тусалж байж. Хожим нь Чингис Тангудыг дагуулжээ.
Энэ бүх ялалтын дараа Чингис амарч болох л байв. Тэр өрнөдийн орнуудыг эзлэн авъя гэж бодоогүй нь магад. Харин ч тэр Хорезм улстай найрсаг харилцаа тогтоохыг хүсэж байв. Гэвч тэр санаа нь биелсэнгүй.
 “ Бурхан хөнөөе гэсэн хүндээ ухаан заяадаггүй” гэж эртний латин цэцэн үгэнд байдаг. Хорезмын шах өөртөө үхэл дуудаж түүний төлөө хэрэгтэй бүхнийг хийсэн байв. Түүний нэг амбан сайд монголын худалдаачдыг алсан ажээ. Үүний дараа ч Чингис найрамдалтай байхыг хүсэж  элч илгээн амбаныг цээрлүүлэхийг шаардсан байлаа. Гэвч хар амиа бодсон тэнэг мулгуу, нэр төр хичээгч шах элчүүдийг доромжлон цаазаар авах тушаал өгчээ. Чингис үүнийг хүлцэн тэвчиж чадаагүй боловч тэр дороо яаран хөдөлсөнгүй урьдчилан сайтар бэлтгэж аваад дайчдаа дагуулан өрнө зүг хөдөлжээ. 1219 онд эхэлсэн тэр аян Азиар барахгүй Европыг шинэ аюулаар нөмөргөж замдаа тааралдсан хот тосгоныг арчин үгүй хийж өрнө зүг үерийн ус мэт цутган оржээ.

Чингис 1227 онд бие баржээ. Түүний эзэнт гүрэн Хар тэнгисээс номхон далай хүртэл улам өргөжин тэлсээр байлаа. Түүний эзэнт гүрэн хурдан үүсэн тогтсон шигээ тэгж түүнийг үхсэний дараа задран унаагүй юм. Перс арабын түүхчид Чингисийг  гайхан биширч “Бурхны ташуур” хэмээн нэрлэж байжээ.  

2.23.2014

Арван гурван хүрээний байлдаан

Чингис хаан Хамаг монголын хаан болоод дөнгөж бэхжиж байсан 1190 онд Жамуха өөрийн харъяаны арван гурван хүрээний цэргээр Далан балжудад Тэмүжиний харъяаны арван гурван хүрээтэй байлджээ.  Хамаг монголын хаан болох далд мөрөөдөлтэй Жамухын ичнээ санаанд гал нэмсэн нэгэн үйл явдал болсон нь түүний дүү Тайчир Чингисийн адуунаас хулгайлж яваад алагдсан нь энэ байлдааны шууд шалтаг болжээ.   Дүүгээ нас барсныг сонсоод Жамуха гурван түмэн цэрэг цуглуулж Алгугуд, Торхагуд уулыг давж Чингис хаанд халдахаар ирэв. Энэ чимээг Чингис хааны охин дүү Тэмүүлэний хүргэн Бутугийн эцэг ихэрэс овогт Нэхүн өөрийн хүүгээр дамжуулан Чингист дуулгажээ. Тэгээд Чингис өөрийн хүрээнүүдээс цэрэг цуглуулан зүүнш хөдөлж Далан балжудад Жамухын цэрэгтэй ширүүн тулалджээ. Энэ удаагийн байлдаанд Чингис хааны цэрэг дийлдэж хойш Ононы зүг Жаран Хавчигай гэдэг газар хүртэл ухарчээ.
Чингисийн арван гурван хүрээ бол
       1.   Өүлэн эх түүний төрхөм олхонуудууд
       2.Чингис хаан, хаан хөвгүүд хишигтэн нар
       3.Хабул ханы ах Сэм Сацул, түүний хүү Бүлтэчи баатар
       4.Сүйхэтү Чарбийн хөвгүүн Дэрэн, хонхотан нар
       5.Архай Хасар болон жалайр овогтон
       6.Жүрхэний Сац Бэхи болон түүний дүү Тайчу нар
       7.Бартан баатарын дүү Хутагт Мэнгүрийн хөвгүүн Бүри,Хутагт Мэнгүрийн дүү Хулан  Баатарын хөвгүүн их Чэрэн
       8.Бартан баатарын ахмад хөвгүүн Мэнгэтү Хиян, түүний хөвгүүн Өнгүр болон баягууд  овогтон
       9.Бартан баатарын отгон хүү Даридай отчигон түүний ах Нэхүн тайжийн хүү Хучир нар  10.Хотула ханы ахмад хүү Зүчи түүний харъяат нар
       11. Хотула ханы отгон хүү Алтан түүний харъяат нар
       12.Дахай баатар болон сүлдэс нар
       13.Хаду чоно, Өлөгчин чонын үр хойч Цагаан гуа болон нэхүс овогтон эл арван гурав болно.  
 Жамуха сэцэний арван гурван хүрээ бол
1.       Жамуха тэргүүтэй жадаран нар
2.       Таргудайн тайчууд нар
3.       Ихэрэс нар
4.       Начин баатарын хойчис Орогуд овогнууд
5.       МэнэнТодуны 2 дахь хүү Хачины хойчис  Ноёгин нар
6.       Тэмүжиний 8 үеийн өвөг Мэнэн Тодуны хойчис Барулас нар
7.       Бодончир мунхагийн хөвгүүн Бааридайн хойчис Баарин овогтнууд
8.       Хонгирадууд
9.       Татаар
10.   Бугу Хатагийн хойчис Хатигин нар
11.   Бухту Салжигийн хойчис Салжиуд нар
12.   Добу мэргэнийн ах Дува сохрын хойчис Дөрвөн нар
13.   Хонгирад аймгийн салбар  Горлосууд эл арван гурав билээ.


2.19.2014

Тэмүжин ба хонгирад

1170 он. Есүхэй баатар хүүгээ дагуулан Өүлэн эхийн төрхөм Тэмүжиний нагац олхонуд аймгаас бэр гуйхаар явжээ. Тэд замдаа Хонгирад аймгийн Дай сэцэнтэй тааралдан тэднийд хоноод маргааш нь охин Бөртэг гуйж сүй тогтоожээ.
Хонгирад бол эртний “Төрлигин монгол” аймгуудын нэг. Хонгирадын дээд өвөг ах дүү Зөрлөг  мэргэн, Хувайшар, Түсүбуд гурав. Ах зөрлөг мэргэн хоёр дүүтэйгээ таарамж муутай, нэг удаа уурлан дүү Хувайшараа харван ална гэсэнд дүү нь айгаад мориныхоо элгэн дор орж хэвтэж гэнэ. Ах нь өрөвдөөд эгэмнийх нь нүхээр харваж чихэнд нь ч шарх сорви гаргасангүй. Ингээд Зөрлөгийн мэргэн цол нь улам алдаршжээ. Хувайшараас хоёр хөвгүүн төрж түүний хойчис нь ихирэс, олхонууд овогтон болжээ. Түсүбудаас олон хөвгүүн төрж тэдгээрийн хойчис харнууд, горлос, элжигдэй зэрэг овогтон болжээ. Эдгээр бүгд хонгирадын салбар нахиа билээ. Хонгирад аймаг нь татаар аймгаас  өмнүүр байж хойд тал нь Эргүнэ гол, өмнөөш Халх голын хооронд нутаглаж байв. Алтан улсын үед хонгирад аймаг   хүчирхэг аймаг байсан ба 1196  онд Алтан улсын цэргийг бут цохиж байж.
Дай сэцэн гурван хүү нэг охинтой. Ахмад хөвгүүн нь төрийн нагац Алчи ноён. Хожим мянганы ноён болж гурван мянган хонгирад өрхөө захиран Чингист хүчээ өргөж явсан. Дунд хүү нь Ахудай, бага нь Це гэдэг. Бөртэ бол Дай сэцэний бага охин. Есүхэйг бэр гуйж байхад Тэмүжинээс нэг эгч арван настай байжээ.
Өвөр монголын эрдэмтэн Сайшаал нь түүхэн тэмдэглэлийг задалж үзээд монголчуудын бэр гуйх ёсыг ийнхүү өгүүлж байх юм. Нэгд охины гэрт хүрч нэг хоноод сая бэр гуйдаг юм байна. Шөнө хонож маргааш нь гуйваас гэж “Нууц товчоо” Лу “Алтан товч”-д тэмдэглэж буй. Хоёрт, нэг удаа биш дахин дахин гуйдаг юм байна. Дай сэцэн олонтоо гуйлгаж өгвөөс дээжлэгдэх, цөөнтэй гуйлгаж өгвөөс доромжлогдох гэжээ. Гуравт, сүй тогтоосон хойно хөвгүүнээ охины гэрт үлдээдэг эхийн эрхт ёсны үлдэгдэл бас байжээ. Дөрөвт сүй тогтоосны хойно хөвгүүний талаас охины талд ургийн бэлэг хүргэдэг юм байна. Есүхэй баатраас “за, худ бололцов” хэмээн хөвгүүн Тэмүжинээ үлдээж хөтөлгөө морио сүй тогтоосны бэлэг болгон өгч буцаж харьжээ.
Хонгирад болон “Нирун монголчууд” эртнээс аваад ураглаж ирсэн бөгөөд бас нэгэн сонирхолтой баримт бол “Юань улсын түүх”-ийн “Хатад татварын намтар”-т ... Хонгирадад охин төрвөөс хатан болгомой. Хүү төрвөөс гүнжийг  богтолмой. Энэ ёсыг үеийн үед тасалж үл болмой гэж зарлиг буулгаж байсныг тэмдэглэжээ.


2.18.2014

Хар зүрхний Хөх нуур

“Монголын нууц товчоо”-ноо гурвантаа дурсагддаг эзэн Чингисийн унаж босож явсан амьдралтай салшгүй холбоотой алдартай түүхэн газар.
Тэмүжин Сорхон шарын нэгэн гэрийн харамгүй дотно дэмжлэгээр дайсан тайчуудын гараас мултарч Онон мөрний эхээд явж Химурга горхины Бэдэр хошууны Хорцохой болдог гэдэг газар хүрч Өүлэн эх дүү нартайгаа уулзжээ. Дараа нь Тэмүжиний гэр Бурхан халдуны Өвөр Хүрэлх    дотор орших Сэнгүр горхины Хар зүрхний Хөх нуур гэдэг газар очиж нутаглаад тарвага зурам алж идэн амьдрав. Энэ бол эртнээс боржгон овогтны нутаг билээ...
Тэмүжин Есүхэй баатрын үед сүй тогтоосон Бөртэ үжинг авч  нутаг буцахад монгол заншлаар хадам эцэг эх ойр садныхан хамт явжээ. Гэтэл Хэрлэнгийн Ораг цөл гэдэг газраас Дай сэцэн гэдрэг буцсан байна. Нууц товчоонд ямар учраас буцсаныг тэмдэглэсэнгүй. Лу “Алтан товч”-д мариан халуун болж Хэрлэн өөд харив гэжээ. Гэхдээ сүүлийн үед эрдэмтэд Амбагай хааны өөрийн биеэр охиноо урагт хүргэж өгөхийг цээрлэсэн гэрээслэлийг биелүүлсэн гэх болж. Ингээд охиныг хүргэхийг Дай сэцний гэргий Цотан дааж аван Тэмүжиний нутаглаж байсан Сэнгүр горхины Хөх нуурт  хүргэж өгчээ. Энэ үед Тэмүжин хэдэн настай байсныг олонх баримт бичигт тэмдэглсэнгүй харин Саган сэцэний “Эрдэнийн товч”-д арван долоон насандаа буюу шар нохой жил\1178он\ Бөртэ үжинг авлаа гэж  тодорхой бичжээ...
Шаргачин тахиа жил буюу 1189 онд Тэмүжин хорин найман настай байсан бөгөөд түүний гэр нь Хэнтий ханы өвөрт Сэнгүр горхины Хар зүрхний Хөх нуурт нутаглаж байлаа. Түүнийг хүрээлэн дагаж байсан хамаг монголчууд зөвлөлдөөд Хотула хааны гутгаар хөвгүүн Алтан отчигон, Есүхэй баатрын ах Нэхүн тайжийн хүү Хучир бэхи, Бартан баатрын ах Охин Бархагийн ач хөвгүүн Сацэ бэхи нар төлөөлөн Тэмүжинд “Чингис хаан” цол өргөмжлөн эзэнгүй байсан Хамаг монголын хаан болгожээ.
Ийм сайхан түүхтэй энэ газар маань Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын баруун хойно Буурал уулын зүүн өмнө Юдэгийн голын эх Бяруутын бүрдний эхэнд  Улаанбаатар хотоос 220 км, Багануураас 70 км, засмал замаас салаад 35 км зайтай оршино. Нуурын эрэг дээр Чингис хааны 840 жилийн ойд зориулсан гэрэлт хөшөөтэй.

Хөх нуур нь далайн түвшнээс дээш 1600 м өндөрт өврөөрөө модгүй араараа модтой шовх Хар зүрх уулын өвөрт байдаг үзэсгэлэнтэй сайхан газар. Улсын хамгаалалтанд авч хайрлаж хамгаалах ёстой газар. Хааных болтой эртний гэрийн том буйр алга болж оронд нь хэдэн модон сийлбэртэй болж. Нуур жилээс жилд жижгэрч байна. Намаг нь ихсэж байна. Хандгай буга уулнаас бууж нуурын зэгс идэж ойр орчмыг нь цэвэрлэдэг байсан нь харагдахаа больсон гэнэ. Баячууд ойр ойрхон онгоцтой буудаг болсноос, дуу чимээнээс дайжсан  хун нугас нуурандаа ирэхээ больсон гэнэ. Харамсалтай, нэгэнт оройтож байгаа ч гэсэн улс хамгаалалтандаа аваасай!!!

2.16.2014

Хүйтэний гол

Дархан  уул аймгийн нутагт байх Хүйтэний гол бол манай түүхийн дурсгалт  газар нутаг.
“Монголын  нууц  товчоо” нд  1201 онд болсон Түнхлэг горхины байлдаантай хамтруулан Хүйтэний байлдаан хэмээн нэг болгон тэмдэглэсэн байдаг. Яг Хүйтэний голын тулаан бол 1202 оны хар нохой жилийн намар өвлийн үеэр болжээ.
Энэ байлдааныг 1201 онд Түнхлэг горхины байлдаанд ялагдсан аймгууд тухайлбал Найманы Буйраг хан, Мэргидийн Тогтуга бэхийн хөвгүүн Худу, Тайчуудын Ууц баатар, Ойрадын Хутуга Бэхи болон татарын үлдэгдэл, Хатагин, Салжиуд   аймгууд Жамухын   өдөөлтөөр эхлүүлжээ. Чингис хаан дайсны мэдээ авмагц Ван ханд  мэдэгдэж  хамтран цэргээ журамлажээ.  Чингис хааны магнайд Алтан, Хучир, Даридай гурвыг, Ван хааны тэргүүнд  Нялха Сэнгүм, Жаха Гомбо, Билгэ бэхи гурвыг томилж мөн гурван газар давхар харуул гаргажээ.  Эхлээд Гүйлт гэж газар түүний чанад Цэгцэр гэдэг газар  тэгээд  хамгийн алсад Чихурга гэдэг газарт  суурин харуул тавьж.
Тэгтэл Чихурга дахь харуулаас хэл ирж Алтан нар түрүүлэн хөдөлж  дайсантай учирсанд  Ууц баатар, Буйраг хан, Худу, Хутуга бэхи  нар Жамухын манлайд явж байв. Тэд нэр ус, учир зүйгээ ярилцан нэгэнт өдөр өнгөрсөн тул маргааш байлдахаар буцжээ. Маргааш нь ширүүн салхитай цасан шуургатай өдөр байв. Дайсны цэрэг шуурганы өөдөөс явж чадахгүй байсны  дээр Чингисийн жанжин урианханы Сүвээдэйн ах Хорохон тэдний эсрэг шуурга мэт сум тавьж байлаа. Ингээд дайсны цэрэг тэнгэрт эс таалагдав хэмээн бутарчээ. Жамуха цэргээ аван туслахаар ирсэн боловч байдал нэгэнт өөр талд шийдэгдэж байх тул байлдааны талбайд оролгүй  өөрийг нь Гүр хаанд өргөмжилсөн иргэдийг тоноод Эргүнэ рүү хөдөлжээ.
Ийм нэгэн тулаан Хүйтэний голд болж.  Энэ голд орой дээрээ хуучны тээрмийн бололтой хоёр босоо чулуутай  жижиг толгой бий. Амь үрэгдсэн эрсээ энэ толгойд хөдөөлүүлсэн нь Бунхан толгой гэх болж, одоо ч энэ нэрээрээ буй. Эрт үеэс энэ толгойг дахиж шүтэж ирсэн ба ойр хавьд нь нүүж буух, мал бэлчээрлүүлэх, эмийн ургамал түүж газар хөндөхийг цээрлэсээр иржээ.
Бас  Хүйтэний голын эх Бичигт хошуунд нэгэн бичгийн дурсгал бий. Энэ монгол дөрвөлжин бичээсүүд хятад хар бэхээр бичигдсэн байдаг ба зарим үгсийг бүрэн тайлж унших боломжгүй болсон ч эрдэмтэд тоймлон ерөнхий утгийг гаргажээ. Уг хаднаа “ Мөнх тэнгэрийн хүчинд хааны  суу дор ... хүр \дурсгал\ болгон бэлгэдэж  тахиа жилийн есөн сарын шинийн наймнаа” гэжээ. Үүнээс гадна зосоор зурсан даль жигүүрээ дэлгэн нисч буй шувуу, хүмүүс, дөрвөлжин хүрээн дотор хүн малын тооллого байж болох олон цэгүүдийг дүрсэлсэн хадны зургууд байдаг.   

2.15.2014

Түрэгийн Билгэ хааны гэрэлт хөшөөний бичээс

Орхоны хөндий.  Архангай аймгийн Хөшөө Цайдамд  Түрэгийн Билгэ хаан түүний дүү Культегин нарын гэрэлт хөшөө оршино. Одоо энэ газарт монгол-түркын  судлаачид ажиллаж хааны онгон , тахилгыг судлан малталгын явцад гарсан хааны титэм, алт мөнгөн эдлэл зэрэг зүйлсийг олны хүртээл болгох зорилгоор музей байгуулж. Хархориноос ердөө 45км засмал замаар давхиад очно. Ёстой үзүүштэй газар болсон байна лээ. Эндээс  Өгий нуур  их ойрхон зам цагаан,  аятайхан маршрут. Билгэ хааны гэрэлт хөшөөний бичээс бол эртний руни бичиг. Билгэ хаан уг бичээснээ өөрийн улсын түүхийг хэлж бичүүлсэн байх юм.  

Тэнгэрээс ивээлт  тэнгэрлэг түрэг Билгэ хаан. Үг ману: Дээр хөх тэнгэр, доор бараан дэлхий үүдсний завсарт хүний хөвгүүд буй болсон ажгуу. Эстими хаан хэмээн алдаршсан миний дээд өвөг Буман хаан хүний хөвгүүдийг эзлэн сууж  эл улсаа тэтгэн, засаг төрийг бататгавай. Дөрвөн зовхисын  олон аймгийг  хүчээр дагуулан номхтгоод , толгойтныг бөхийлгөн тойгтныг сөгтгөвэй. Зүүнш Хадарганы хөвч, баруунш Төмөр хапаг хүртэл улсаа нутаглуулах, энэ хоёрын завсар сурвалжтан улс үгүй  Хөх Түрэг удтал нутаглан суужээ.  
Өвөг Буман мэргэн хаан бөлгөө. Баатар хаан бөлгөө. Түүний сайд нь мэргэн  баатар, бэхи нар болоод  албат олон цөм шударга тул эл улсыг удтал тэтгэн төрийг бататг ажээ. Насан эцэслэсэнд наран мандах зүүн зүгийн бүхэл талын аймгийн хүмүүн Нанхиад, Төвд, Парфурум, Хиргис, Уч, Хуриган, Отус, Татар, Хятан,Татаби зэрэг өчнөөн  олон улсын хүн ирж хүйлэн хайлан гашуудан уйлав.  Тийм алдарт хаан агсан ажгуу. Түүний сүүлд дүү нь хаан болов. Хөвгүүн нь хаан суув. Дүү нар нь ахас лугаа адилгүй. Хөвгүүд эцэг лүгээ адилгүй болсон учир будангуй хаад ширээг залгамжлан, уйлхай хаад төрийг  барьж сайд нь будангуй, уйлхай бэхи болоод албат олон шударга батгүй, нанхиадууд хутган эвдрүүлж хөнөөсөнд дүү нар нь ах нар лугаа эвдрэлцэн муудалцаж , бэхи нар албатолон лугаа харшлан  хөнөөлцсөн тул Түрэг улс эрхэм болсон эл улс юугаа эвдэж, эзэн болсон хаад юугаа тэвчлүгээ. Хүчирхэг хөвгүүд нь  нанхиадын боол боллоо. Ариун охид нь нанхиадын  шивэгчин боллоо. Түрэг бэхи нар түрэг цолоо гээж нанхиад бэхи нарын адил нанхиад цол хүлээн зүүж  нахиад хааныг дагаж тавин жилийн турш сэтгэл хүчээ өгч, зүүнш наран мандах зүг Бүгли хаан хүртэл баруунш Төмөр хапаг хүртэл тэдэн лүгээ яван нанхиад хаанд  эл улс  эрх  мэдлээ өгөв.
Хамаг Түрэгийн харц иргэн өгүүлрүүн: Эл улс бөлгөө би. Эл улс мину хаана байнам? Хэнд улсуудыг дагуулнам билээ би. Хаантай улс билээ би. Хаан мину хаана буй? Ямар хаанд сэтгэл хүчээ өгнөм билээ би?  Тийн хэмээгээд нанхиад хаанд  дайсан болж  хуучин нутагтаа хүчийг тэжээсүгэй хэмээн нүүн ачаалав. Эд нар сэтгэл хүчээ өгөхийг бодохгүй болбоос  Түрэг улсыг хядан алж үрийг тэжээсүгэй хэмээн нанхиадууд  хэдэн удаа цэрэг явууллаа. Дээрээс Түрэгийн тэнгэр доороос ариун дэлхий , ус   Түрэг улс  үл сөнөх болтугай. Өнөд орштугай хэмээн миний эцэг Элтэрэс хаан, эх Элбилгэ хатан зулайгаас өргөн дэвшүүлэв. Миний эцэг хаан агсан хорин долоон эрийн хамт мордлоо. Түүний захад явсныг хот дахь хүмүүс сонсоод хотоос гарч уулан дахь хүмүүс уулнаас угтан бууж бүгд нийлж далан эр боловой.
Тэнгэрээс ивээн тэтгэснээр хаан эцгийн цэрэг чоно мэт харш дайсан нь хонь мэт болж зүүнш баруунш явсаар хүчийг бүртгэн, хүнийг ятган бүгд долоон зуун эр боллоо. Цэргийн тоо долоон зуу хүрсэнд биеэ хаанд үзэн,тус тусын улс мэт бологсод, бусдын боол бологсод, Түрэгийн ёс төрийг тэвчигсэд бүхнийг миний өвгийн ёсоор засаж эрэлхэг баатар болгоод , таилаш,тардус аймгийг улсын олон аймгийн дотор байваас зохих байрыг заан тогтоож  ягбу, шадтай болговой.
Өмнө зүгээс нанхиад улс, умраас тогус огусын хаан дайсагнан харшлалдаж  хиргис, хуриган отус татар, хятан, татаби нар цөм довтлолдов. Миний  эцэг хаан энэ олон улс лугаа байлдахаар дөчин долоон удаа цэрэглэж хорин удаа хутгалдан байлдав. Тэнгэр ивээн тэтгэсэн тул эл улсыг бататган хаан төрийг засаж дайсныг номхотгон тойгтныг сөгтгөв, толгойтныг бөхийлгөв. Эцэг хаан минь төрийг төвшитгөн засаж халилаа. Хаан эцгийн хүүрт хааны балбалыг тэргүүн болгон тавив.
Хаан наснаас нөгчсөн цагт би найман наст бөлгөө. Миний авга хаан суугаад Түрэг улсыг засан тэнхрүүлж  үгээгүйг баялаг, өнчнийг өнөр болгов. Авга хаан ширээнээ суухад би тегин бөлгөө. Тэнгэрийн ивээлээр би хорин дөрвөн насандаа Тардуш улсын шад боллоо. Хаан авгын хамт зүүнш Шандун газрын Ногоон голын тал хүртэл, баруунш Төмөр хапаг хүртэл аялан явж Хөгмэнийг даван Хиргисийн нутаг хүрлээ. Бүгд гучин таван удаа цэрэглэн  аялж, хорин гурван удаа байлдаад эл улсыг бататган, хаан төрийг тэтгэн, тойгтныг сөгтгөлөө, толгойтныг бөхийлгөлөө. Түргэшийн хаан угаас миний албат түрэг хүн бөлгөө. Ухваргүй тул хэрэг алдаж ял олоод үхэв. Түүний хойно сайн бэхи нар цөм үхэв. Түүнийг дагасан улс иргэн цөм зовлонг олов. Манай өвгөдийн энэ газар ус эзэнгүй аху нь зохихгүй тул Ас улсыг зохиов. Барс бэхид  хаан цол өгч дүү гүнжийг эм болгон өглөө. Түүний бие ял олоод үхэж улс иргэн нь боол шивэгчин боллоо. Хөгмэний газар ус эзэнгүй аху нь зохихгүй тул би Ас, Хиргис улсыг зохион засав. Зүүнш Хадарган хөвч хүртэл дагасан улсыг суулган засаж баруунш Гэнгү тарман хүртэл Түрэгийн нэгэн хэсэг улсыг суулган заслаа. Тэр цагт манай боол өөрснөө боолтой, манай шивэгчин өөрсдөөн шивэгчинтэй бөлгөө. Дүү нар нь ахсыг чирэгдүүлэхгүй, хөвгүүд нь эцэгсийг чирэгдүүлэхгүй бөлгөө. Эл улс засаг төрөө энэ мэт батагавай.
Огус түрэгийн бэхи болоод албат олон та бүхэн сонсогтун. Дээр аху тэнгэрээс дарах, доор аху газраас цөмрөх аюулгүй агсан Түрэг улс. Эл улс төр засгийг хэн дэлгэрүүллээ. Чи язгуураас шударга түрэг улс бөлгөө. Гэмшин гэмшигтүн. Чиний шударга журамтайд мандсан Билгэ хааны хөгжүүлсэн сайхан эл улсын өмнө гэм алдал үйлдэж  уйльхайлан умдгайдав, чи. Чамайг сарниулсан байлдааны аюул хаанаас гарлаа? Чамайг дагуулсан хатгалдах санаа хаанаас гарлаа? Өтгөн хөвчийн улс чинь нүүн явж нэгэн хэсэг чинь зүүнд одлоо. Нэгэн хэсэг чинь баруунд одлоо. Одсон газар бүхэнд сайныг олсон  чинь ганц цусаа ус мэт урсгаж, ясаа уул мэт овоолон хүчтэн хөвгүүнээ боол болгож, ариун охидоо шивэгчин болголоо. Чиний ухваргүй уйлхайн учраас хаан авга халив. Хөшөөний тэргүүнд би Хиргис хааны балбалыг босгов. Түрэг улсын нэр алдар үл сөнөх болтугай хэмээн  хаан эцэг, хатан эхийн өргөмжилсөн улсыг  заяагч тэнгэрээс Түрэг улсын алдар нэр үл сөнөх болтугай хэмээж миний биеийг хаан  болгов. Би эд малаар баян улсын хаан болсонгүй, аманд хоолгүй,  мөрөнд хувцасгүй буурай ядуу улсын хаан боллоо.
Дүү Культегин бид хоёр хоёул шад бөлгөө. Өвөг дээдсийн мандуулсан улсын алдар нэр мөхөн сөнөвөөс зохихгүй хэмээн хэлэлцэж Түрэг улсын учир шөнө үл унтан, өдөр сул үл суун дүү Культегин бид  хоёр шад  үхэн цуцтал зүтгэн оролдож  улсыг их болголоо. Ийнхүү зүтгэн байлдахад улсыг гал, ус үл болгон, сарнин тархаж цуцан ядуурагсад хуран чуулсныг тэнхрүүлэхийн учир умраад Огус улс, зүүнш Хятан, Татаби өмнөдөд нанхиадыг байлдахаар  аялж хорин хоёр удаа байлдвай.
Тэнгэрээс ивээж өлзий хутаг соёрхсонд би мөхөхөд  хүрсэн улсыг өргөн тэнхрүүлж нүцгэн улсыг хувцастай, ядуу улсыг баян, өнчин улсыг өнөр болгож , эл улсын элдэв зүйлсийг засан, хаан алдрыг бататгавай. Дөрвөн зүгийн улсыг хүчээр номхотговой. Миний олон хаад намайг харшлах сэтгэлгүй дагажээ.  


2.13.2014

Хөгнө-Тарна

Булган аймгийн Гурванбулаг, Рашаант, Өвөрхангай аймгийн Бүрд зэрэг гурван сумын нутаг дамнасан нийтдээ 84390 га талбай бүхий Хөгнө-Тарна байгалийн цогцолбор газар. Хөгнөхаан уулыг эрт дээр үеэс "Хан" хэмээн шүтэн хамгаалж ирсэн бөгөөд энд Тахилгын овоо, Сантын овоо, Бага ханы овоо зэрэг тахилгатай газрууд бий. Хөгнөхаан уул нь Богд хаант монгол улсын үед төр шашины холбогдолтойгоор тахин шүтэж ирсэн дөрвөн хан уулын нэг нь байжээ.

Энэ нутгийн гадарга нь Орхон-Туулын савын 1500-2000 м өндөртэй бэсрэг, нам уулс, цав толгод, тэдгээрийн хооронд орших талархаг гадарга бүхий тогтоцтой. Хөгнөхааны уулын системд хамрагдах уулс нь харьцангуй нам, хамгийн өндөр оргил Цэцэрлэг 1968.8 м өндөртэй. Түүний захын хамгийн нам уулс, цав толгод 1300-1500 м өндөртэйЦогцолбрын хамгийн том гол нь  Хангайн нурууны зүүн хэсгийн бэсрэг уулсын нэг болох Зүүн Хайрхан уулын умарт биеэс эх аван урсах Тарнын гол ба Туул гол руу цутгах энэ гол нь Орхон-Туулын ай савд багтана. Тарнын голын баруун гараас Ар Жаргалант, Чулуут зэрэг голууд цутгадаг. Ууландаа гол горхи бараг байхгүй, харин гүний усны нөөц сайтай олон булагтай.

Тарнын голын баруун  биеэр зүүн урагш 80 орчим км урт үргэлжилсэн "Их Монголын элс" хэмээх элсэн тарамцаг оршино. Энэхүү томоохон элсэн хуримтлал нь Тарнын голын эх болох Шарлин, Жаргалант голуудын бэлчир, Их Монгол уул (1675.0 м) орчимд хамгийн өргөн (9-10 км) Тарна, Элстийн голын гольдрол даган Чулуутын овоо (1525.9 м)-ноос доош бараг Булган аймгийн Гурванбулаг сумын төв хүртэл нарийн зурвас (3.5 км) байдлаар үргэлжилнэ.

Цогцолборт газрын бэсрэг уулсаар буга, гөрөөс, гахай, мануул, үнэг, хөрс, чоно, дорго, өмхий хүрэн, туулай зэрэг амьтадтай. Мөн дагуурын зараа, сахалт багваахай, жижиг соотон багваахай, урт сүүлт зурам, хадны барагшин, орог зусаг, үлийн цагаан оготно, монгол чичүүл сибирийн алаг даага зэрэг жижиг хөхтөн амьтад элбэг юм. Суурин жигүүртнээс цармын бүргэд, харцага, идлэг шонхор, шилийн сар, начин шонхор, хайргууна шонхор, хотны бүгээхэй, адууч чогчоохой, хон хэрээ, шаазгай, шар шувуу, ууль, ятуу хийгээд нүүдлийн жигүүртнээс хөхөө, өвөөлж, элээ, гол горхиор ангир, галуу, нугас, тоодог,хавтаалж, зуун хурга зэрэг шувууд ирдэг.

Хөгнөхаан ууланд Өвгөн, Залуу хийд, Мойлтын амны хойд талд Сэнжит цохионд
хүрэл зэвсгийн үеийн хадны сүг зураг, янгирын зураг, Ямаатын цагаан хөтлийн ар талын амны хаданд янгир, чоно, бугын зураг, Элсэн тасархайн элсний зүүн дэргэд боржин чулууны хөшөө, Аман хадны буюу мааний хадны мааний үсэг, Хөгнөхаан уулын баруун урд үзүүр Устын амны дэлээс 12 орчим км-т Ташуугийн өвөлжөө гэдэг газар Хийдийн давааны ар талд олон тооны булш байдаг. Мөн хамгаалалттай газар нутагт Монголын анхдугаар богд өндөр гэгээн Занабазарын мэндэлсэн нутаг болох Ширээт цагаан нуур, Бурхадын хөдөө нуур, Тахилт нуур, Адуун нуур, Тарнын гол, шүлүүтийн гол, Шарлин, жаргалантын гол байхаас гадна Тольт баян түрүү гэх мэт хүний биеийн эрүүл мэндэд онцгой ач тустай рашаан ус байдаг.

2.10.2014

Монголчуудын уг гарал үүсэл ба анх түүхэнд тэмдэглэгдэх болсон үе

Манай монголын ерөнхий сайд асан түүхч Анандын Амарын “Монголын товч түүх” номноос хэсэгхэн хүүрнэх гэсэн юм.
Монгол үндэстэн нь гагцхүү Чингис хааны үед шинээр үүсэн буй болсон бус хүн төрөлхтөн анх ярих хэлтэй болсон цагаас эхлэн монгол хэлээр хэлэгч нэгэн тусгай үндэстэн аймаг байсаар ирсэн нь хэзээд мадаггүй үнэн. Монголын түүх гэдэг нь эрхбиш  монгол үндэстний анх сонсогдож мэдэгдэх ба түүхэнд тэмдэглэгдэх болсон цагаас эхлэн өгүүлэх аваас сая бодитой бүрэн бүтэн түүх болно.
МЭӨ 400-гаад оны үеийн Хятадын байлдаант долоон улсын Цинь улс, Жао улс, Янь улс гурав нь Монгол лугаа зах нийлэн суужээ. Цинь улс  Ицюйг дуусгаж одоогийн Ганьсу,Шэнси мужийн хойгуур орд хот цогцлоож  Монголыг хаав. Жао улс  Ордос хавийг эзлэн сууж, Янь улс Дунху-г дарж мянганы газар хөөн монголыг халхалжээ. Ицюй гэж эртний монгол аймгийн нэр, Дун ху гэж зүүн монгол мөн.
Цинь  Шихуан нь бусад зургаан улсаа мөхөөн их Цинь улс \МЭӨ403-221он\байгуулан  Цинь  төрийг хүннү нар мөхөөнө гэсэн зөнчийн үгэнд итгэн жанжин Мэн Тяньд гучин түмэн цэрэг өгч Хүннүг алс умар зүг хөөн урд байгуулсан урт цагаан хэрмийг засч баруун Линьтао газраас зүүн Ляодун хүртэл түм илүү газар цогцлоов. Линьтао гэдэг нанхиадаар Ордос нутгийг хэлдэг.
Нанхиад улсын умард хязгаар дагуу маш олон өөр нэртэй улс аймаг ээлжлэн халалцсаар ирсэн нь үнэн боловч эдгээр нь чухамдаа монгол, түрэг, зүрчид гурван үндэстэн болох ба аль нэг нь удирдан дагуулж  нөгөө хоёр нь түүн дотроо багталцан явж нанхиадтай байлдан дийлж дийлэгдэн явжээ. Нанхиадууд монголыг тэднээс ялган  эрт үеэс Ху хэмээн нэрлэж  байж. Дунху буюу зүүн Монгол, Линь ху буюу баруун монгол хэмээн хэдэн мянган жилийн өмнөөс Дорнод Азийн судар, түүхэнд тэмдэглэгдсээр иржээ.
Монгол үндэстэн эрхбиш баруун зүгээс ирсэн байж болзошгүй бөгөөд төвд энэтхэгүүд монголчуудыг  Хор буюу Согбу хэмээн нэрийднэ. Тэрхүү Хор хэмээх  үндэстэн нь Энэтхэгийн баруун хойно бүхий Моугал хэмээх нэгэн аймгаас тасарч зүүн зүгт очиж суусан хэмээдэг.
Чингисийн өмнөх 1367-1136 оны  Хань улсын 14-р Мин Ди хааны үеийн эрдэмтэн Фа Сяны Энэтхэгт очсон тэмдэглэл, түүнээс 300 жилийн дараа Тан улсын эрдэмтэн лам Тансаны мөн энэтхэг явсан замын бичигт Монголын их Ху ханыд очив гэдэг.
Бас Төвдүүд монголыг эрт цагаас дээд, дунд, доод Монгол гэж гурав хуваадаг бөгөөд дээд Монголыг Ил Тарвагатай хавиас эхлэн Төвдийн араар Энэтхэгийн хойд зах шахам хүртэл боддог.
Монгол хэмээх нэр нилээд эрт цагт байсан бололтой. Тан улс Монголыг  Мэнгу хэмээн нэрлэж байсан ба  МЭ 25 оны үед  Мэнгу нэртэй аймаг байж хэмээн сударт тэмдэглэжээ. Энэтхэг орны Моугал хэмээх үндэс нь Монголын овог мөн байж болзошгүй, судлууштай.
Мөн монголын эрт язгуур цагаас нааших түүх сударт байдаг Шарай голын гурван хааны Цагаан гэрт хаан монгол үндэстэн мөн байсан ба түүний хотын туурь нь Төвдийн Ханба хэмээх газрын Буруцу хэмээх гол буй. Тэдний үлдэгдэл цагаан Монголчууд одоо ч тэнд сууж буй.
Ер нь монгол үндэстний зарим хэсэг маш эрт баруун зүгээс тасран гарч Хянганы нуруу хүртэл хэсэг хэсгээр цацран тархаж суусан мэт бөгөөд  язгуурын газар үлдэгсэд зам зуур хоцрогсод  уван цуван нийлж.

Монгол хэлний аялгуу нь энэтхэгтэй их ойр гэдэг ба монгол хэлэнд энэтхэг, согд, уйгар үгс маш олон байдаг. Монголын үсэг бичиг, соёл боловсрол, шашин шүтлэг анх цагт Нанхиад ба Төвдөөс уламжилсан бус  энэтхэг, согд , уйгар нараас уламжилсан байна.   

2.02.2014

Нутгийн түрэг бичээс

                              

Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга багийн нутаг Байшин үзүүрийн Жүргэрийн цагаан толгой хэмээх газар нэгэн түрэг бичээс  оршино. Бичээсийг 1959 онд түүхч Х.Пэрлээ нутгийн хүмүүсээр заалгаж анх шинжлэх ухааны эргэлтэнд оруулжээ. Гэвч 1970-аад он хүртэл уг бичээсийг хэн ч сонирхон үзэж, уншиж тайлахыг оролдсонгүй. 1969-1970 онд Монгол Зөвлөлтийн хамтарсан шинжилгээний ангийн “Гэрэлт хөшөө хад чулууны бичээс судлах анги” уг бичээсийг газар дээр нь дахин нягтлан үзэж, улмаар түрэгч М.Шинэхүү тайлан уншжээ.
Бичээс буй газар нь том том бор саарал өнгийн боржин чулуу бүхий ихээхэн хадархаг, хоорондоо тасархайтсан хөтөлтэй гурван жижиг цуваа шовх толгод бөгөөд түүний хамгийн урд талын толгойн гурван хадан дээр энэ бичээсийг ухаж бичжээ. Бичээсийн хажуугаар басхүү олон янзын тамга хийгээд амьтны дүрс сийлсэн байдаг байна.

Нутгийн тухай гурвалсан домог

Нэг. Амбан толгой
Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга багийн нутагт орших Баянцагааны нурууны баруун талын Авдрантын нурууны зүүн тал дахь өвс ургамал тэгш сайхан хоолойд  ундарга ус сайтай гар худагтай Амбан толгой гэж бий. Энд худаг  ус гаргаж нутгийн ардуудаас мал сүрэг цуглуулан хошуундаа төдийгүй Ховд, Улиастайд  зартай баян эр амбан болсон учир уг бяцхан толгойг нутгийнхан “Амбан толгой” гэдэг домогтой болсон төдийгүй худгийг нь “Амбаны худаг” гэх болсон ч  одоо Баян толгойн худаг гэх болжээ.  

Хоёр. Хойд,Урд Бааст толгой
Амбан толгойн зүүн хойд талд баруунаасаа зүүн тийшээ хоорндоо  4-5км зайтай хоёр толгойг нутгийнхан  Хойд Бааст, Урд Бааст толгой гэж нэрлэдэг. Амбаны адуун сүргээс гүйсэн ороо цавьдар морь харайж явахдаа эхлээд урд толгойд дараа нь хойд толгойд  нь ихээхэн хомоол үлдээснээс  Бааст толгой гэж нэрлэжээ.

Гурав. Харайдагийн үзүүр

Баянцагааны нурууны баруун талд зүүн тийш сунаж тогтсон нэгэн хадан үзүүр бий. Үүнийг Харайдагийн үзүүр гэнэ. Амбан толгойн баян амбаны адуунд нутгийн ардаас өр төлөөсөнд авсан салхинаас хурдан ороо цавьдар морь байжээ. Уг морийг барьсан хүнд амбан их хэмжээний шан өгнө гэж зар тараажээ. Хошуу нутагтаа нэртэй хэсэг адуучид ороо цавьдар морийг Харайдагийн хадан үзүүр хүрээд харайлгаад барааг нь алдсан гэдэг.  

Марко Поло монголчуудын тухай

 Марко Поло 1257- 1324 онуудад амьдарч байсан Италийн аялагч байв. Марко Полог идэр залуу үед улс  орнуудын  харилцаа  холбоо  өнөөгийнхтэй харьцуулахын аргагүй байлаа. Цай, торго гэх мэт эд зүйлс худалдан авахын тулд Хятад болон Перс (одоогийн Иран улс) рүү аялах хэрэгтэй болдог тийм үе  байв. Марко Поло арван тав зургаан  нас хүртлээ эцэгтэйгээ уулзаж байгаагүй нэгэн.

 Учир нь түүний эцэг худалдаа наймаа хийхээр Ойрхи Дорнод руу аялах урт аялалд гарсан байв. Түүний эцэг уртаас урт аялалаасаа ирээд бараг хоёр жил болсны дараа ахиад өөр  нэгэн аялалд гарах болжээ. Харин энэ удаад тэр Марког авч явав. Энэ нь богино аялал биш байлаа. Марко эцэг Николай, аваг ах Матвей нарын хамт 1269 онд Акка (Хойд Палестин) хотоос гарч Ойрхи дорнод, дундад ба төв Ази, өмнөд ба баруун өмнөд Азийн олон улс орноор аялсан нь 24 жил үргэлжилсэн .

Их Хаан Хубилайн дэргэд 1272-1289 он хүртэл  алба хааж, түүний элч төлөөлөгчөөр Юань улсын олон муж улсад зарагдан явахдаа, тэдгээр нутгийн хүн ардын нутагшил, аж байдал  зан суртахуун, шашин шүтлэгийн тухай тодорхой тэмдэглэж  явсан нь газар зүй, түүх судлал, угсаатны зүйн ухааны судалгааны чухал хэрэглэгдхүүн болж , эдүгээ хүртэл эртэмтэд судлаачид уншигч олон түмний анхаарлыг татаж байгаа билээ
Марко Поло аялалынхаа 17 жилийг одоогийн Энэтхэг, Иран, Афканистан, Монгол, Хятадад өнгөрүүлсэн юм. Энэ хугацаандаа эзэн хаад, гүнж нартай уулзаж, Ази тивийн тухай илүү ихийг мэдэж авсан юм.
Ингээд түүнийг гэртээ төрөлх  хотдоо эргэн ирэхэд Италид иргэний дайн эхэлсэн байв. Түүний хот Генуя  хоттой дайтаж байсан юм.Тэр Генуяд олзлогдон   шоронд байх хугацаандаа Рустачино  хэмээх залуутай танилцаагүйсэн бол одоогийнх шигээ алдартай нэгэн байхгүй байсан биз. Рустачино  Марко Пологийн аялалын түүхийг   “Орчлонгийн элдэв сонин” гэж ном болгон бичсэн нь  Итали даяар хурдацтай тархаж, Марко Полог алдартай аялагч болгож, хүмүүст таниулж чаджээ.
Марко Поло 1298онд суллагдан 1299 онд Венеци хотдоо ирж эндээ амьдарч байгаад 1324 онд нас баржээ.

 Одоогоос долоон зуу гаран  жилийн тэртээ Монголын эзэнт гүрний Юань улсын газар шороон дээр хөл тавьж  их хаан Хубилайн албанд бүтэн арван долоон жилийн турш (12711289 он) зүтгэсэн Венеци нутгийн худалдаачны хүү Марко Поло өөрийнхөө нүдээр үзэж, биеэрээ оролцож явсан урт удаан хугацааны аялал, үйл явдлын түүхийг ном болгон үлдээсний ачаар Европ дахин Монголын эзэнт гүрний болон монголчуудын талаар үнэн бодит, баримт сэлтийг олон зууны тэртээгээс мэдэх болжээ. Ийнхүү монголчуудыг Европ дахинаа эерэгээр сурталчилсан Марко Пологийн хөшөө түүний хүчээ өргөж явсан Монгол улсын төв талбай – Чингис хааны талбайн зүүн өмнө сүндэрлэж харагдана. Энэ хөшөөг Б.Рэнчин гуайн ач хүү уран барималч Б.Дэнзэн урлажээ.

Марко Поло олон газар орны тухай тэмдэглэж үлдээсэн бөгөөд тэр монголчуудын тухай ийнхүү бичиж үлдээжээ.
Чингис хааны удам угсааны хаад, эздийг тэнгэрт хальмагц Алтай  хэмээх их ууланд оршуулдаг гэдгийг та бүхэнд хэлье. Тэдгээр эзэд, их хаадын хэн нэгэн нь алс хол энэ газараас зуун өдөрчийн хол байсан ч шарилыг нь заавал энэ ууланд авчирч онголон оршооно. Бас нэгэн гайхам сонин ѐсыг өгүүлбэл: Их хаадын шарилыг онголохоор дөчин хоногийн турш залж явах зам гудаст таарсан хэнийг боловч цавчин хороож “эзэн хаанаа дагалдан нөгөө ертөнцөд очиж хүчээ өгөгтүн” гэж ерөөн шарилыг дагуулан хойллого үйлдэнэ. Мөн хүлэг морьдоор тийм хойллого үйлдэнэ. Хаан эзэн халин одмогц хамаг эрдэнэт сайн хүлэг морьдоо нөгчөөн хаан эзнээ дагалдуулан нөгөө ертөнцөд илгээн хойллого үйлдэнэ. Бас нэгэн үнэн баримт гэвэл: Мөнх хааны шарилыг онголохоор Алтайн уул руу залж явах зам гудаст тааралдсан хоѐр түмэн хүнийг нөгчөөн хороож хаан эзэнийхээ хойноос хойллого үйлдсэн нь үнэн билээ.

 Татарууд малын бэлчээр өвс сайтай ээвэр дулаан тал нутагт өвөлжинө. Ус, бэлчээр элбэг дэлбэг уулс, хөндий зэрэг сэрүүн сэргэг, ой модтой газар зусна. Зуны цагт сэргэг сэрүүн  газар ялаа шумуул, хөхтүрүү, зөгий ховор байдаг тул хүн, мал амар тайван зусаж мал сайхан тарга тэвээрэг авдаг. Тэд үргэлж нутаг сэлгэн нүүж зуны гурван сарыг нэгэн бэлчээрт уягдаж талхлалгүй мал сүргээ таргалуулна. Тэд модоор хийж, эсгийгээр бүрсэн, дугариг хэлбэрт сууцтай  ба хаашаа ч нүүсэн сууцаа дөрвөн дугуйтай тэргэн дээр ачиж явна. Сууцны  яс мод нь бөх бат, маш хөнгөн байдаг тул зөөж, нүүж явахад ямар ч төвөггүй. Сууцаа барихдаа үүдийг нь ямагт өмнө зүг рүү харуулан барина. Мөн тэдэнд хоѐр дугуйтай тэргэн дээр барьж хар эсгийгээр хучсан сайн загвартай мухлаг байх агаад хичнээн ч бороо орж байсан дотор тал нь үргэлж хуурай, тохилог байна. Тэргэнцэрийг шар үхэр юм уу тэмээ хөллөж эхнэр, хүүхэдээ суулган ойр зуурын хэрэглээний сав суулгаа ачина.
Гэр орны бүхий л ажил, худалдаа арилжаа хийх, мал ахуйгаа адуулах зэрэг айл гэрийн өдөр тутмын ахуй амьдралын ажил нь гэрийн бүсгүйчүүдийнх бөгөөд эрчүүл нь энэ талаар санаа зовдоггүй, дайнд мордох, ав хомрого хийх, шонхороор ангуучлах нь эрчүүдийн ажил. Тэд мах, сүүгээр хооллож алив ангийн мах, түүний дотор хээр талаар хааяагүй элбэг тарвага  агнаж иднэ. Тэдний идэх уух юманд хорио, цээр үгүй бөгөөд адуу, нохойн мах идэж, гүүний сүү ууна. Бараг бүх амьтаны махыг иднэ. Тэд бол бусдын эмс, эхнэртэй хавьтдаггүй ганц газар бөгөөд ингэхийг шившигтэй явдал гэж үзнэ. Эхнэр хүүхнүүд нь эрдээ үнэнч итгэлтэй. Арав, хорин эхнэртэй байсан ч тэд нь хоорондоо эвтэй найртай амьдарцгаана. Хаана ч, хэзээ ч тэр олон эхнэрүүд хэрэлдэж, маргалдаж байхыг та үзэхгүй. Хүн бүхэн гэр орныхоо ажил үйлд санаа тавин, үр хүүхдээ өсгөж торниулахад хамаг анхаарал халамжаа өгнө. Тэд нар гэр бүл болохдоо хэдэн ч эхнэр авч болох бөгөөд тэжээж, хувцаслаж дийлбэл зуун эхнэр ч авч болдог. Эхнэр авах эр хүн эхнэрийнхээ эхэд инж бэлэг өгөх бөгөөд эхнэр нь нөхрийнхөө талд юу ч өгдөггүй. Анхны авсан авааль гэргийгээ их эхнэр гэх бөгөөд бусдаас илүү хүндлэнэ.

Тэдний өмсдөг хувцас нь алтан саатай магнаг торгоор хийж, булга, үен, суусар, үнэгний арьсаар доторлосон буюу хажиж эмжисэн маш тансаг билээ. Гоѐл чимэглэл, эдлэл хэрэглэл нь жигтэйхэн үнэтэй. Зэр зэвсэг нь нум сум, сэлэм, бялуу байх боловч тартаруудын гол зэвсэг нь нум сум бөгөөд тэд нар үнэнхүү мэргэн харваачид билээ. Зэрлэг үхрийн буюу өөр бусад амьтаны ширийг хатааж хийсэн ширээр ар зоогоо хуяглаж хамгаална. Тэд бүгд эр бяртай, ид хавтай, эрэлхэг дайчин бөхчүүд. Аян дайны алс замд тартарууд өөрсдийн агнаж алсан араатан жигүүртний махаар хооллон, гүний сүүгээр цангаагаа тайлан сар, жилээр өөр хоол унд гэлгүй, өлсөж цангалгүй явах бөгөөд унаа морьд нь хээрийн бэлчээрт таарах өвс болгоныг идэж явах тул морьдоо тэжээх арвай буудай, аага хивэг ачиж, тээж явахын хэрэггүй байдаг. Тийм учираас тэд алс хол аялан, алалдан тулалдахдаа бусдаас илүү тэсвэр тэвчээртэй, тэнхээ чадалтай байдаг. Тэд эзэд хааддаа үнэнч, сахилга дуулгавартай бөгөөд хэрэгцээ шаардлагатай үед зэр зэвсэгээ агсан бүтэн хоногийн турш эмээл дээрээс буулгүй морьдоо идүүлэн хонох бол энүүхэн энд. Алив нэгэн хүчир бэрхшээл, хүнд хэцүү зүдүүрийг дааж давж гарахдаа өөр бусдаас илүү учир бага зардал сүйтгэлээр дэлхийн олон улс орон, газар нутагийг байлдан дагуулж эзэмшин эрхшээх чадвар чадавхитай ард түмэн билээ.

Татарууд аян дайнд нэг буман цэрэгтэй гарлаа гэвэл: Арван цэрэг болгон нэг даргатай аравт болдог, арван аравт нийлээд нэгэн зуут болж зуутын дарга захирна, арван зуутаас нэг мянган бүрдэж мянганы ноён захирна, арван мянгатаас нэг түмэт бүрэлдэн түмтийн ноён захирна, арван түмтээс нэг бумат бүрэлдэн бумтын ноён захирна. Ингэж аравт аравтаар зохицуулан зассан цэргийн аль ч тушаалын дарга, ноён зөвхөн өөрийн захиргааны арван хүнтэй л тулан ажиллаж тэдгээр арван хүн өөрсдийн дарга, ноѐны өмнө бүх хариуцлагыг хүлээнэ.
Хэрвээ буман цэргийн их жанжин хэн нэгнийг аль нэгэн газар руу илгээх болвол түмтийн ноёныг дуудан тийшээ явж, тийм үүрэг гүйцэтгэх мянганыг бэлэн болго гэж тушаана, түмтийн ноён өөрийхөө мянганы ноёнд төдийд бэлэн байхыг тушаан өөрт тохоогдсон үүргийг үтэр түргэн биелүүлнэ. Цэргийн дээд дарга, ноёдын зарлиг тушаал дээрээс доошлох шат шатандаа ямар ч саад бэрхшээлгүй биелэж байдаг. Зарлиг тушаалыг ягштал, шуурхай биелүүлэх талаар хосгүй шалгарсан цэрэг энэ ертөнцөд татар цэргээс өөр үгүй билээ.
Цэргүүд алс холын аян дайнд мордохдоо элдэв ачаа, бараа биедээ үл авна. Зөвхөн айраг, сүү хийх хоёр жижиг ширэн дашмаг, мах буцалгах жижиг тогоо ганзгалж явна. Тэрчилэн бороо хурнаас хоргодох жодгортой байна. Бачим тулгуу бэрх үед цэргүүд гал түлж хоол, унд хийж идэлгүй, морьдынхоо судасыг ханаж цусыг нь уух төдийгөөр голоо зогоож арван хоног ч зогсоо чөлөөгүй довтолгоно.

Татар цэргүүд дайн тулаанд орохдоо байлдааны нэгэн уран арга хэрэглэнэ. Тэд тулааны талбараас ухран зугатаахыг хулчгар шившигтэй зүйл гэж огтхон ч тооцдоггүй. Тулалдааны талбарт байршлаа чөлөөтэй солин давхилдаж дайсны эгнээ жагсаалыг ээлж дараалан харваж өдөөнө. Тэд агт морьдоо бараг л унасан эзнийхээ харсан зүгрүү жолоо сунган давхихаар нохой мэт сургасан  байх бөгөөд морьд нь ч жолоо эргүүлэх буюу өвдөгөөрөө хавчиж залсан зүгрүү ам мэдэн давхина.  Татар цэргүүд ухран зугатаахдаа эмээл дээрээ эргэн харж нэхэж яваа дайсныхаа цэрэг, морьдыг алдалгүй харван хороосоор буруулах бөгөөд нэхэж яваа дайсан ч цэрэг морьд нь цөөрсөөр байгааг онцгойлон анзааралгүй дийлж байна гэж хууртан хөөсөөр, нэхсээр, хорогдсоор байдаг. Татарууд зугатаан зулбаж явахдаа дайсны цэрэг, морьдоос хангалттай олныг хороосноо мэдэрмэгц гэнэт эргэн дайрч дайсны цэргийн үлдэгдлийг хүйс тэмтрэн сөнөөж ялалт байгуулдаг.

Хэн нэгэн этгээд бага сага зүйл хулгайлсан бол долоон удаа ташуурдан занчина. Хулгайлсан зүйлийн хэмжээ, учруулсан хохиролын байдлаас болж ташуурдах тоо арав араваар нэмэгдэн арван долоон удаа, хориндолоон удаа гэх мэтээр нэг зуун долоон удаа хүртэл нэмэгддэг бөгөөд олон олон гэмтэн хулгайч энэ шийтгэлийг даалгүй үхдэг байна. Морь хулгайлсан буюу өөр бусад цаазлах ялтай зүйлсийг хулгайлсан хулгайчийг сэлмээр тасар цавчин өчиггүй цаазлана. Хэрэв хулгайч хулгайлсан зүйлийнхээ үнийг ес дахин нугалан төлбөл цаазын ялаас хэлтрүүлнэ. Эзэн хаан бусад хаад ноѐд, язгууртан түшмэд маш их мал хөрөнгөтэй байдаг, тэдний сүрэг доторхи гүү, морь, тэмээ, шар үхэр, үнээ болон бусад бод малыг өөрсдийнхөө тамга тэмдэгээр тамгалана. Тийнхүү тамгалаж тэмдэглэсэн бод малыг хариулагагүйгээр бэлчээрт нь залах бөгөөд бусдын мал сүрэгтэй нийлж холилдвол тамга тэмдэгэр нь таньж ялгаж салгаж авдаг.

Энэ мэтээр Марко Поло монголчуудын талаар олныг үгүйлжээ.