9.19.2014

Модун шаньюй

Манай эриний өмнөх гурван зуу гаруй жилийн үеийн  хүннү нарын эзэн Түмэн Шаньюй их хатнаасаа Модун хэмээх ахмад хөвгүүнтэй байсан учир тэр хөвгүүн эцгийн орыг залгамжлах ёстой байжээ. Гэтэл Түмэн өөрийн хайртай бага хатнаас төрсөн хөвүүнээр угсаа  залгамжлуулах бодолтой байж. Арга сэдэж  Модун хөвгүүнээ Юэчжи аймгуудын холбоонд энхийн барьцаанд явуулаадчихаад  тус аймгийн эсрэг гэнэт довтолжээ. Юэчжи нар ч Модунг алахаар завдахад  ихээхэн ухаалаг тэрээр  самбаа гарган  хурдан  морь олж унаад нутагтаа эсэн мэнд зугатан иржээ. 

Түмэн Шаньюй арга буюу түүний ухаан, зоригийг үнэлж, нэг түмэн морьт цэрэг өгч захируулжээ.
Модун цэргүүдээ хатуугаар сургаж би өөрөө хаашаа юу харвана, тэр зүг ямарч эргэлзэлгүй харваж байх ёстой, хэрэв тэгээгүй хүн гарвал толгойг нь авна хэмээн тушааж, хатуу журам тогтоожээ.

Домогт  Модун нумаа татаад тавимагц сум нь исгэрэн дуугарч оддог байв хэмээдэг. Нэгэн өдөр Модун ан хийж явахдаа гэнэт өөрийн хүлэг морины зүг сум тавьжээ. Тэгэхэд цэргүүдийнх нь дийлэнх нь түүний хүлэг морийг харвасан боловч зарим нь харваж зүрхэлсэнгүй аж. Харин Модун харваагүй цэргүүдийнхээ толгойг тас цавчжээ. Мөн дараа нь  Модун өөрийн хатандаа сум зооход  зарим цэргүүд  нь айж балмбагдан харвалгүй бас л толгойгоо авахуулжээ.

Нэгэн удаагийн ангийн үед Модун өөрийн цэргийг одоо юунд ч хэрэглэсэн болох боллоо хэмээн үзээд  эцгийн зүг дуут сумаа харважээ. Цэргүүд нь ч бас цөм эцэг шаньюйн зүг сум харваж алжээ.

Энэ бол МЭӨ 209 он байлаа. Модун МЭӨ 234 онд төрсөн бөгөөд 25 насандаа хүннүгийн хаан болсон. Түүний засаглал МЭӨ 209-МЭӨ 174 оны хооронд үргэлжилсэн бөгөөд энэ үе хүннү нарын хамгийн хүчирхэг байсан ба  мөн төв Азид анхны төрт ёс үүссэн үе.

Модун  хаан болоод өөрсдийн шаньюй цолыг аваад эхлээд засаг захиргааны томоохон өөрчлөлт хийсэн.  Улсаа 24 түмд хуваан үе улиран зархирах баруун, зүүн цэцэн ван, баруун, зүүн гули ван, баруун зүүн жанждыг томилжээ. 24 түмтийн дарга нар мянгат, зуут, аравтын дарга нарыг томилно.

Модунг шаньюй болоход дорно зүгийн нэг аймаг дарамт үзүүлж  элч илгээн  шаньюйн мянган газрын гүйдэлтэй сайн морийг гуйсанд дуугүй л өгч түүний дараа дахин элч илгээж, хатныг нь гуйхад Модун бас л өгчээ.  Даварсаар  өөрийн аймагтай залгаа хүннү нутгийн үржил шимгүй хүн амьтангүй хэсэгхэн газрыг нэхэхэд  Модун  ихэд хилэгнэж цэрэглэн довтолж өөрийн улсдаа нэгтгэжээ.  Энэ дайнд мордохын өмнө Модун шаньюй "Газар бол улсын үндэс мөн" гэх алдарт үгээ хэлсэн гэдэг.

Модун өөрийн улсыг төвхнүүлчихээд МЭӨ 200 онд 30000 цэргээр өмнө зүгт оршиж байсан Хан улс руу довтолжээ. Урьд нь Цинь улсад алдсан Хүннүгийн харъяаны Ордос нутгийг эргүүлэн авав. Модун Хань улсын хилийн Май цайзыг дайран эзэлж, түүнийг хамгаалж байсан Хань улсын цэргийн жанжин Хань Синийг буулган авчээ.

Хан улсын хаан Лю Бан үүнийг сонсоод 300000 цэрэг дайчлан Модуны эсрэг хөдөлжээ.  Модун ялагдсан дүр үзүүлж, зугатжээ. Лю Бан түүний хойноос хөөж, их цэргээсээ хол тасарсан байна. Модун үүнийг ашиглан Пинчен хотын дэргэд гэдрэг эргэж, Лю Баны цэргийг бүслэн авчээ. Хань улсын цэрэг долоон хоногийн турш эсэргүүцэн байлдсан боловч Хүннү нарын бүслэлтээс гарч чадсангүй. Лю Бан Модун шаньюйд найрамдлын гэрээ байгуулах санал тавив. 

Модун Лю Баны гэрээ байгуулах саналыг хүлээн авч, Хүннү  Хан улсын хооронд найрамдлын гэрээ байгуулж, бие, биенийхээ тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ.

Үүгээр Хан улс Хүннү улсад жил бүр алба өгч байхаар болжээ. Энэ явдлын тухай "Ши цзи" зохиолд:
Цагаан хэрэмнээс хойших нум агсагчдын улс нь шаньюйн зарлиг дагаж, Цагаан хэрэмнээс урагших түшмэдийн бүс, малгай өмсөгчид  Лю Бан надад захирагдана... Хань улс, Хүннү улс хоёр бол мөр зэрэгцэх, хүчирхэг хөрш улсууд юм... хэмээжээ.


МЭӨ 174 онд Модун шаньюй нас барж түүнийг хүү Цзиюй залгамжилж, Лаошан шаньюй хэмээх цолтойгоор Хүннү улсын  шаньюй болжээ. 

0 comments:

Post a Comment