8.30.2014

Байбалык буюу Бийбулагийн балгас

Уйгурууд монгол нутагт өөрийн төр улсыг байгуулж явахдаа хэд хэдэн хот суурин байгуулсны нэг нь Булган аймгийн Хутаг Өндөр сумын төвөөс баруун тийш 10 гаран км зайтай Сэлэнгэ мөрний хөндийд буй эртний Байбалык  хотын үлдэгдэл балгас юм. Түүнийг нутгийн ардууд "Бийбулаг" хэмээн нэрлэж иржээ.

Байбалык хотыг байгуулсан  цагаас энд согд, хятад худалдаачид суурьшин сууж байсан ба зөвхөн худалдаачид төдийгүй бас согд номын багш нар ирж, бурхны шашин, мани шашныг номлож, шашны ном уйгур хэлээр орчуулж байжээ. Сурвалж бичгийн мэдээнээс үзэхэд Байбалык хот тухайн үедээ Төв Азийн соёлын  хөгжил цэцэглэлтийн  голомт болж байв. Энэ хотыг 840 оны үед Енисейгээс ирсэн Киргиз аймгийн нүүдэлчид довтлон нурааж уйгурын байгуулсан сүм барилгыг эвдэж, ном судрыг түймэрдэн оджээ.

Эл хотыг үүсгэн байгуулсан тухай Сэлэнгийн чулуу хэмээн алдаршсан Могойн шинэ усны хөшөө буюу Моюнчур хааны гэрэлт хөшөөнд “Сэлэнгэ мөрний эрэгт Байбалык хот байгуулахыг согд табгач нарт даалгалаа, би”  хэмээн дурдсан байдаг тул уг хотыг Моюнчур хаан үндэслэсэн гэж үздэг.

Байбалик хотын тухай бичгийн мэдээ энэхэн төдий ба хотын туурийг судлаачид өдий болтол гавьтай судлаагүй байна. Ажиглахад л тус тусдаа барьсан үндсэн гурван шавар хэрэм байх ба хэрмийн хийц нь Архангайн Хар балгасны хэрэмтэй адил шороо дагтаршуулан босгосон байдаг байна. Хойд талын гол хэрмэнд чулуугаар хийсэн арслангууд байсан нь энэ хавийн газрыг Арслангийн үүд гэж нэрлэх болж. Эндээс олон арслан ийш тийш зөөсний нэг хос нь Үндэсний түүхийн музейд бий гэж үздэг. Энэ бол Байбалык хотод арслан мэт хүндэтгэлийн чимэглэлийг үүдэнд нь тавьдаг орд харш байсны баримт гэж археологич Х.Пэрлээ тэмдэглэжээ.                            

8.26.2014

Өлзийт хааны бунхан

Иран улсын Занжонь мужийн Султания хот. Энэ газар цагтаа Мөнх хааны дүү Хүлэгүгийн байгуулсан Иль хаант улсын хоёрдохь нийслэл болон өргөжин тэлж Ази европыг холбосон худалдааны томоохон төв байв.
Одоо бол 1302-1312 онд баригдсан Өлзийт хааны бунхан гадна дотны аялагч жуулчдын нүдийг хужирлаж байна.
Иран улсын нийслэл Тегеран хотоос баруун хойш 240 орчим км-т орших энэ хотын суурийг 1290 оны үед ан гөрөө элбэг адуу малын бэлчээр ус сайтай хэмээн Иль хаан Аргун тавьж түүний дараа хүү Газан, Өлзийт нар үргэлжлүүлэн хөгжүүлжээ.
Султания хот дахь Иль хаадын үеийн хамгийн алдартай түүхийн дурсгал Өлзийт (1304-1316) хааны бунхан бол 200 тонн цэнхэр номин өнгийн гэр хэлбэр бүхий  бөмбөгөр дээвэртэй 49 метр өндөр байгууламж. Гурван давхар энэ том байгууламж дөрвөн их тал дөрвөн бага талаас бүрдэх дугуй хэлбэртэй бөгөөд мөн бөмбөгөр оройн тойрог нь 25 метр гэхэд нэг ч тулаас баганагүй өвөрмөц шийдэлтэй.

2005 онд ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвөөр бүртгэгдсэн эн байгууламжаас сэдэвлэн санаа авч Италийн Флоренцын Сант Мари цогчин дуган, Таж махал, Төмөр хааны бунхан зэрэг алдартай барилга байгууламжуудыг бүтээсэн хэмээн эрдэмтэд баталдаг.

8.18.2014

Эльтэрес хааны цогцолбор

Өвөрхангай аймгийн Уянга сумын төвөөс  17 км зайтай  Онгийн голын цутгал Таримал голд нийлдэг Мааньт хэмээх жижиг голын баруун биед орших Мааньт  уулын өвөр хормойд эртний түрэгийн нэгэн томоохон цогцолбор дурсгал байдаг. Үүнийг анх 1891 онд Н.М.Ядринцев хэмээх эрдэмтэн эхлэн судалжээ.  

Уг дурсгал нь уртаараа 68 м, өргөнөөрөө 48 м хэмжээтэй гонзгой дөрвөлжин шороон хэрэмтэй, зүүн талын ханандаа 3 м өргөн үүдэвстэй, тойрон хүрээлсэн шуудууны оромтой бөгөөд үүнээс зүүн зүгт 980 м зайд 166 балбал чулууг цувруулан зэл татжээ. Энэ дурсгалыг эрдэмтэд Түрэгийн Эльтерес хаан, Ильбилгэ хатан хоёрт зориулан босгосон гэж үздэг.

Гол  хөшөөний дээд нүүрэн талд эртний Түрэгийн овгийн гол билэгдэл янгирын тамгыг сийлж, түрэг бичээсийг дөрвөн талд нь мөр мөрөөр дээрээс доош чиглэлээр сийлжээ.


Онгийн голын түрэг бичээс ч гэж нэрлэгдэх энэхүү дурсгалын ерөнхийй агуулга нь Түрэгийн дээд өвөг Буман хаан дөрвөн зүг, найман зовхисын түмнийг хяхан унагаж  даран сөнөөсөн, мөн захирсан хаанаа хөөн тонилгосон, түрэгийн ард түмэн наран ургах зүүн зүгээс наран шингэх баруун зүг хүртэл тархан суусан, баатар эрс балбал чулууг талбиж Түрэгийн ард түмний алдар мөхөх дөхсөн гэх мэт өгүүлсээр  хонин жилийн долоон сард дээд тэнгэр хүчит баатар хаан халин одож сэцэн тамачыг хөдөөлүүлсэн тухай өгүүлдэг байна.

Хэрлэн Барс хотын туурь

Сайхан мэдээ.  Хэрлэн Барс хотын  үлдсэн ганц долоон давхар 22 метр өндөр суваргийг  сэргээн засварлах ажил хийгдэж байна.

Хэрлэн барс хотын туурь бол манай тооллын есдүгээр зууны үед хүчирхэгээр мандаж явсан Киданы үеийн Төв Азидаа ганц үлдсэн хотын туурь юм. Энэхүү туурь нь Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт Тогоонтөмөр хааны Барс хотын тууриас  баруун тийш 12 километрт Улаанбаатар хотоос Чойбалсан хот хүрэх зам дагуу  Хэрлэн голын эрэгт оршино.

 Тэр үед Киданчууд нийслэл хотоо энд байгуулахаар шаваа тавих үед нь нутгийн хүмүүс бараар далайлган айлгаж буцааснаар ийн нэрийдсэн хэмээн домоглодог.

1953 онд хийсэн хайгуул судалгаагаар  Хэрлэн Барс хоттой  холбогдох хоёр ч хэрмийг ойролцоо нь илрүүлсэн ба суварга бүхий их хэрэмт хотыг  нь хэмжихэд хааш хаашаа 1600-1800 метр , зузаан нь 4 м, өндөр нь 1,5-2 м байсан хэмээн тогтоосон. Хэрмийн дотор болон зүүн талд тав болон долоон давхар хоёр суваргатай байжээ.

Археологич Х.Пэрлээ гуай Хэрлэн барс хотын их  хэрмийн доторхи дөрвөн барилга, бага хэрмийн орчин тойрны жижиг барилгын суурь, мөн шохой шатааж байсан зуухны ор зэргийг малтан шинжилж олсон ба мөн том бурхны сэнтий, дээврийн хөх тоосгон ваар, том жижиг хэмжээний угалзтай, угалзгүй тоосго, шавар баримал, ур хийц сайтай бурхны үлдэгдэл, бурхны баримал чимэглэлийн хэсэг,  мал адгуусны дүрс, цац, сийлбэртэй мод, яс, төмөрлөг зүйл илрүүлэн  уг газар бурхан шүтээний сүм хийд  байсан болохыг тогтоосон байна.

Хэрлэн Барс хотын хөх тоосгоор барьсан тав, долоон давхар хоёр суварга нь хийц маягийн хувьд Энэтхэгийн суварганы хийцтэй  бөгөөд 1940-өөд он хүртэл хананд нь том бурхны зураг  байжээ. Таван давхар суварга нь 1940-өөд онд нурж, долоон давхар суварга нь өнцөг булангаасаа нурсаар өдий хүрчээ.


Судалгаанаас харахад  энд чулуугаар барьсан дөрвөн сүм байсны гол их сүм нь их хэрмийн хоймор байжээ. Дуганууд нь 4-6 баганатай өнгийн паалантай шатаасан хөх тоосго ба шавар баримал хээ угалзаар нарийн чимэглэгдсэн тансаг сайхан зүйл байжээ.  Уг хот болон сүмийг 1731 онд Монголоор явсан хятад жуулчин Гүн-чжи-яо үзэж өөрийн тэмдэглэлдээ тэмдэглэжээ.


Энэ хот нь киданчуудын байгуулсан олон хотын нэг бөгөөд энэ улсад Бүддийн шашин их дэлгэрч олон лам нар бүхий сүм хийдүүдтэй байсан гэж түүхийн тулгар бичгүүдэд гардгийг баталж байгаа ба Хэрлэн Барс хотын малтлагаас олдсон олдворуудын ихэнх нь бурхан шашны зүйл боловч эрдэмтэд  чухамдаа энэ газар Киданчууд өөрсдийн  эзэлсэн баруун хойд зүгийн аймаг угсаатны эсэргүүцлийг дарангуйлж, Хэрлэн голд гол төлөв нүүдэлчдээс дайчлан бүрэлдүүлсэн олон анги цэрэг суулгаж, байсны нэг анги нь Барс хотын их хэрмэнд түр сууршин сууж байсан гэж үздэг.

8.17.2014

Сүлдүс аймгийн хүлэг Чулуун

Их эзэн Чингис хаанд  дөрвөн хүлэг Боорчи, Мухулай, Борохул,Чулуун дөрвөн нохос Хубилай, Зэлмэ, Зэв, Сүбээдэй хоёр хошууч Жорчидай, Хуйлдар зэрэг олон үнэнч нөхөр дайчид байлаа.
Чулуун бол сүлдүс аймгийн Сорхон шарын хоёрдугаар хөвгүүн. Сүлдүс аймаг бол Төрлөгин монгол аймаг болох ба өөрийн нутагт тал дүүрэн ургах өвсний нэрээр ийнхүү нэрлэгджээ. Сорхон шар тайчууд аймгийн Төдүгэгийн харъяат бөгөөд Төдүгэ бол тайчуудын нэгэн салбарын тэргүүн ба Хадаан тайжын хүү аж.

1177 онд Тэмүжин тайчуудад баригдан зүдэж явахдаа Сорхон шар түүний хоёр хөвгүүн Чимбай, Чулуун болон охин Хадааны туслалцаатайгаар мултран гэртээ харьснаа ямагт санаж хожим:

Намайг өчүүхэн цагт тайчуудын Таргудай Хирилтуг, ах дүү нартайгаа нийлж атаархан барих хөвүүн Чулуун Чимбай нар, намайг ах дүү нартаа атаархагдсан ажээ гэж нууж, охин Хадаанаар асруулж  байгаад тавьж илгээсэн бишүү. Чиний тэр ачийг би харанхуй шөнө зүүдэндээ бодож, гэгээн өдөр цээжиндээ санасаар явсан билээ. Дараа нь тайчуудаас надад баахан удаж ирэв. Одоо соёрхлыг єгье. Ямар соёрхлыг хүсч байна?" хэмээн Сорхон шард соёрхол хайрласан тухай “Монголын нууц товчоо”-нд  тодорхой дурссан байдаг.
цагт Сорхон шарын

Чулуун бол идэрхэг дайчин эрэмгий баатар бөгөөд нэгэн удаагийн байлдаанд  мориноосоо унахад дайсан этгээд түүнийг дуусгахаар мориороо гишгүүлэн гарахад Чулуун  гэнэт босон жадаа барин гэнэдүүлэн дайрч  түүнийг устгаж байхыг харсан Чингис хаан “Дайтаж байхад мориноосоо унаад дахин байлдах хүн ямар тэнхээтэй байх вэ? Морьтонтой тулалдаад толгойг нь авсан явганыг би хараагүй. Энэ баатартай адил хүнийг би үзээгүй” хэмээн шагширсан  тухай
Рашид-аддины “Судрын чуулган”-д өгүүлжээ.

1206 онд их Монгол улс байгуулагдсны дараа их хаан Чулууны эцэг Сорхон шарыг наян найман гавъяатны хорин долдугаарт шагнаж мянганы ноён болгон  олсон олз, агнасан ангаа өөртөө авч байхыг соёрхон  есөн удаа осол гаргавч яллахгүй хэмээн зарлиглаж тэдний удмынханд Сэлэнгийн нутагт газар дархлан өгчээ.

Мөн Чулуун нарт "Урьд Чулуун Чимбай та хоёрын хэлж байсныг яаж мартах вэ? Чулуун Чимбай та хоёр санаснаа хэлье гэвэл, дутуугаа гуйя гэвэл дам хүнээр бүү хэлүүлж бай. Өөрийн биеэр уулзаж, өөрийн амаар санаснаа хэлж, дутсанаа гуйж бай" гэж зарлиг болсон.

Хүлэг баатар Чулуун хожим Өгөөдэй хааны үед Алтан улсыг дайлах дайнд оролцож явжээ.

Өстөн дайсныг дарахад
Өмөг түшиг болсон
Өлгий нутгаа нэгтгэхэд
Өрлөг хүчээр зүтгэсэн
Харьтан дайсныг дарахад
Хатан зүрхээр хатгалдсан
Хамаг монголыг тохинуулахад

Халшрашгүй тэмцсэн Чулуун минь хэмээн их эзний магтсан хүлэг баатар Чулуун.

8.13.2014

Жүрхэн аймгийн хүлэг Борохул

Жалайрын Тэлэгүтэ баяны гурван хүүгийн нэг Зэвгийн жүрхэний нутгаас олж Өүлэн эхэд өгч асруулсан хүү бол Борохул юм. Ингээд Өүлэн эх мэргидийн нутгаас олж авсан Хүчү нэрт хүү, тайчуудын бэсүдийн нутгаас олж авсан Хөхөчү, татаарын нутгаас олж авсан Шихихутуг, жүрхэний нутгаас олж авсан Борохул нэрт дөрвөн хөвгүүнийг хүүхдүүдийнхээ өдөр үзэх нүд, шөнө сонсох чих болгон хүмүүжүүлж өсгөжээ.

Эдний дотроос Борохул цэргийн эрдэм чадлаар товойн гарч их хааны дөрвөн хүлэг баатрын нэг болж олон дайнд оройлон явсаар их Монгол улс байгуулагдахад наян найман гавъяатны арван тавд шагнагдаж мянганы ноён болсон.

Борохул 1203 онд болсон Хархалзан элээтийн  байлдаанд Өгөөдэйн шархадсан хүзүүн нөжөрсөн цусыг амаараа цэвэрлэн сорж, завьжаараа цувуулан урсгасаар мориндоо дүүрэн ирэхэд Чингис хаан ихэд уяран нулимс унаган суусан гэдэг.

Чингис хаан 1206 оны их хуралдай дээр хүмүүсийг урамшуулан шагнаж байхдаа Борохулыг магтан сайшааж  Өгөөдэйн амийг хэрхэн аварсныг дахин дурсаж бас Борохулын эхнэр Алтан эр Борохулдаа өрөөсөн арал мэт тусалж явсны дээр Толуйн амийг авран тус хүргэсэн билээ гээд:
Эхийн минь зовж тэжээсэн ачийг хоёр хөвүүний минь амийг аварч хариулав. Борохул надтай нөхөрлөж, уриалах дуунд минь уухайгаа нэмж урагшлан түрж явав. Охин ургаа соёрхон, есөн удаа осол гаргавч яллахгүй хэмээн зарлиглажээ.

1215 онд  монгол цэрэг Алтан улсын нийслэл Жунду хотыг эзэлсний дараахан ойн иргэдүүд бослого тэмцэл гаргалаа хэмээн сураг авч  түүнийг даруулахаар Наяа ноёныг томилсон боловч  Наяа ноён өвчтэй гээд явж чадахгүй болсныг Чингис хаанд айлтгахад  хаан хэсэг бодсоноо Борохулыг томилжээ. Энэ дайнд Борохул ноён алагдсан юм.


Их хаан үүнийг сонсоод маш их хилэгнэн гашуудаж өөрөө морилохыг завдсанд  Боорчи, Мухулай хоёр ятган болиулж дөрвөдийн Дөрбай догшныг томилон явуулж уул бослогыг даруулжээ. Дарагдсан хорь түмэдээс зуун иргэдийг Борохулын хүүр ясны төлөө түүний хоёрдугаар хүү Тачарт өгчээ.  Тачар хүмүүсээ авч урагш Хуньшань ууланд нүүн очиж суурьшсан нь одоогийн Хөх хотын түмэдийн дээдэс болов гэдэг.

8.12.2014

Арвагар хээрийн домог

Эрт цагт нэгэн айлын гадаа хэсэг аянчид буужээ. Айлын эхнэр гэртээ ороод хар хvндээ хэлж байна. Энэ баруун голын цаад хөвөөн дэхь аянчдын гадаа алс нь чи бид хоёрыг баярлуулах нэг адуу байна. Наад талын цэнхэр майханд нэг буурал толгойтой өвгөн байна. Тэр л эзэн нь болов уу аягvй бол 4 гүүнээс доош өгөхгүй гэж үнэрхэх байх даа. Тэр гадаа нь уяатай буй хар даагыг өртөг хайрлахгүй худалдаж аваад ир гэжээ. Хархүү хүүхнийхээ ажигч шинжээч байдлыг мэдэх тул аргагүй үгэнд орж аянчны гадаа очоод үзвэл арчаагүй муу атигар хар даага байна гэнэ.

Ингээд хархүү зүүн зүгээс яваа аянчидтай уулзан наймаа хэлэцэв, “Хар даагыг арван унагатай гүүгээр өгнө” гэж vнэрхжээ. Ийм юм авна гэвэл эцэг эх минь уурлана, авахгvй гэвэл эхнэр маань ундууцна хэмээн эргэлзээд буцан ирэн эхнэртээ хэлвэл “4 гүүний мэдэлгvй амьтан уу чи” хэмээн уурлан өөрийн эцэг эхдээ “энэ хар даагыг vнэ хайрлахгүй авч өгөөч ” гэж гуйсанд малч хичээнгvй авхаалж сэргэлэн охиноо нэг учиртай хэлээ биз гэж санаад хэлсэн дор нь авч өгчээ.

Дараа жил нь нөгөө хар шүдлэнгээ наадамд уяж уралдуулсанд түрүүлэн ирж асрын үүдэнд айргаар мялаалган “аравгар хээр” хэмээн цоллуулж ард олонд нэрээ цуурайтуулжээ. Үүнээс хойш долоон хошуу даншиг наадамд тасралтгүй хорь шахам жил түрүүлээд эцэстээ арвагар хээр араг буюу хөгшрөн зөнөжээ.

Тэднийх уламжлалт ёсоор хурдан морьдоо уяж сойход нь арвагар хээр нь уяан дээрээ өөрөө ирж зогсоод явдаггvй байжээ. Гэтэл эзэн нь “зөнөг хээр яах нь вэ” гэж хичнээн хөөвч хангинатал янцгааж торомгор хар нvднээсээ нулимс бөмбөрүүлэн байсанд “заяа нь гомдоно хөтлөөд яв ” гэж эхнэр нь хэлжээ.

Аравгар хээрийг ногтлон хөтлөөд наадамд очиж их насны морьдын уралдаанд давхиулжээ. Морь уралдан давхихад өвгөн хээр хамгийн түрүүнд явж гэнэ. Гэтэл ноёны нэг морь хойноос нь гүйцэн зөв талд нь зуузай холбож явснаа яг барианд орохын даваанд гэнэт түрүүлэн гарахад түүний сүүлний угыг нь аравгар хээр хазаж аваад дороо үсрэн ойчсон гэдэг.

Наадамчдын цуглан ирэхийн сацуу эзэн хүүхэн нүднийхээ нулимсыг мэлмэрүүлэн толгойг нь түшэхэд аравгар хээр дахин нэг өндийн янцгаагаад амьсгаагаа хураажээ.

Наадамчин олны хүсэлтээр түрүүлсэн морины бай шагналыг аравгар хээр моринд эцсийн удаа олгон эзэн хүүхэнд нь гардуулжээ. Тэр хүүхэн нөхөртэйгээ хоёул аравгар хээр мориныхоо молор эрдэнийг анх удаа наадамд түрүүлсэн шар талын дундахь нэгэн толгойн энгэрт аваачин оршуулжээ.

Үүнээс хойш уг талыг аравгар хээрийн тал гэх болж нэр нь сунжирч хувирсаар Арвай хээрийн тал гэх болж дээ.

Шаргын говь

Шаргын говь нь монгол Алтайн нурууны төв хэсэг рүү түрж орсон Шаргын цагаан нуурыг тойрсон цөлөрхөг газар. Шаргын хотгор нь урд талаараа Алтайн нуруу, баруун хойд талаараа Дарвийн нуруу, зүүн хойгуураа Хасагт хайрханаар хүрээлэгдэнэ.

1993 онд монгол бөхөнг хамгаалах зорилгоор Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви, Шарга, Халиун, Төгрөг сумдын нутгийг хамарсан Шарга байгалийн нөөц газрыг байгуулсан билээ.

Шаргын хотгорт хамгийн түгээмэл тархацтай амьтан бол монгол бөхөн бөгөөд хар сүүлт ч элбэг. Дарвийн нуруундаа шилүүс ирвэстэй ба гүйдлээр чоно үнэг тааралдана.

Шаргын говийн хамгий нам дор хэсэгт байх Шаргын цагаан нуур нь Шарга сумын төвөөс 30 гаруй км зайд далайн түвшнээс дээш 964 метрийн өндөрт 15 орчим метр квадрат талбай эзлэн оршино. Шаргын гол болон гүний усаар тэжээгдэх ба эрэг нь нам, намаг ихтэй ёроол нь лаг шавартай бөгөөд эргэн тойрон нь давс шүүгээр хучигдсан байдаг. Дэрс, заг, сухай их ургасан томоохон баянбүрд бөгөөд энд хар сүүлт, зэгсний гахай элбэгээс гадна усны шувууд олноор ирж зусдаг.

Шаргын говийн чимэг бол монгол бөхөн. Турьхан биетэй, том хамартай, бөгтөр биетэй, бүрэгдүү нэгэн боловч эрдэмтэд бөхөнг мөстлөгийн үеэс үүдэлтэй хэмээжээ. Дэлхийн улаан номд данстай монгол нутгийн уугуул амьтан монгол бөхөн Шаргийн говь, Хүйсийн говь, Манханы талаар л цөөхөн тоотой бөгтийн гүйж явна.

8.07.2014

Манзуширын хийд

Манзуширын хувилгаан анх МЭӨ II зуунд Жагар орноо тодорч, түүнээс хойш Энэтхэгт хоёр, Түвдэд найм, Монголд таван удаа  хувилсан  түүхтэй ба Манзушир  гэдэг нь  оюун билгийн тэнгэрийг сахих бурхан гэсэн утгатай үг гэнэ. 

1733 оны хавар Богд хан ууланд хийд байгуулах газар шинжин яв
сан Халхын анхны Манзушир хутагт эл газраас  цагаан чулуугаар сийлсэн  цагаан өвгөн, хаш чулуун найдан бурхан олдсонд ихэд  билэгшээн хийдийн шавыг тавьсан гэдэг. Хийдийн анхны сүм болох Өвгөн лавринг Сэцэн ханы өргөсөн 800 лан мөнгөөр барьсан ба Манзуширын хийдийг монгол барилгачид, чулуу засагч урчууд, сүсэгтнүүдийн хамт мод чулууг үхэр тэргээр зөөж босгожээ.

1770 онд Шар хүрээ хэмээх Богдын ордонг барьж, Хангал, Цогчин, Эргэдэг Майдар, Суварган сүм, Сэрүүн лаврин, Мамба, Цанид, Жүд, Мангал зэрэг олон сүм дугантай болж  уран барилгын гайхалтай шийдлээрээ  эдгээр сүмүүд нь Богдхан уулын үзэмжит сайхан байгальтай зохицон нийцэж  Халхын ар Утай хэмээн алдаршжээ.

200 гаруй жилийн түүхтэй Манзуширын хийдийг 1937 оны хэлмэгдүүлэлтээр нураан буулгах үед 20 гаруй  барилга байгууламж, 300 лам нартай байжээ. Манзушир хийдийн сүүлчийн хутагт Цэрэндорж хилс хэрэгт баригдан 1937 оны аравдугаар сард цаазлуулсан байна.  


Ийнхүү олон зуун жилийн түүхтэй Манзуширийн хийд эзгүйрч, аймгийн яамны шийдвэрээр барилгуудыг нь ийш тийш зөөснөөр хийдийн туурь л үлджээ. Манзуширын хийдийн байрлал нь уулын энгэрт газрын налууг дагуулсан хамгийн дээр нь цогчин дуган барьж, бусад барилгуудыг доош нь үелүүлэн барьсан нь холоос ихэд  үзэмж төгс харагддаг байжээ.    Харин хийдийн хойд талын хаднууд дээр сийлсэн бурхадын зураг өнөөдөр ч гэсэн байсаар байна. 

Мөн Манзуширийн хийд устаж ором төдий үлдсэн ч тэртээ нэгэн цагт тэнд бүтээсэн Сандуйн жүд , Доржзодов  хэмээх 52 кг алт, 400 кг цэвэр мөнгө орсон гайхамшигт судрууд хадгалагдан үлджээ.

8.06.2014

Жалайр аймгийн гоо ван Мухулай

1197 онд Чингис хаан Жүрхэн аймгийг дарсны дараа  Жалайр аймгийн Тэлэгүтэ баян өөрийн гурван хүү Хүмүүн гуа, Чулуун хайч, Зэвгэ гурваа дагуулан түүнийг дагажээ. 
Хүмүүн гуа өөрийн хоёр хөвгүүн Мухулай, Буха харин Чулуун хайч мөн хоёр хөвгүүн Түнгэ, Хаш нараа Чингис хаанд босгоны чинь боол, үүдний чинь өмч болтугай хэмээн өргөсөн байдаг.

Жалайр аймаг бол Онон мөрөн орчмоор нутагладаг хүн амаар зэгсэн олон Рашид-Аддины “Судрын чуулган”-нд бичсэнээр түрэг гаралтай аймаг бөгөөд Чингис хааны наймдугаар үеийн өвөг Хачи хүлэгийн эхнэр Номулун болон зургаан хөвгүүнийг алсны учир бага хүү Хайду нь тэднийг дарж үеийн үед боол зарцас болгожээ. Тиймээс жалайрчууд хүчирхэг баян аймаг ч боржгон аймаг лугаа ураглаж болдоггүй ёстой гэнэ.

Мухулай бол Хүмүүн гуагийн гуравдугаар хөвгүүн бөгөөд 1170 онд төржээ. Сайшаал гуайн “Чингис хааны товчоо”-нд Мухулай биеийн өндөр нь долоон тохой, төрсөн зүс харавтар, битүү хар сахалтай, даруу шулуун, үнэнч шударга, баатар эрэлхэг, харвах намнахдаа гайхамшигтай хэмээн тэмдэглэжээ.

Мухулай их хааныг дагаснаас хойш Их монгол улсыг байгуулах бүх байлдаанд гарамгай идэвхтэй оролцож дөрвөн хүлэг баатрын нэг болж 1206 онд наян найман гавъяатны гуравт шагнагдаж зүүн гарыг захирах түмний ноён болсон.

Алтан улсыг дайлах дайнд гол замын цэрэгтэй явж Шандун мужийг эзлэн авч байсан ба 1214 оноос ганцаар цэрэг захиран үлдэж Алтан улсын Умард болон зүүн нийслэлийг дараалан буулгаж авсан байна.

1217 оноос Чингис хаан азтай байхын билэгдэл хэмээн Мухулайд улсын Гоо ван хэмээн цол соёрхож онгуудын түмэн иргэнийг өгсөн ба мөн нэг мянган түүвэр цэрэг, дөрвөн мянган урууд, Буту хүргэний хоёр мянган ихэрэс, Хуйлдарын хөвгүүн Мөнхийн нэг мянган мангууд, Алчи ноёны гурван мянган хонгирад монголчуудаас гадна кидан зүрчидээс дагасан цэргүүдийг  түүнд захируулж Хятадын мужууд ба Зүрчидийн эзэмшлээс эрхшээлдээ оруулсныг хамгаалж байх, захирагдаагүй хэсгийг нь боломжын хэрээр байлдан эзлэхийг даалгасан байна.

Мухулай 1223 онд Шаньси мужид өвчнөөр нас баржээ. Хорезмын газар байлдаж явсан Чингис хаан энэ мэдээг сонсон маш ихээр гашуудсан гэдэг ба Мухулайн хүү Борыг зүүнш буцаан түүнийг залгамжлуулахаар явуулжээ.

Их хааны:
Ирэх дайсны ирийг мохоож
Буцах дайсны борвийг хянгардаж
Дайсны хөрөнгөнөөс
Тасархай утас орхилгүй, хугархай зүү гээлгүй
Хураан авч ирдэг жалайрын сайн Мухулай минь

                                                   хэмээн магтан дуулсан хүлэг баатар гоо ван Мухулай.

8.03.2014

Монголчууд дэлхийг ноёрхсон нь

Чингис хаан нас барсны дараа түүний хүү Өгөөдэй их хаан болжээ. Чингис хийгээд түүний хамтран зүтгэгч монголчуудыгаа бодвол Өгөөдэй энэрэнгүй үзэлтэй энхийг эрхэмлэгч хүн байв.

Гэвч байлдан дагуулалтын үе дууссангүй, монголчууд улам цааш тэмүүлсээр байлаа. Тэд их жанжин Сүбээдэйгээр удирдуулан Европ тийш дахин довтолсон юм. ­Европын армиуд, цэргийн жанжнууд Сүбээдэйг яаж ч чадахгүй байв. Тулалдааны талбарт тэр цэрэг дайны асуудлыг гарамгай мэддэг нь харагдаж түүний дэргэд европын цэргийн жанжнууд шушимай хүүхэд адил байв. Сүбээдэй Багдад  баруун өмнөдөд орших сельджукийг хөндөлгүй шууд Орос руу зүглэжээ. Тэр зургаан жил ямагт урагшлан давшиж Москва, Киев, Польш,Унгар, Краковыг эвдлэн сүйтгэжээ. 1241 онд Польш Германы цэрэг Европын доод Силезид орших Легницын дэргэд бут цохигджээ. Европ нийтээрээ сүйрсэн мэт санагдаж монголчуудыг хэн ч хорьж чадахгүй байлаа.

Европын хаад, эрх баригчид мөхлийн даваан дээр тулж очоод байтал гэнэт аврагджээ. Өгөөдэй нас барсны дараа монголын арми нэг ч удаа ялагдаж байгаагүй ч гэсэн 1242 онд дорно зүг эх нутгаа чиглэн буцжээ. Европ дахин амьсгаа авч уужирч тайвширчээ.

Мөнх хааны үед бас л дахиад байлдан дагуулж эвдлэн сүйтгэх болжээ. Мөнхийн дүү Хүлэгү Персийн эзэн хаанаар сууж байв. Багдадын халиф Хүлэгүгийн уурыг хүргэсэн учир түүнд элч илгээж, амалснаа биелүүлсэнгүй хэмээн зэмлээд хойшид хүн төрхтэй байвал таарна, тэгэхгүй бол эзэмшлийг чинь хасна гэж анхааруулжээ. Халиф их л мунхаг хүн байсан учир урьдах туршлагаас сургамж авсангүй. Тэр халиф Хүлэгүгийн эгдүү хүргэсэн хариу өгч, элчийг нь Багдадын цугларсан олноор доромжлуулсан байв. Хүлэгүгийн монгол зан түүнийг тэвчээгүй нь лавтай. Хилэн нь хөдөлсөн Хүлэгү Багдад руу очиж дөч хоног бүслэн хаасны дараа эзлэн авчээ. “Мянга нэгэн шөнийн үлгэрийн хот” хийгээд таван зуун жилийн турш хураасан эд баялаг тийнхүү эцэс төгсгөл болжээ.

Алеппо Эдесс болон бусад олон хот ч мөн тэгж сөнөж Өрнөд Ази тийнхүү шөнийн харанхуйд орсон ажээ. Палестинд илгээсэн монголын арми Египетийн султан Бейбарсад ялагдсан байв.
Мөнх хаан 1259 онд нас баржээ. Нас барахынхаа өмнө бас Төвдийг эзэлжээ. Тэгээд хятадын захирагч Хубилай их хаан болж. Хубилай хятад оронд удтал суусан ба тиймээс нийслэлээ Хархорумаас Бээжинд шилжүүлж Ханбалык буюу эзэн хот гэсэн нэр өгчээ. Хубилай хятадыг байлдан дагуулж дууссан боловч түүний хийсэн аян дайн монголчуудын хийж байсан түрүүчийн аян дайнаас нэн ялгаатай байв. Харгислаж эвдлэн сүйтгэх нь эрс багасчээ. Хубилай Тонкин, Аннам хийгээд Бирмыг өөрийн эзэнт улсын бүрэлдхүүнд нэгтгэжээ.

Зөвхөн цэвэр тохиолдлоор л Өрнөд Европ монголчуудын довтолгооноос аврагджээ. Туркийн сельджукууд монголчуудад захирагдан алба барьдаг байлаа. Ганц египетийн султан монголын армид цохилт өгсөн боловч хэрэв хичээсэн бол монголчууд түүнийг байлдан дагуулах л байсан гэдэгт эргэлзэх юм байхгүй билээ. Монголын хүчирхэг эзэнт гүрэн Ази Европыг нэвт дамнан тогтнож байлаа. Урьд нь хэн ч тийм эзэнт гүрнийг байгуулж байсангүй. Тэр үед монголчууд үнэхээр дэлхийг эзэгнэгч гэж санагдахаар байв.

Энэтхэг орон тэдний ноёрхлын гадна үлджээ. Хэмжээгээрээ Энэтхэгтэй адил нутаг дэвсгэр бүхий Өрнөд Европ бас эзэнт улсын хүрээнд ороогүй байв. Гэвч бараг өрөвч сэтгэлийн үүднээс л тэдэнд халдаагүй бөгөөд тэднийг залгия гэсэн санаа монголчуудын толгойд орсон л бол гүйцэх нь тэр байлаа. Арвангуравдугаар зууны үеийн байдал ийм шиг л төсөөлөгднөм бус уу.


Ж.Неру “Ертөнцийн түүхийг сөхөн үзвэл” номноос хэсэгхэн

8.01.2014

Аралуд аймгийн хүлэг Боорчи

Их хаан Чингист  дөрвөн хүлэг баатар Боорчи, Мухулай, Борохул, Чулуун дөрвөн хошууч буюу нохос Зэлмэ, Зэв, Хубилай, Сүбээдэй хоёр манлай Зорчидай Хуйлдар зэрэг дотно итгэлт нөхдүүд үйлчилж байснаас хамгийн анх нялх багадаа буюу арван гурван наснаасаа нөхөрлөсөн нь Боорчи билээ.

Боорчи бол Аралуд аймгийн Наху баяны ахмад хүү. Аралуд овогтон бол Тэмүжины зургадугаар үеийн өвөг Хайдугын хоёрдугаар хөвгүүн Чэжүн Өртэгэйн гуравдугаар хөвгүүн Аралудын хойчис.

Тэмүжин тайчуудаас зугтан гэртээ харьсны дараахан найман шарга морио гэрийнхээ гаднаас алдан тэднийг мөшгөн явж байгаад Боорчитой тааран, Боорчи гэртээ ч хэл өгөлгүй түүнд хэрхэн туслан морьдыг эргүүлэн авч байгаа тухай “Монголын нууц товчоо”-нд дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Тэдний нөхөрлөл ийнхүү эхлэн Тэмүжин Бөртэ хатныг бэр буулгаж Цэнхэрийн голд авчирсны дараа түүнд нөхөрлөе гэж хэлүүлэхэд бөгтөр хонгор морио барьж унан шууд ирж нийлжээ.

Далан нөмрөг хэмээх газар татартай тулалдаж хоноход шөнөжин орсон бороонд эзнээ норгохгүй тайван унтуулахын  тулд цув нөмөргөн зогсохдоо ганц л удаа хөлөө сэлгэн гишгэсэн гэдэг. Боорчи бол Чингис хаанд чин үнэнч, нөхөрсөг уужуу сэтгэлтэй эрэлхэг баатар билээ.
1189 онд Тэмүжин Хамаг монголын хаан болоод Боорчийг “Хамгийн ахлагч” болгожээ. Тэр бусдыг сургадаг ч бусдаас суралцдаг онцгой чанартай нэгэн байв. Их монгол улс байгуулах бүхий л хэрэгт идэвхийлэн оролцож явсаар 1206 онд  наян найман гавъяатны хоёрдугаарт шагнагдаж Алтай орчмын баруун гарын түмний ноён болж есөн удаа эндэгдэл гаргасан ч ял үл хэлэлцэх онцгой соёрхол хүртжээ.

Боорчи Хорезмыг дайлах аян дайнд оролцож явсан  бөгөөд их хаантай үргэлж хамт байж дотно зөвлөх нь байлаа. Боорчи 1222 оны 3 сард Чань Чун бумбыг хааны зарлигаар 1000 хуягт цэргээр хамгаалан Самарканд хотоос Төмөр хаалганы боотоор гарган Бараан хээр хэмээх газар байсан Чингис хааны ордонд хүргэж байжээ.

Мөн л Их хааны сүүлчийн аян дайнд оролцсон ба “Монголын нууц товчоо”-нд Чингис хаан Цаст ууланд зусаж, цэргээ явуулж  Аша хамбыг дагаж ууланд дутаан бvгсэн тэрэм гэртэн, тэмээн ачаатан тангудыг хураан эзэлж авав.
Тэндээс Боорчи Мухулай хоёрт "Тангуд иргэнээс чадлын хэрээр автугай!" гэж соёрхоод зарлиг болруун: "Боорчи Мухулай хоёрт хятад иргэнээс соёрхож эс єгсєн билээ. Хятад иргэний жүйнийг та хоёр адил хувааж авагтун! Тэдний сайн эрсээр шувуугаа бариулж дагуулж явагтун! Сайхан хүүхнээр нь эхнэрүүдийнхээ хормойг засуулж явагтун! Хятад иргэний Алтан хааны итгэлт янагууд нь Монголын өвөг эцгийг хорлосон Хар хятадын жүйн байсан билээ. Одоо миний итгэлт янаг нєхєд  Боорчи Мухулай та хоёр бишvv !" хэмээн зарлигласан байдаг.

Боорчи Өгөөдэй хааны үед өөд болсон бөгөөд түүнийг залгаж баруун түмний цэргийг Хубилай хааны үед Боорчийн хүү Илтөмөр захирч байжээ.

Их хааны:
Айл зуур явахад
Алаг бяруу мэт номхон байвч
Алалдах дайсантай учрахад
Арслан барс мэт догширч
Аюулт дайсныг дарахын төлөө
Амь биеэ үл хайрлагч
Ачит хүлэг Боорчи минь

                                            хэмээн магтан дуулсан Аралудын хүлэг Боорчи билээ.