9.12.2014

Уран болон Тулга Тогоо Жалавч уулс

Эдгээр сайхан уулс Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт, Улаанбаатараас Мөрөн орох замын дагуу оршдог, унтарсан галт уулс юм.

Уран уул бол төв зам дагуу харагдах ба уг уулыг 1965 онд улсын тусгай хамгаалалтад авсан бөгөөд ДТД 1686 метр өндөр, орой дээрээ 500-600 метр өргөн, 50-60 метр гүн тогоотой, тогоондоо 20 метр орчим голчтой, 1.5 метрийн гүн нууртай бөгөөд нуурын эргэн тойронд ой мод хүрээлсэн 20-25 мянган жилийн өмнө аймшигт халуун хайлмагаар буцалж байсан гэлтгүй үзэсгэлэнтэй уул.

Харин Тулга, Тогоо, Жалавч уул нь Уран уулаас урагш 12 км зайтай оршдог бөгөөд дөрөвдөгч галвын үед оргилж байсан уулс юм.

Тулга уулын тогоо нь зүүн хойшоо, урагшаа, баруун хойшоо сэтрэн элэгдэж эвдрээд тулганы гурван чулуу шиг гурван хэсэг дугуй ханан толгой болон үлджээ. Эдгээр сэтэрхий нь тулгын гурван чулуу шиг харагддаг учир Тулга гэж нэрлэсэн байна. Тулга уул нь далайн төвшнөөс дээш 1540 метрийн өндөрт буй.

Тогоо уулын өндөр нь ДТД 1620 метрийн өндөрт байх ба өрхний амсар нь сэтрээгүй бүтэн бөгөөд хөндлөнгөөрөө 400 метр орчим, гүн нь 100 метр бөгөөд том хонин тогоо шиг хэлбэртэй.

Тогоо уулын ба­руун талд Жалавч гэдэг уул байх бөгөөд өрхийн амсар баруун тийшээ ганц­хан газраар сэтэрчээ. Тус уул нь ДТД 1560 метрийн өндөрт бий.

Эдгээр уулс нь үржил шимт хар хүрэн ба хар шороон тэжээллэг хөрстэй ба хээрийн ба ойт хээрийн бүсийн ургамал ургадаг. Шинэсэн ой голлохоос гадна улиас, улиангар, хус ургана. Цагаан төмс, мангир, хонгорзул, алтанзул, алтангагнуур, тайжийн жинс, далан түрүү, үхэр гоньд, хунчир, хөвөн оройт зэрэг эмийн болон хүнсний ургамал, хавтуул, хурган засаа, үнэгэн сүүл, хонхон цэцэг, бэр цэцэг,  хазаар өвс зэрэг ургамал ургана.

Буга, аргаль, бор гөрөөс, гахай, янгир, тарвага, зурам, бор туулай, хөвдний бор оготно зэрэг ан амьтад бий. Ятуу, бор шувуу, ууль, харцага, хөхөө, өвөөлж байдаг ба Уран уулын тогооны нууранд ангир ирж зусдаг. Энэ бүс нутагт хэвлээр явагч могой элбэг тохионо. Хүйтны улиралд эдгээр нь галт уулын гүний дулаан бүлээн илчинд хоргодон ичиж амьдардаг байна.

Домогт өгүүлснээр, Уран уулын ар хэсэгт бурхан рашаан дусаасан учраас Хутаг-Өндөр сумынхан идээ, ундаагаараа гайхагддаг гэдэг. Харин уулын өвөрт сүү дусаасан болохоор Баян-Агт, Сайхан сумдын айраг улсдаа алдартай болсон аж.


Байгалийн дурсгалт цог­цолбор хэмээх тодор­хой­лолтод орсон Уран болон Тогоо,Тулга, Жалавч уулын орчимд эрт цагаас хүн нутаглаж байсны тэмдэг болох хүн чулуу, хиргисүүр зэрэг түүхийн үнэт олдвор элбэг. Тиймээс ч эдгээр  уулсыг зорих жуулчдын тоо жил ирэх тусам өссөөр байгаа аж.

No comments:

Post a Comment