10.17.2020

Монголчуудын тамганы түүхэн уламжлал, хэрэглээ

Монгол тамгад бол эртний өвөг дээдсийн эрхэлж ирсэн аж ахуй, зан ааль, зан үйл, шүтлэг мөргөл, үсэг бичиг, эрдэм ухааны нээлт, шинэ сэргэг санаа тэргүүтнийг тусган илтгэсэн гайхамшигт соёл юм. (С.Дулам “Монгол билгэдэл зүй”) Монгол нүүдэлчдийн соёлын нэгээхэн хэсэг болох тамга тэмдгийн хэрэглээ нь хүн төрөлхтөн үүссэн цагаас эхлээд овог аймаг, улс гүрэн, ард түмний ахуйн хэрэглээгээр дамжин өнөөг хүртэл хөгжин хувьсаж ирсэн асар баялаг түүхтэй. Тамганы дүрсний хэрэглээг түүх археологи, угсаатны зүй, соёл урлагийн талаас нь олон зүйлд хуваан харж болох томоохон сан бий болсон байна. Үүнд: овгийн тамга, хаадын тамга, төрийн тамга, малын тамга, хад чулуун дээр дүрслэн үлдээсэн тамга, эд эдлэлийн тамга, хувийн тамга буюу зураач урчуудын гарын дардас болно.

Тамга тэмдэг нь хүн төмөрлөг багаж эдлэлтэй болсон цагаас үүссэн хэмээн эрдэмтэд үздэг. МЭӨ 2000 илүү жилийн өмнө эртний улсын үед малдаа им тамга дарж байсан. Адгуусан амьтан гаршуулах, гэршүүлэх, малжих аж төрөл дэлгэрэхийн хамт им тамганы тоо олширч, адгуусанд улайтган хайрах тамга үзэгдэж эхэлсэн бололтой.

Дэлхийн олон угсаатан ард түмний овгийн түүхээс үзэхэд тэдний харилцан холбогдох харь элэгтэн, халуун садангаа ялган мэдэх олон бэлгэ тэмдэгтэй байжээ. Жишээлбэл молголчууд уг ураг, удам гарал, овог ястан, махан төрөл, ясан төрөл, гарвал, төрвөл гэж ялган үзэх ёсон эрт тогтжээ. Монголчуудын өвөг дээдэс наад зах нь Хүннү улсын үеэс овог хэрэглэж байсныг судлаачид тэмдэглэсэн. Овгийн сүлд, овгийн шүтлэг, цэрэг буюу цэрэв мод /хэц мод/, овгийн тулалдааны хашгираа /үг/ тус тусдаа байжээ. Өнөөгийн монгол үндэстэний адууны тамганаас ч эртний монголчуудын соёлын шинж улбааг тодорхойлж болно. Нэг үгээр хэлбэл монголчуудын тамгаар дамжсан соёл тасралтгүй үлджээ. Үүнийг бид одоогийн монгол нутагт байгаа археологийн олдворуудаас тодорхой хар ж болно. Тухайлбал, Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Рашаан хаднаа сийлбэрлэн үлдээсэн асар баян тамга дүрсээс гадна түүний хавь газрын хаднаа баавгайн мөр байдгийг судлаачид олж, баавгай эрхэмлэн шүтэж байх /магадгүй дээд палеолитын үед Рашаан хаданд сийлсэн арслан заан, савагт хирс, үхэртэй/ үетэй холбогдож болох юм гэсэн санал дэвшүүлсэн байдаг.

Хүн төрөлхтний овог аймгийн шинжээч судлаачид овгийн им тамга хүний хүй элгэний үед /сүрэглэн явах/ байгаагүй, эхийн эрхт ёсон үүсэхийн хамт овгийн тэмдэг мэтийн анхны тамганы үүсвэр үзэгдсэн гэж үздэг. Им тамгийг анх овгийн нийтээр хэрэглэх хөдөлмөрийн багаж, сав суулгад таних тэмдэг болгож хэрэглэж байсан.

Хаднаа дүрслэгдсэн хүрлийн үеийн тамга тэмдгийг ерөнхийд нь овог аймгийн, туурай /мөр/ тамга хэмээн ялган үздэг. Эртний хүн ан агнуур эрхлэн амь зууж байсан чулуун зэвсгийн үеэс хүмүүсийн амьдрал ахуйд ан амьтны мөр чухал мэдээллийг өгч, мөрийг таньж мэдэн ашиглаж, ашиг тусыг нь хүртэж байсан нь улмаар мөрийг эрхэмлэн хүндэтгэж түүнд тодорхой утга санаа оруулж хад цохионоо дүрсэлсэн байдаг. Овгийн байгууллын хөгжлийн явцад эртний тамга үүсэхэд зарим амьтны мөр дүрсийг тамга болгон ашиглаж улмаар баяжуулан шинэ дүрс, шинэ тамга сэдэн үүсгэж байжээ. Овгууд шинээр салбарлах тутам овгийн хуучин үндсэн тамганы дүрсэд нэмэлт зүүлт хийж үүсгэмэл тамга нэмэгдэхийн хамт шинэ үндсэн тамга ч гаргаж овгийн нийт тамга олширч, олон овгийн их хуралдай цуглаанд ирэгсэд тэр цагийн нэртэй сүртэй хад цохионд овгийн тамгаа сийлж үлдээх, ус бэлчээр эзэмших эрхээ бататган мөн хаданд сийлэх явдал байсан нь одоо хүртэл нүүдэлчин монголчуудын мал маллах арга ухаан, ахуй соёлоор дамжин хөгжиж ирсэн уламжлалтай.

Альч угсаатанд тамга хэрэглэх, өвлөх, үүсгэх, нэмж олшруулах ёсон байжээ. Тамга өвлөх явдал монголчуудын дунд мал аж ахуй эрхлэх үеэс эхлэн хөгжиж, овог аймгаар нүүдэллэх ёс задарч айл хотлоор нүүх болсноос хойш улам ч хөгжсөн гэж үздэг.

19-р зууны сүүл үеэс Монголд адууны тамга харьцангуй өргөн хэрэглэгдэж эхэлжээ. Энэ нь жасын мал өсч мөн чинээлэг хүмүүс олширсноор хувийн малдаа уламжлалт тамга дүрсээ буюу шинэ үүсмэл тамга сонгон хэрэглэх болсонтой холбоотой. Тухайлбал, Сэцэн хааны сүрэгт дарах тамгыг Билэгхүүн тэмдэг гэж нэрлээд мөн аймаг хошуу жасын мал сүргийн тамгыг гар тэмдэг гэж хэмээн энэ аймгийн 24 хошууны засаг ноёд өөрсдийн сүрэгт дарах тэмдгийг тусгай дэвтэрт хөтлөн үе уламжлуулан хэрэглэж байжээ. Жирийн малчин ардын адуу мал нь зөвшөөрөх хэмжээний тоо толгойд хүрвэл хошуу ноёноосоо тамга им хэрэглэх эрх гуйна. Ноёноосоо тамга аваагүй айл гар тэмдэг мэт эгэл дүрс хэрэглэнэ. Ардын хувьсгал ялахаас өмнө малчин ардууд өөрсдийн дураар тамга сонгох, хийх эрхийг цаазлан хориглож байжээ. Харин адуу 1000 хүрвэл урт хөлийн мал 1000 хүрлээ, адуунд тавих тэмдэг хайрлана уу гэж хошуу ноёндоо айлтгал өргөн гуйж, өргөл барьц барьсны дараа зөвшөөрөл авдаг байжээ. Тухайлбал, Ноён Номун ханы нэг хувраг Дангаад хувийн малд хайрлах тэмдэг гуйсанд загасан нүд гэдэг тэмдэг хайрласан гэж сурвалжид үлджээ.

П.Гантуяа “Адууны тамганы дүрсийн судалгаа, ангилал” номноос

10.07.2020

Хорго уул

 

Архангай аймгийн Тариат сумын нутагт буй
Хорго нь унтарсан галт уул буюу одоогоос 9 мянга орчим жилийн өмнө дэлбэрч байгаад унтарсан галт уул юм. Хорго уул нь ДТД 2240 метрийн өндөр бөгөөд Хорго уулаас оргилон гарсан халуун хайлмал бодис магма нь газрын уруу даган зүүн тийшээ Суман, Чулуут голын хөндийгөөр зуугаад километр урссан байдаг. Мөн Хорго уулыг 2 удаа дэлбэрсэн гэж ч ярилцдаг. Уулын тогооны амсар нь 50 градус орчим налуу, 100 орчим метр гүнзгий 300-400 метр диаметртэй дугуй хэлбэртэй. Хоргын тогоон дотор нь сандал, ширээ шиг том том хүрмэн чулуу ундуй сундуй хөглөрч байдаг учир явахад бэрхтэй. Тогоон дотор зөвхөн баруун талаас нь л маш болгоомжтой орж болно. Хорго уулаас урагш зургаан километр орчимд Суман голын зүүн гар талд Тариат сумын төвөөс баруун урагш 3 орчим километр зайтай газарт чулуун гэр гэж сонирхолтой үзмэр бий. Буцлан урсч явахдаа халуун хайлмал магмын хөөс царцан хагарч 170 орчим сантиметр өндөртэй хүрмэн чулуун гэрийн “тооно”, “үүд” бий болгон тогтсон нь энэ. Ийм чулуун гэр манай бусад унтарсан галт ууланд байхгүй. Хоргын өөр нэг гайхамшиг бол тэндхийн хүрмэн чулуун гадаргын завсар зайд ургасан намхан загзгар хуш модны самар болон бусад жимс нэн элбэг байдаг явдал. Бас хүрмэн чулуунд агуй хонгил элбэг.