5.09.2017

Хүслийн овоо

Тэнгэр зорьсон аавыг минь тамгалсан
Тэнүүн талын эхэн дэх цагаан овоо
Тодоос тод харагдах
Торгоны хээтэй хийморийн овоо

Тойроод алхаж явахад
Таньтайгаа уулзах мэт болно
Тэртээд хөвөх сэмжин үүлэнд
Таны дүр тодрох мэт санагдана

Алсад одсон аавыг минь орлох
Арвагарын тал дах цагаан овоо
Алаг дэлхийн бөөрөн дэх
Алганы хээтэй хийморийн овоо

Үлээн илбэх салхи нь
Ерөөл тавих мэт сонсогдоно
Өргөсөн идээ будаа нь
Өөрт минь үржин ирнэ

Хол явсан аавыг минь бодогдуулах
Хязгааргүй талын эхэн дэх хөх овоо
Хүсэл бүхэн биелэх
Хүүхдүүдийнх нь шүтдэг хүслийн овоо

Чулуу нэмэн зогсож байхад
Чанадаас та минь шивнэх шиг санагдана
Хацар алгадах сэвшээ салхи нь
Холоос хүүгээ үнэрлэх шиг үлээнэ

Асгарах бороо дайрсан ч
Амгалаан тэр хавьдаа
Хүчтэй хуй болсон ч
Холуур хуйлран одно

Зэллэн нисэх шувуудын цуваа нь
Зүүдэнд хэлсэн таны үгийг тээж ирнэ
Зөрөн өнгөрөх зүс бүрийн адууны тоос
Замхран одох арцны үнэртэй холилдон арилна

Тэнгэр зорьсон аавыг минь тамгалсан
Тэнүүн талын эхэн дэх цагаан овоо
Хүсэл бүхэн биелэх
Хүүхдүүдийнх нь шүтдэг хүслийн овоо
                                                                         Н.Энхболд      2017 он