9.08.2014

Культегины гэрэлт хөшөө

Архангай аймгийн Хашаат сумын нутагт Хархориноос хойш 45 км-т Хөгшин Орхоны зүүн эрэгт  Цайдам нуурын баруун өмнөд  этгээдэд  Билгэ хааны гэрэлт хөшөөнөөс нэг км орчим хөх түрэгийн жанжин Культегины гэрэлт хөшөө бий.

 716 онд хожуу үеийн түрэг улсын хаан Капаган Туулын хөвөөн дэх ордондоо босогчдод алагдахад түүнийг  698 онд “Тардушын шад цол зүүсэн Эльтерес хааны ууган хүү Билгэ залган авах ёстой байв. Гэвч Капаган хааны шадар туслагчид  түүний хүү Бегюг хаан орыг суулгажээ. Ийнхүү хууль ёс зөрчсөнд хилэгнэсэн Билгэ хааны дүү Культегин орд өргөөг дайрч Бегю хааныг алж өөрийн ах Билгэг хаан ширээнд залсан байна.

Ингээд Күль-Тегин зүүн жигүүрийн ноён, бүх цэргийн жанжин болжээ. Билгэ хаан, эцгийнх нь байгуулсан төр улс мөхлийн ирмэгт тулаад байсан хүнд хэцүү цаг үед хаан ор суусан ба харьяанд нь байсан аймгууд бослого гарган тэмцэж байлаа. Түрэгийн үндсэн аймгууд ч үймээн хямралд орсон байв. Билгэ хаан энэ бүх байдлаас бэрхшээж хаан ширээнд дүү Күль-Тегинийг суулгахыг санал болгосон ч тэрээр хаан ор залгах уламжлалт ёсыг зөрчихийг бодсонгүй.

Билгэ хаан шийдвэртэй арга хэмжээ авч эхлэв. Билгэ хаан суусан боловч үнэн хэрэгтээ бүх эрх мэдэл Күль-Тегиний гарт байжээ. Күль-Тегиний тушаалаар өмнөх Капаган хааны ураг төрлийнхөн түүний ойр шадар хүмүүсийг албан тушаалаас нь огцруулж, хүйс тэмтрэн устгав.

Эдний дундаас гагцхүү Тоньюкукыг хөндсөнгүй. Учир нь Тоньюкук  Билгэ хааны хадам эцэг байснаас гадна ард нийтээр түүнийг хүндэтгэн эмээдэг байсныг харгалзсан ба хэсэг хугацааны дараа Тоньюкукыг мөн төрийн зөвлөх болгожээ. Ингээд ах дүү хоёр бослого үймээнийг дарж улсыг амаржуулан их хэргийг бүтээж явжээ.

Культегин бол ухаалаг, авъяаслаг цэргийн жанжин бөгөөд 731 онд 49 насандаа таалал төгсчээ. Билгэ хаан дүүгээ өнгөрөхөд ихэд гашуудан дүүгийнхээ дурсгалд гэрэлт хөшөө босгуулж  тахилын цогцолбор, шүтээний сүмийг 732 онд байгуулжээ.

Цогцолборын урт 67 метр, өргөн 29 метр, 1 метр зузаан тоосгон хэрэмтэй, түүний гадуур шуудуугаар хүрээлэгдсэн байжээ. Цогцолборын голд наран ургах зүгт харуулан Культегины гэрэлт хөшөөг байрлуулсан бөгөөд  энэ нь суурь яст мэлхийнийхээ хамт 383 см өндөр, 132 см өргөн, 46 см зузаан ба  дээд хэсгийг эвхэрсэн хоёр луугаар  чимэглэж, бичээсийг голлуулан Ашина овгийн тамга болох янгирын дүрс сийлж гурван талд нь нийт 68 мөрөнд 10 мянган үсэг зурлага бүхий руни бичээсийг бичжээ.


Судлаачид 1-13 дугаар мөрийг бага бичээс, 14-68 дугаар мөрийг их бичээс гэж нэрлэдэг  ба эл бичээсийг Культегины ач хүү Ёолуг Тегин 20 хоног сийлж, Түрэг төрт улсаа хэрхэн байгуулсан, Культегин арван зургаан наснаасаа улсын хэрэгт оролцож ямар овог аймаг, улс орныг байлдан эзэлсэн, хэрхэн тулалдсан, ямар зүсмийн морьд унадаг байсан, өдөр шөнийг үл хайхран улсынхаа төлөө хэрхэн зүтгэж, ядуусыг баян, өнчнийг өнөр болгож, тойгтныг сөхрүүлж, толгойтныг бөхийлгөн хаан төрийг байгуулалцаж, наран ургах зүгээс наран шингэх зүг хүртэлх өргөн уудам газар нутгийг захиран дээд тэнгэрээс дарах аюулгүй, доод газраас цөмрөх айдасгүй амар жимэр болгон хүчирхэг улсыг байгуулсан тухай, Культегинийг оршуулах үед ах Билгэ хаан хэрхэн яаж эмгэнэн гашуудаж байсан тухай, түүний оршуулгын ёслолд гадаадаас ирж оролцсон зочдыг хүртэл дурдан өгүүлжээ. 

No comments:

Post a Comment