12.08.2013

Энэ зуны аялал говь руу байлаа. хоёрдох өдөр


 Өглөө босоод  цайгаа уучихаад майхан саваа буулгаж ачааллаад Бага газрын чулуугаар аяллаа даа. Бага газрын чулуун хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 1768м өндөрт өргөгдсөн Тахилгын хавцал. Бага газрын чулуу урт нь 15км өргөн нь 10 гаруй км үргэлжлэх боржин чулуун уул юм. Энд түүхийн янз бүрийн үед хамаарах 200 гаруй булш хирэгсүүр бий. Сонин хэлбэртэй хад цохио элбэг. Ажиглаад явбал бүхий л зүйлийн амьтан нэрлэж болно.Бага Газрын Чулууны их хөндийн зүүн хойд төвд жижгэвтэр чулуун толгодын ёроолд Жаргалантын агуй бий. Энэ нутагт ганц ямаатай хөгшин суудаг байгаад ямаа нь агуй руу орж алга болсон тул араас нь орж, дахин эргэж гарч ирээгүй. Агуйд дахин хүн оруулахгүйн тулд 3 метр орчмын нарийхан хэсэгт таглаж битүү болгосон гэж ярьдаг. Нэг ийм агуй үзэж сонирхлоо.Жаргалантын агуйгаас 1 км орчим зайд эгц элгэн хадан дээр зориуд өрөмдсөн мэт харагдах хагас метр орчим гүн нарийнхан цооног нүхэнд хурын ус тогтсоныг нутгийнхан Нүдний рашаан гэж нэрлэдэг. Нүдний өвчин, харалган хүмүүст ач тустай гэдэг. Үнэхээр сонин яг л хүн өрөмдсөн нүхэлсэн мэт.

Сөдөтийн аманд урьд өмнө сөд өвс элбэг ургадаг байсан учраас ийнхүү нэрлэжээ. Эл амны чулуун хавцал дунд ургасан улиасан төгөлийн дунд 300 гаруй жилийн өмнө хоёр лам даяанчлан сууж, тус тусын гэрийг барихдаа уулын бяцхан горхийг гэрийнхээ дундуур урсаж байхаар байрлуулж, гэрээсээ гаралгүй ус авч цай хоолоо зэхдэг байжээ. Лам нарыг өөд болоход нь туурвисан бүтээлүүдтэй нь зэрэгцүүлэн эл хавьд бунхалсан гэдэг. Сөдөтийн аманд нэгэн хийдийн туурь байх бөгөөд түүнийг Ловончомбын хийд гэдэг. Мэргэн мөр хэмээн алдаршсан цорж лам бясалгал хийх үүднээс эл сүмийг бариулсан гэдэг. Хожим эрдэмтэн лам Зава Дамдин хэсэг суурьшин бүтээл туурвиж байжээ
Эдгээрийг үзэж сонирхоод баахан зураг хөрөг болж байгаад Монголын их сэтгэгч гавж лам Зава Дамдин (1867-1936) гуайн үүсгэн байгуулсан Дэлгэрийн Чойрын хийдийг үзэж сонирхохоор хөдөллөө. Зава гэдэг нь түүний цол бөгөөд үндсэн гэсэн утгатай төвд үг гэнэ. 1990 онд сэргээсэн уг хийд Бага газрын чулуун зүүн өмнө байх. Энд нээх удсангүй Дэлгэрцогт сумаар дайран Мандалговь руу хөдөллөө. Мандалговь хотод Зава Дамдин гуайн хөшөө бүхий том морин хууртай толгойд жаал зураг авахуулж байгаад үргэлжлүүлэн амгалан төрийн ажнай шаргын хөшөөний дэргэд зураглав.Дараа нь энд өдрийн хоолондоо сайхан бэлэн хуушуур идээд энэ өдрийн эцсийн зогсоол болох Цагаан суварга руу хаагуур яаж явахав гэж нутгийн ганц хоёр хүнээс зам асууж байгаад Өлзийт сум талаасаа биш ертөнцийн зүгээр баруун талаас нь очихоор болж хуучин өмнө-говь аймгийн замаар гарч өглөө. Эндээс яг 100км яваад нэгэн хуучин моторт худгийн эвдэрхий балгас хүрээд эндээс зүүн урагш салсан бүдэг замыг хөөж 20 гаран км яваад Цагаан суваргын дэргэдэх жуулчны бааз хүрлээ. Говийн зам дэржигнүүр ихтэй л гэдэг, олон салаа замын аль гайгүй нь л таарсан байлгүй энэ хэсгийн зам сайхан цагаан байлаа. Жуулчны баазаас 5 орчим км яваад Цагаан суваргаа үзэж бахадлаа. Монголд төрснөөрөө бахарахгүй байхын аргагүй үнэхээр гайхалтай. Өглөө ирж говийн нар Цагаан суварган дээр хэрхэн тусахыг харъя гэж тохироод жуулчны баазын манаачын илүү гэрт хоноглохоор буцлаа. Олон сонин сайхан шинэ соргог зүйлсийг үзэж харсан монголын нэгэн сайхан өдөр байлаа.


0 comments:

Post a Comment