12.13.2013

Дорнод монгол дагуур



Монгол улсын зүүн хойд хязгаарт Дорнод аймгийн Чулуун хороот, Гурванзагал, Дашбалбар сумдын нутгийн зарим хэсгээс бүрдэнэ. Дагуурын чийглэг тал хээр, том жижиг нуур цөөрөм, гол горхи, намгархаг газар нь Зүүн өмнөд Азиас Хойд мөсөн далай хүртэл нүүх шувуудын буудаллах газар болдог.  Монгол дагуурын дархан цаазат газартай хил залгаа ОХУ-ын нутагт “Даурский” хэмээх дархан цаазат газар оршино.



Дэлхий нийтэд хамгаалах ёстой өвөрмөц газар нутаг гэж зарласан 200 экобүсийн тоонд Монгол дагуурын дархан цаазат газар ордог.   Дагуурын хээр тал нь Дорнод бүсийн тал хээрийн ихэнх нутгийг бодвол харьцангуй чийглэг уур амьсгалтай.  Ус зүйн сүлжээний хувьд Номхон далайн ай савд багтана. Тус дархан цаазат газрын бүсэд Монгол орны хамгийн нам дор цэг Хөх нуурын хотгор далайн төвшнөөс дээш 560 метрт оршино. Галуут, Ангирт, Их бага далай, Давст, Дөрөө, Чух, Хайчийн цагаан, Хоринцагаан, Бүс, Галуутайн, Хөх нүдний гэх мэт 90 гаруй том жижиг нуурууд бий. Эдгээр нууруудын онцлог нь бүгд давстай цэнгэг биш нуурууд юм. Монгол дагуурын дархан цаазат газар нь ерөнхийдөө гүвээ толгодтой хээр боловч Улз, Ямалх гол, Тарь нуурын сав нутагт ус намаг, арал тойром, зэгс шагшуурга, бургасан төгөлтэй. Хөх уул, Хайлан уул зэрэгт хус улиас бүхий орчинтой
                                                                                                                                                                                                   
                                                                                                                                         

Энд цагаан зээр хэдэн зуугаараа сүрэглэн бэлчдэг нь туурайтан зэрлэг том амьтадын сүрэглэн нүүдэллэх сүүлчийн үзэгдлийн нэг бөгөөд иймэрхүү дүр зургийг гагцхүү Монголын тал нутаг, Танзани улсын Сөрөнгөтийн талаас олж үзэх боломжтой юм. Үүнээс гадна бор гөрөөс, чоно, үнэг, хярс, дорго, элбэнх, тарвага, дагуур огодой, бор туулай зэрэг амьтад элбэг байдаг. Шувуудын ховор төрөл болох цэн тогоруу өндөглөн зусдаг бол хар тогоруу, цагаан тогоруу зэрэг шувууд нүүдэллэхдээ дайран өнгөрдөг. Ургамалжилтын хувьд ой, хялганат, хиагт, зүр өвст, алаг өвст хээр болон нуга ус намгархаг газрын ургамал ихэвчлэн ургана. Нуурын эрэг орчмоор шагшуурга зэгсэн нугатай. Эмийн ургамлаас цөс өвс, алтанзул, дэгд, чихэр өвс, лидэр, араана зэрэг ургамлууд элбэг байдаг.

No comments:

Post a Comment