12.23.2013

Ижилээс эх нутгаа зорьсон түмэн

Увш хааны хөшөө Ховд аймаг Булган сум
1600-гаад оны эхээр Ойрдын дотоодын тэмцлээс залхан  баруун Монголоос нүүдлэсэн Хоо өрлөг тэргүүтэй 50000 өрх буюу 250000 торгуудууд  Алтан ордны улс, Цагаадайн улсуудын хилийн зааг байсан  Ижил мөрөн очмоор суурьшав. Эцэг өвгөдийнхөө эзэмшил байсан нутагт ирж суусан энэ үе бол Оросод Романовынхны  хаанчлал эхэлж байсан үе байлаа. Түрэг хэлэнд ойрдуудыг халимаг гэдэг нь  хальж гарсан гэх утга агуулах үг болох ба 1670 -аад оноос Оросууд Ижил мөрөнд нүүдэллэн очсон торгуудуудыг Халимаг гэх болсон нь эх нутгаасаа гарч  нүүдэллэн ирснийг хэлж буй биз.  Нүүж очсон торгуудын Хоо өрлөг, Дөрвөдийн Далай тайш  нар эв нэгдэлтэй байж Алтан ордны үлдэгдэл ногойчууд болон башкир, крымын татаруудыг номхотгон дарж байлаа. Оросын хаанаас татвар өгөхийг удаа дараа шаардаж байсан боловч торгуудууд “Бид нүүдэллэж яваа улсууд, хаа очно, тэнд л хүрнэ. Хэнд ч татвар төлөхгүй “ гэдэг байжээ. 1639 онд анх Оростой мөргөлдөн  Самараг авахад Хоо өрлөг 20000 морьт цэрэгтэй байж. 1644 онд Оростой  дайтсан   Астраханы төлөөх тулаанд Хоо өрлөг алагджээ. 

1645 онд Оросууд торгуудуудыг бууж өгч дагаар орохыг шаардаж байсан ч харин  эсрэгээр тэд улам хүчирхэгжин 1658 онд догшин Иван хаан Хоо өрлөгийн ач Пунцаг хаантай холбоотон болох гэрээ байгуулж байжээ. 
Халимагын Аюухи хаан  1677 онд Оттоманы цэргийг ялж, 1678-1679 онд Оттоман Крымын хамтарсан цэргийг дараалан бутцохиж, 1681 онд Башкирыг хурааж орост нэгтгэн Хар тэнгист тэдний эрх ашгийг дархалж байв.
Ер нь халимагууд 1709 оны Орос Шведийн дайны  Полтавын тулалдаанд Швед пруссийн армийг, 1710 оны Орос-Оттоманы дайнд, 1-р Екатрина хатан хааны хүсэлтээр 1728 оны Орос Персийн дайнд, 2-р Екатрина хатан хааны хүсэлтээр 1786 онд Кавказ хавийг Оросод нэгтгээд, 1-р Александр хааны хүсэлтээр 1810-1814 оны Орос Францын дайнд Напеолоныг тус тус ялж Монголчуудын байлдах ур чадварыг дэлхийн гүрнүүдэд  харуулж байсныг Пруссын 2-р Фридрих хаан "оросын арми нь халимаг, башкир, татар цэргүүдээрээ л биднээс хүчтэй байдаг юм" гэж захидалдаа бичиж байсан бол,
 Францын Напеолон Бонапарт "Соёлт хүн төрөлхтөн байлдахдаа жигд цэмцгэр формтой цэргийн хайрцагласан жагсаал, сүрт бөмбөрийн нижигнээнд алхах зэргээр цэргийн урлагаа харуулах ёстой. Гэтэл оросын арми хүн иддэг зэрлэгүүдийг дайнд оруулснаас цэргийн урлагийг үзүүлж чадахгүй болоод байна. Та зэрлэгүүдийг турхирчихаад Оросын армийн хүч чадал гэж бардамнаж буй чинь инээдтэй хэрэг. Би тэр зэрлэгүүдтэй бус тантай, оросын армитай тулалдахыг хүсэж байна" гэж  Оросын хаанд  бичиж байжээ.
     1722 онд Аюухи хаан нас барснаар Оросууд тэдний дотоод хэрэгт илт оролцон олон тооны цагаач илгээн шашны номлогчдоороо далимдуулан ёс заншил уламжлал руу нь халдах боллоо.  Эл бүгдийг үл тэвчин халимагууд эх нутаг руугаа нүүх тухай ярих болов. 150-аад  жил олон цэрэг эрсийнхээ амиар оросын дайсныг даран мөхөөсний хариуд барьж буй Орос хаадын бодлогын эсрэг халимагын ихэс  ноёд монгол уламжлалт хурилдайгаа ёслол төгөлдөр хуралдан эцэг өвгөдийн уугуул нутаг болох  Монгол руугаа  нэгэн зэрэг нүүхээр шийдвэрлэж нууцаар бэлтгэж эхэллээ .
1771 оны нэгдүгээр сарын таванд Уваши тэргүүтэй ижил мөрний зүүн эргийн 200 гаруй мянган ойрадууд ачааллаа.  Торгуудын их нүүдэл гэж түүхэнд тэмдэглэгдсэн энэ нүүдэл Монгол Алтай хүртэл 6000 км газрыг 9 сар  туулахдаа  оросын хатан хаан 2-р Екатринагийн турхирсан эртний өст дайсан хасаг, башкир, киргиз  цэргүүдтэй цаг наргүй  цавчилдан байлдсаар хахир өвөл бөөн бөөнөөр хөлдөж үхэн,   халуун зун  их цөлийг туулахдаа харангадаж үхэн хоргодсоор  Тэнгэр уул,  Илийн голдоо ирэн Манж хааны монгол цэргүүдтэй учрахад дөнгөж 60 гаруй мянга нь л үлдсэн байсан гэдэг.
Туйлдаж ирсэн торгууд,хошууд, дөрвөд, хойдуудын тэргүүлэгч Уваши хан манжийн хаан тэнгэр тэтгэгч Цяньлунтай 1771 оны 10 дугаар сарын 15 нд уулзан Өргөн гуу хэмээх газар  3 хоног хамтран  их ав хийцгээжээ.
Уваши хан нэгэн  миссир сэлмийг (Аюухи хаан оттоманы султаны дүү пашагаас олзолж авсан) Цяньлунд бэлэглэж, манжийн хаан Цяньлун түүнд  Үнэн сүжигт Зоригт хан цол шагнаад манжийн төрөөс цалин пүнлүү олгож,  харьяат торгуудуудыг нь 5 хэсэг хувааж хоорондоо 10 өртөөний зайтай Хар шаар, Ховог сайр, Жин, Булган голд тараан нутаглуулжээ. Харин тус бүрт нь хошуу болгон тамга олгох гэсэнд Уваши дургүйцсэн ч түүнийг дөрвөн жилийн дараа 30 гаруй насандаа  амьсгал хурааснаас хойш тус тусад нь хошуу болгон тамга олгож манж хаан монголчуудыг хагаралдуулах дотор муу санаагаа хэрэгжүүлжээ. Уваши хаан цагаасаа эрт нас барсан нь ч Зүүнгарын сүүлчийн хаан Даваачын үргэлжлэл байх вий, зүүнгарын нутгийг дахин алдах вий гэсэн манж хааны санаа биз.
Энэ их гунигт, хүнд хэцүү нүүдлийн тасархай торгуудын үр сад одоо Булган голдоо  өөрсдийн торгууд ёс заншлаа хадгалан Уваши ханыхаа хөшөөг хоймортоо залан нутаглаж байна.


No comments:

Post a Comment