12.12.2013

Энэ зуны аялал говь руу байлаа. Есдөх өдөр

Эртлэн боссон бид Баян-Өндөр сумаар орон сумын төвийнхөө тоог нэгээр нэмчихээд баруун урагш чиглэн Зүйлийн голын хөндийг зорин явлаа. 10-аад км яваад нэгэн хүн чулуун хөшөөтэй таарсан нь Буурлын хүн чулууны дурсгал.  Уг хөшөөг цайвар өнгийн боржингоор хийсэн бөгөөд баруун гараараа урдаа ямар нэгэн сав барьж зүүн гараа бүсэн дээрээ тавьсан эр хүний дүрстэй,бөмбөгөр оройтой, хоёр чихэвчийг дээш сөхсөн, арагшаа унжсан чихэвч бүхий малгайтай. Гэдэс нь нилээд цүндгэр том .Өмнөө хадаг яндар бүхий овоотой түрэгийн үеийн энэ хүн хөшөөнд зориулан мал амьтан шөргөөхөөс сэргийлж хашлага хаалт хийжээ.
 Буурлын хүн чулуу

За тэгээд өчигдрийн зорьж гарсан Өндөр гэгээн Занабазарын төрсөн газар Зүйлийн голын хөндий, түүний төрсөн буурин дээр босгосон Өвгөн суварган дээр ирлээ дээ. Яг хуучин үлдэгдэл дээр нь шинэчилж суварга босгоод гадна талд нь жижиг дуган босгожээ. Хойноо найман суваргатай. Даанч   мал амьтанаас сэргийлж биш хүнээс харамлаж хамгаалсан болтой өндөр хашаа хоёр давхар цоож. Залуучууд маань л давж орон ганц нэг зураг татуулах шив.
  Өвгөн суварга

Бид эндээс цааш Өлзийт сумаар дайран төв замтайгаа нийлэн Бүрд сумын Өвөр хөшөөтөд байх Монгол улсын төв цэгт  хүрэх байлаа. Төв замд  нийлэхийн наана Сангийн далай нуурнаа чуулсан хэсэг хунгийн зураг авч хэсэг саатав.
Засмал замаас Бүрд сум руу салаад сайхан цайлсан бидний хэдэн аялагчид Монгол улсынхаа төв цэг дээр ирлээ. Бүрд сумаас  зүүн урагш 12км-т орших энэ газарт Монгол улсын газарзүйн төв цэг буюу хүйс  болохыг  батлан хөшөө  босгосон нь бас хашаатай тэгээд цоожтой. Өвөрхангайчууд юманд аягүй арвич  хямгач болжээ.

Бидэнд  дахин нэг хоног байгаа тул Төв аймгийн Дэлгэрхаан сумаас урагш байх Цогтхунтайжын Дуутын хадны бичээсийг үзэж сонирхоод  нутгийн зүг хөлгийн жолоо залахаар шийдлээ. Хөдөөний сайхан замаар гишгэсээр Дэлгэрхаан сумаас хойшоо арав гаран км-т  Давст нуур, Халзан нуур гээд хэдэн цуваа нууртай таарсан юм. Зун битүү хүн майхан байдаг гэх энэ нууруудын шавар үе мөчинд гаргуун сайн гэнэ. Усны шувууд ч элбэг юм. Нэг нуурын ойролцоо бид  хэсэг хярстай таарав, энэ хавийн хэдэн чулуу тэдний үүр нь болтой. Нааш цааш  гүйж бидний нүдийг хэсэг  баясгалаа. Сум орж нэг дугуй янзлуулчихаад сумын  төвөөс гарч нэгэн толгойн  ёроолд  майхан саваа буулган эртхэн амрахаар шийдэн  аялалынхаа сүүлчийн шөнийг  угтлаа.











0 comments:

Post a Comment