12.12.2013

Энэ зуны аялал говь руу байлаа. сүүлчийн өдөр

                     Өглөө босоод цайлж ундалчихаад  сумын төвөөс урагш 30-аад км-т байх Дуутын хадны   солбилцлыг  GPS-дээ хийж аваад гарлаа. Баруун талаасаа орж ирсэн бид очих газраа яг очсон боловч  олон хадны дундаас нөгөө чухал газраа олдоггүй ээ. Хайж яваад хэдэн цагаан сүүлттэй таараадхав.
Урд  талаараа  хадтай чулуурхаг уулын  энгэр лүү ширгэсэн нуурын эрэг  хавиас   сайн дурандвал  аянга зайлуулагч болтой хадагтай төмөр шон, тайлбар бичсэн гантиган самбар харагдах юм байна. Зүүн талаасаа яг олж очвол шууд хүрэх замтай юм байна. Дуут хад хэмээх энэ хар чулууг цохиход  хөмөрсөн тогоо тогшиж байгаа аятай чимээ гарах ба нутгийнхан ингэж тогшвол тэнгэр муухайрч салхи шуурга дэгддэг гээд дургүй. Халхын цоохор тайж хэмээх Цогт  хунтайжын эгчээ санан хэлсэн шүлгийг түүний Дайчин хиа, Гүенбаатар нар 4 жилийн дараа буюу 1624 онд энэ газар  хар чулуунаа бичиж үлдээсэн нь бичиг соёлын гайхамшигт өв болон бидний үед хадгалагдан иржээ. Энд уг бичээс байхаас гадна сүг зургийн дурсгал ч бий.

Бидний хэд энэхүү гайхалтай дурсгалыг харж бахархчихаад  Дэлгэрхаан сум руу буцаж  жаал хүнс цэнэглэж аваад  Бүрэн сумаар дайран Туул-Овоотын гүүрээр гарч Туул голынхоо араар Түрэгийн үеийн дурсгал Өнгөтийн хүн чулууны цогцолборыг зорин явахдаа голынхоо эрэг дээр зогсож сайхан цайлж авлаа.

Голын эрэг дээр  цайлах аятайхан газар хайж голын эргээ барин  явсан чинь зам бол үнэн муу юмаа. Уулын  энгэрээ барин голоосоо жаахан зайдуу явбал зам нь  сайхан, бид ч  төд удалгүй л Өнгөтийн цогцолбор ороод ирлээ. Энэ бол том байгууламж 30 гаран хүн чулуун хөшөө,урагшаа  гол руу чиглэн 2-3км үргэлжлэх балбал чулуу гээд... Том арслан зэрэг зөөж болох л чулуунуудыг ийш тийшээ зөөсөн гэж байгаа,бас.



Одоо бидний эцсийн зогсоол Хустай нуруу. Тахь харах, болбол буга дурандаж байгалийн сайхныг харж  яваад Молцог элсээр дайран төв замдаа нийлж  цаг хүрэхгүй буудаад л улсын маань нийслэл Улаанбаатар. Хустайн  нурууны  зүүн талаар ороод ирэхэд л хамгаалттай газар бол ийм  байдаг гэсэн шиг өвс ногоо нь халиураад л, тарвага гэж амьтан бол  та нар яаж ч чадахгүй шүү дээ л гэж байна, энд.  Дэлхийд цор ганц зүйл зэрлэг адуу-тахийг мөхөж устах аюулаас авран хамгаалж зэрлэг онгон байгальд  нутагшуулах ажил амжилттай хэрэгжиж байгаа  энэ газар хоёр ч азарга тахь харлаа. Буга харж амжсангүй.


























 Ингээд бидний арван өдөр есөн шөнө монгол орныхоо үзэмжит байгаль,түүх соёлын дурсгалт газраар аялсан аялал дууслаа.Хэрмэн цав хүрч чадаагүй ч эгчийнхээ хэлсэн “дараа очих  сайхан газар заавал үлдэх ёстой” гэсэн үгийг сэтгэлдээ тээж хоцорсон сайхан аялал байлаа...

No comments:

Post a Comment