12.14.2013

Жалханз хутагт Дамдинбазар

                                                

Халхын тамгатай 13 хутагтын нэг Жалхалз хутагтын наймдахь дүр  Дамдинбазар 1874 оны зун Засагт хан аймгийн таван хотгойд хошууны нэг гүн Загдсамбарын хошуунд Ойгон нуурын урд эрэгт Бугат толгойн эх гэдэг газар хамжлага ард Содномын гэрт төржээ. Хэлд орсон цагаасаа бурхан номд ихэд сvсэгтэйн дээр “миний шавилан суух хийд энvvхэн ойрхон бий” гэх зэргээр ярьдаг илэрхий тодорсон хvvхэд байв. Тvvнийг таван настайд нь Манжийн Бадаргуулт төр хаан Далай лам, Ван чин Богд нарын хэнтэй нь ч зөвлөлгvй Жалханз хутагтын  дvрээр тодруулсан юм.





Ойгон нуур



 Арав гаруй наснаас нь зурхай болон гvн ухаан,  чойрын ном, учир шалтгаан, сахил санваарын ёс горим, хvн судлал , сvм аж ахуйг удирдан зохион байгуулах арга ухаанд эрчимтэй сургажээ. Гэрийн багш нь их vvрэг гvйцэтгэснийг өөрөө дурсан бичихдээ: «Миний багш намайг хатуу чанга барьж хvмvvжvvлсэн тvмэн ачтан билээ» гэсэн байдаг. Хутагт шашны болон иргэний боловсрол гvнзгий эзэмшсэн, дорно дахины гол гол хэлийг мэддэг, ном бvтээлээ монгол, тvвд, манж хэлээр бичдэг байжээ. Дамдинбазар хvрээндээ тухайн vеийн эрдэмтдийг  цуглуулсан, бурхан шашны төдийгvй гvн ухаан, тvvх соёлын олон төрлийн баян номын сантай байж. Тэрбээр шашин, түүх, гүн ухааны болон зан vйл, ёс суртахууны сэдэвтэй олон бvтээл туурвисан байна. Тухайлбал, «Билгүүн хүрд», «Хүсэл хангагч сайн хумх», «Бусдад туслах зүрх», «Багшийг шүтэх ёсон», «Эрдэнийн сан хайрлагч», «Нигүүлсэнгvй цэнгэлт далай» зэрэг арав гаруй номыг   монгол, тvвд хэлээр бичжээ.

 Арван есєн насандаа хутагт Жавзундамба богдын шадар хамбын нэг болж түүний дэргэд ажилласан.  Тамгатай хутагтын хувьд 1897 оны орчим Бээжинд явуулсан нэгэн бичигтээ: «Манжийн явуулж буй бодлого, харгис дарангуйлал цааш vргэлжилбэл монголчууд зэвсэг барин тэмцэхээс єєр аргагvй болно» хэмээн бичиж байжээ.  Жалханз хутагт Дамдинбазар Богдын лvндэнгээр Бээжинд  1911 оны эхээр очиж Халх Монголын сvсэгтэн олны санал бодлыг Манжийн хаанд тайлбарлахын ялдамд «Шинэ засгийн бодлого» гэгчийг  эсэргүүцэж буйг ойлгуулан улмаар  Манж болоод Хятадын байдлыг сайтар судлан Жавзундамба хутагт, да лам Цэрэнчимэд, Чин ван Ханддорж нарт байдлыг ойлгуулж чаджээ.

1911 оны сүүлчээр  Манжаас тусгаарлах хэргийг эрхлэх төв газар «Халхын хэргийг түр ерєнхийлєн захиран шийтгэх газар» байгуулсныг баяртай хvлээн авснаа Дамдинбазар нууцаар мэдэгдсэн байдаг.
Дамдинбазар 1915 оны Хиагтын гурван улсын гэрээг шийдвэртэй эсэргvvцэгчдийн нэг байв. Тэрбээр 1915 оны сvvлчээр Оросын Хиагтад очиж Тагна -Тува нь Монголын нэгэн хэсэг, түүний зүүн захын гурван хошууныхан миний шавь гэдгийг Оросын эрх мэдэлтэнд хэлүүлсэн баримт буй.
Богд эзэн хааны даалгавраар 1916, 1920 онд  бусад нөхдийн хамт Дундад Иргэн улсад очиж, албаны хvмvvстэй уулзан,  Богдын гарын vсэгтэй  тамгатай бичгийг гардуулах  мөн Америкийн дипломатуудтай холбоо тогтоож  Монгол төрийн тусгаар тогтнолыг сэргээх, төр засгаа бэхжvvлэхэд бие сэтгэлээ зориулсан хvний нэг нь Дамдинбазар.

Богд хаант  Монгол Улсын засгийн газраас 1912 оны эхээр Жалханз хутагт Дамдинбазарыг Монголын баруун хязгаарыг илбэн тохинуулах сайдаар томилжээ.  Дамдинбазарт өгсөн  гол vvрэг бол  баруун хязгаарын ард тvмэнд учир зvйг ухуулан ойлгуулж, Манжийн эсрэг тэмцэлд тэднийг босгох, олон хошууд, Тагна, Урианхайн хязгаар, Алтайн чанад дахь нутгийн эрх баригчидтай холбоо тогтоож, Олноо єргєгдсєн Богд хаант Монгол Улсын бvрэлдэхvvнд тэдгээрийг оруулах боломжийг судлан бүрэлдүүлэх, Засагт хан болон бусад газраас цэрэг элсүүлэн Ховд хотоос Манжийн амбаныг хөөн гаргах ажлыг ерєнхийд нь удирдах явдал байжээ. Түүнийг баруун тийш хөдлөхөд  Дөрвөд Далай хан Галсаннамжил, түүний ахмад хүү гүн Түмэндэлгэржав нар хутагтын үгэнд итгэж дөрвөд, баяд 700 цэргээ авч хутагтыг даган явах болжээ. Бас Урианхай гүн Гомбодорж 300 цэрэгтэй, Ши бэйс 300 цэрэг авч зам нийлсэн байна.  1912 оны тавдугаар сард Засгийн газраас томилогдсон цэргийн дарга С.Магсаржав,Ж.Дамдинсvрэн нар Хvрээнээс 500 цэрэг авч Ховдод очсон юм.

1912 оны наймдугаар сарын 7-ны өдөр Ховд хотод Монголын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон Алтан соёмбот тугийг мандуулж, манж, хятад түшмэд, цэргийн эрхтнүүдийг тус хотоос хөөн явуулсны дараа Монголын баруун хязгаарын аймаг хошуудыг төвхнvvлэх ажлыг хутагт богино хугацаанд амжилттай гүйцэтгэжээ. Тэрбээр ноёд, тvшмэд, лам хуврагуудын оролцоотойгоор хошуу нутаг, сvм хийдvvдийг хэвийн байдалд оруулж, Тагна, Урианхай, Алтайн чанад дахь нутгийн эрх баригчидтай холбоо тогтоож, ажил тєрлєє бие даан явуулах болжээ.
Ховд хотыг чөлөөлөх, Баруун хязгаар нутгийг тохинуулахад онц гавьяа байгуулсан учир Богд хаан зарлиг гарган Дамдинбазарт Самади багш номун хан цол олгожээ.

1921 оны хоёрдугаар сард Барон Унгерн Богд Жавзундамба хутагтыг Манзуширын хийдээс Нийслэл хvрээнд авчирч хаан ширээнээ дахин залж  Богдын зарлигаар Ерєнхийлєн шийтгэх бєгєєд Дотоод яамны сайдаар Жалханз хутагт Дамдинбазарыг томилж байжээ.
1921 оны долдугаар сарын  ардын хувьсгалаар засаг солигдож  1922 оны нэгдvгээр сард Д.Бодоо албан тушаалаасаа чөлөөлөгдсөн  энэ vед Самади багш номун хан Дамдинбазарыг «Итгэмжит бат эрдэмтэн, улс төрийг хөгжvvлэн бадруулж чадах хүн» хэмээн vзэж, 1922 оны гуравдугаар сарын нэгний єдөр  Ерөнхий сайдын тушаалд   тохоон томилжээ. Ингээд Жалханз хутагтыг Хүрээнээс нь залж нийслэлд авчрах vvргийг Намын тєв хорооны дарга С.Данзан эрхлэн гvйцэтгэсэн байна.

Дамдинбазар Ерөнхий сайд болоод Богд хаанаас эхлээд төр, засгийн бүх удирдлагатай уулзаж тэдний бодол санааг сонсчээ. Номун хан Ерєнхий сайд Дамдинбазар Засгийн газрын хуралдааныг долоо хоног бvр хийх тогтсон өдөртэй болгон, хурлаа даргалж хамт олноор асуудлыг шийдвэрлэх болгосон. 1922 онд хамжлагат ёсыг халах, улсын сахилга батыг чангатган сахих, орон нутагт сонгууль явуулах зэрэг олон шийдвэр гаргасны дээр «Нутгийн захиргааны дүрэм», «Гадаадын иргэн, тэдний үржлийн малаас түрээс хураах дүрэм»-vvдийг баталжээ. Залуучуудыг гадаад орнуудад явуулан сургах болж, Орос, Герман мэтийн орнуудад тэднийг илгээжээ.
Засгийн газраас Зєвлєлт Орос, Англи, Америк, Герман зэрэг орнуудтай тэгш эрхтэйгээр харилцах бодлого баримталж байсан нь Ерөнхий сайдын байр суурийн онцлог. Тухайлбал, Орос оронд тохиолдсон өлсгөлөнд  туслах, Германаас эрдэмтэн урьж ирvvлэх, Америк улсын Эндрюсын экспедицэд  тус дэм vзvvлэх мэтийн баримт бичигт гарын vсгээ зурсан байна.

 Монголын нийгэмд тодорхой, тодорхой өөрчлөлт гарч нийгэм маань ардчилах тийш илэрхий хандаж эхэлсэн vед Ерєнхий сайд Дамдинбазар 1923 оны зургадугаар сард гэнэт учир битvvлгээр жанч хальжээ.
Судар номонд Дамдинбазарыг «зvйл зvйлийн эрдмийг хурааж, зүрх сэтгэлдээ энэрэнгүй үзлийг ариун агаар мэт хураасан хүн» хэмээн тэмдэглэсэн байдаг.


0 comments:

Post a Comment