12.25.2013

Алаг адуу



Миний эхнэр Алаг адуу овогтой. 1990 оноос овог удмаа сэргээж  янз бүрийн л ургийн овогтой болж байлаа. Би эхнэрээ танайх  олон алаг адуутай айл байх нь чиний хувь хэд хэчнээн адуу хаа байна, очиж хурааж ирье гээд л явуулдагсан. Тэгээд энд тэндээс сонирхоод уншаад байсан чинь Алаг адуу бол Сартуул түмний олон овгоос нилээн зонхилох овог бөгөөд  эртний  Монгол  аймгуудаас гаралтай МЭ-Vll зууны үед Байгаль нуур, Енисей мөрний сав  болон   Дархад  нутгаар  нутаглаж явсан  нанхиад сударт  БО-МА  буюу  алаг адуутан,  алагчин  нэрээр тэмдэглэгдсэн   их  эртний овог байх юм.                                            



 Сартуул гэдэг үгийн гарал нь сарт буюу  худалдаачин жинчин гэсэн утга бүхий  энэтхэг үг байх нь. Зарим хүмүүс Сарт толгой гэж  Завхан аймгийн Дөрвөлжин суманд байх ойр хавьдаа сүр бараатай алсын хараатай нэгэн толгойн нэр гэх. Гэхдээ энэ бол нилээн хожуу үеийн хүмүүсийн  л бодол юм шиг байгаа юм.
                                                                                                           Их эзэн хаан Чингис 1219-1225 оны хооронд Хорейзмын Шах Мухамедын  улсыг дайлах явцдаа Ургенч, Бухар зэрэг хотуудаас голчлон бүрдсэн 100000 гаруй иргэнийг олзлон Хар Хорум зэрэг монголд цэцэглэн хөгжиж байсан хотуудыг бариулахаар ашиглаж байгаад 1250-иад оны үед одоогийн Завхан аймгийн нутаг Завхан голын орчим байсан Чингай балгасны орчим нутаглуулж баруун гарын их чинсан Чингайд захируулсанаар Сартуул ястан  үүссэн гэж ихэнх хүмүүс ойлгодог.
 Гэхдээ  “Монголын нууц товчоо” болон Рашид-ад-дины  “Судрын чуулган”-аа сартуул гэж хэд хэдэн удаа гардаг ба манай улсын Ховд, Баян Өлгий, Увс, Завхан аймгуудын нутагт Сартагтай баяны гэрийн бууц, Сартагтай баатарын морины мөр, Сартагтай баатарын харвасан чулуу, Сартагтай цэцний суваг зэрэг Сартагтай цэцэн баатар, Сартуулуудтай холбоотой түүх домгийн зүйлс биетээрээ оршдог нь сартуул  түмэн нь  мал аж ахуй, газар тариалан, дорно өрнө рүү жин тээж, худалдаа арилжаа хийж торгоны замын хөгжлийг бий болгосон төдийгүй  зарим хэсэг нь суурьшмал амьдралд шилжин бөс бараа, даавуу нэхэж алт мөнгө, чулууны дархан, гар урлал хөгжүүлж тухайн үед соёл боловсоролоороо бусад овог аймгуудаасаа ялгарч  онцлог өвөрмөцөөр оршин сууж байсан уугуул Монгол угсаатан болох нь  тодорхой болжээ.

Монголын Нууц Товчооны 177-р зүйлд "...Чи улсаа орхиж, цөөн хүнтэй амь хорогдон дутааж, хар Хятадын гүр хааныг Сартуулын нутаг Чуй мөрөнд байхад хүрч очоод тэнд нэг жил бололгүй бас салж Уйгар нутаг ба Тангудын газраар тэнэж, 5 ямаа шөрөглөн сааж, тэмээний цус ханаж идсээр сохор халиун морьтой явж ирэв чи..." гэж Тоорил ханд Чингис хаан хэлж байна
 198-р зүйлд "... Найманы Хүчүлүг хан, Уйгарын Харлугийг дайрч Сартуулын газар Чүй мөрөнд байгаа хар Хятадын Гүр ханд нийлэн очив..." гэж гардаг.  Энд  Чуй мөрөн бол  одоо ч энэ нэрээрээ Хятадын Шинжаан Уйгар болон ОХУ-ын Алтайн өөртөө засах орны нутагт буй Чуй, Чулышман зэрэг хоёр томоохон голыг хэлж байгаа бөгөөд тухайн үеийн Дундад ази, Хорезмийн Шахын улсад харьяалагддаггүй тэднээс  алс хол орших Монгол  Найманы эзэмшил нутаг.

Монголын нууц товчооны 181-р зүйлд: "...Саяхан намайг Тогтоа бөөгийн сартуул хонины сүүлийг дагаж явсан ..." гэж Сэнгүм хилэгнэсэн байдаг. Мөн Лу Алтан Товчид: ...Чингис хаан зарлиг болсон нь: Арамза Сартуул чи зэрмэд загас бол, Урианхайн Зэлмэ чи хүчит хүй шонхор бол... хэмээн цэц булаалдуулж байгаа нь сартуулууд  Их Хаанд  эртнээс хүчин зүтгэж байсан нь тодорхой. 

 Манж  засгийн үед   Сартуул вангийн хошуу гэж Засагт хан аймгийн томоохон хошуу байлаа. Манж хаан халх түмнийг хошуу болгон хувааж байх үед Сартуул ван “надад жижигхэн гурван толгойн дундахь газрыг өгчих, жаахан юм... надад болно “ гэсэн гэдэг Тэр гурван толгой нь Дөрвөлжин сумын Хомын талын Сарт толгой,Алдархаан сумын Алдар толгой, Сонгино сумын Цавдангийн Хөх толгой юм гэнэлээ.  Хожим нь   бас элжигэн ноён адуу түм хүрлээ  нутаг өгөөч гэхэд Сартуул ноён манай хошуу түмэн сартуул, мянган  тайжтай л даа нэг нь нэг, хоёр нь хоёр унаатай хаана яаж адгуулдаг юм бол доо. Би мэдэхгүй, олон түмэн л мэдэх байх гэж хариулсан  гэнэлээ. Тэр цагаас л Цэцэн сартуул хошуу гэж алдаршсан гэж байгаа.  Халхад тодорсон хутагтуудаас найман хутагт ,монгол улсын дөрвөн ерөнхийлөгчийн  хоёр нь  Сартуул  хүмүүс байна. Эдгээрийн ихэнх нь Алаг адуу овогтой байх юм.  Тэгээд ч зүгээр  нэг  ганц хоёр домог ярианд болоод  Цэцэн Сартуулын Хошуу гээд нэрлэчиxээгүй байх л даа.

 
Хэлмэгдэлийн хэцүү үед  эд хөрөнгөө хураалган амь насаа алдаж  явсан,  Дилов хутагт Жамсранжавын  "Ар Монголын тухай дурьтгал" хэмээх дурсамжандаа  жинхэнэ монголын төлөө цохилох зүрхтэй эх оронч хэмээн халуунаар дурсаж бичсэни  Цэцэн сартуул хошууны сүүлчийн засаг ноён  төрийн чин ван, Засагт хан аймгийн захирах жанжин Насанбуянжаргалын Жалцангомбоцэдэн



 Цэцэн Сартуул хошуу нь  нь хонины өвчүүний хэлбэртэй ба Сонгино  хайрхан, Шотой, Шар нуруу, Хавцгайт, Алаг, Аргалант, Таван лам, Цогт хайрхан, Их буурал, Тасын суудал, Хомын тал, Завханы ба Монголын үргэлжилсэн их элсэн манхан, Хунт холбоо, Хар нуур, Баяннуур, Айраг, Цавдан нуурууд, Завхан, Хүнгүй зэрэг том гол багтсан хангай, говь хосолсон Хангай, Алтайн их нурууны завсарт, Хан хөхийн хормой, Булнайн нурууг түшсэн өргөн их нутагтай  байжээ. Уг хошуунд одоогийн Завхан аймгийн Түдэвтэй, Цэцэн-Уул, Сонгино, Яруу, Сантмаргац, Завханмандал, Эрдэнэ-хайрхан, Алдархаан, Ургамал, Дөрвөлжин, Увс аймгийн Завхан, Ховд аймгийн Чандмань зэрэг сумд багтаж байсан байна. 




1 comment:

  1. Sartuuluud uzbek humuus. chingisiin guch huu Sartagtai haan end yamar ch hamaagui. Sartagtai haan bol Bat Haanii huu yum. Sar-aar ehelsen buhniig hamaatuulah gevel sarmagchinguud, sarlag uher bas hamaatan boloh uu? Sarnai, Saruul, Sarangaar ehelsen nertnuud bugd sartuuluud uu? Sara gesen nertei buh gadaaduud sartuuluud baih tee?

    ReplyDelete