Би мэргэн
Тоньюкук. Нанхиадын эрхэнд хүмүүжсэн минь тэр цагт Түрэг улс Нанхиадын эрхэнд
агсны учир болой. Би Түрэг улсын хаантай болох цагийг үзээсэй хэмээн санах
бөлгөө. Түрэг улс нанхиадаас хагацаж хаантай боловой. Харин тун удалгүй хаан
юугаа тэвчиж дахин нахиадад дагаар оров. Тэр цагт тэнгэрийн зарлиг болсон нь
“Би та нарыг хааантай болгоход та нар хаанаа орхин бусдад дагав” хэмээвэй.
Тэнгэр эс таалж тэднийг үхүүлэхэд түрэг хүн үхэж бууран доройтов.
Түрэг улсын
нутагт дахин гэр төр тогтсон нь үгүй. Бусдын эрхэнд ороогүй нь хурж долоон зуу
болов. Тэдний хоёр хэсэг нь морьт бөгөөд нэг хэсэг нь явган авай. Энэ долоон
зуун хүнийг төрүүлэн удирдах хүн нь шад билээ. Тэр над лугаа нийл хэмээв. Түүн
лугаа нийлэгсдийн дотор мэргэн Тоньюкук би буй бөлгөө. Би түүнийг хаан болгоюу
хэмээн сэтгэн санасан минь холоос туранхай буга, тарган буга хоёрын тарган
туранхайг ялгахад бэрх хэмээжихүй. Хожим тэнгэр надад билэг өршөөсөн тул би
түүнийг хаан болгов. Миний ойр Байла бага дархан мэргэн Тоньюкук бүхий учир би
Элтэрэс хаан болсугай гэж өмнөдөд нанхиад, дорнодод хятан, умардад олон огусыг
сөнөөв. Түүний билгийн нөхөр, алдрын нөхөр би авай. Тэр цагт бид Цугуй хожи ба
Хар гомд сууж бөлгөө. Би тэнд гөрөөс, туулай идэж суувай. Иргэний хэвлий дүүрэн
бөлгөө. Манай дайсан эргэн тойронд махчин шувуу мэт авай. Бидний байдал ийм эл
боллоо.
Нанхиадын хаан
манай дайсан бөлгөө. Арван отгийн хаан манай дайсан бөлгөө. Бас Хиргисийн хаан
манай хүчит дайсан бөлгөө. Энэ гурав зөвлөлдөж Алтан ууланд золгосугай
хэмээлдэв. Зүүн Түрэгийн хааныг дараар
орсугай хэмээлдэв. Бид түүнийг эс дийлбээс тэр баатар хаан, түүний сайд мэргэн,
тэр маныг мөхөөнө. Үүнээс бид гурав нийлж түүнийг дарахаар морилж мөхөөсүгэй
хэмээлдэцгээв.
Энэ үгсийг
сонсоод шөнө нойр ирэхгүй, өдөр амрыг олохгүй боллоо, би. Миний сэтгэсэн нь бид
урьдаар Хиргисийг дайлваас... тэнд одоход Хөгмэнийг дайрах ганц зам буй нь
цасанд булагдсан хэмээн сонссон тул бид
энэ замаар явж үл болно хэмээн би хэллээ. Би замч хүнийг эрсээр цөл Асын
нутгийн хүнийг олов. Түүний хэлсэн нь “ Миний нутаг Ас...Би энэ замыг мэднэ.
Хөгмэнийг дайран явах ганц зам болой. Тэнд амарч болох нэгэн газар буй. Энэ
газраар явбаас цувж явна” хэмээв. Эл үгийг сонсож хэлсэн мину. Бид энэ замаар
явбал хэрэг бүтнэ. Үүнийг би хаандаа өчлөө. Дайнд цэргийг засан мордуулж
Агтрмелд нийл хэмээлээ, би. Цэргүүдийг морин дээрээ зогсоогоороо яв хэмээж,
цаст газрыг гатлав. Би бас тэднийг мориноос буу хэмээж, тэд морио хөтлөн мод
тулж явав. Өмнөх цэргүүд цасыг гишгэлэн мөр гаргасанд би цэргүүдийг урагш давшуулан Иберийг давав.
Бид арав хонож уулын хажуух бэрх газрыг өнгөрөв. Замч хүн маныг буруу удирдсан
тул тэр алагдав. Тэр цагт ядаж зовж ахуйд хаан ийн өгүүлрүүн: Урагш давшъя, Ани
мөрөн энэ амуй. Үүнийг уруудан явъя хэмээв. Бид энэ голыг уруудан явав... Өдөр
шөнө моридоо хатируулан явж хиргис нарыг унтаж бүхийд тэднийг довтлон жадалж
зам нээв. Хан болон тэдний цэргүүд хорсон тул бид тэдэнтэй дайлалдаж дийллээ.
Бид тэдний ханыг алав. Хиргис улс хаанд ирж дагав. Бид буцаж Хөгмэн уулын нөгөө
талаар даван Хиргисээс ангижрав.
Туршуулын хүнийг
авчирваас түүний үг нь: Ярышийн хөндийд арван түмэн цэрэг хурвай хэмээв. Энэ
үгсийг хамаг бэхи нар сонсож, буцъя. Ариунд бардамнахгүй бол сайн хэмээв.
Мэргэн Тоньюкук би хэлсэн нь: Бид Алтан уулыг давж энд ирлээ. Бид Ирчис голыг
гаталж энд ирлээ. Дайсан ману зоригтой, гэвч биднийг харсангүй. Тэнгэр умай, Богд Зарсув тэдний нүдийг халхлав. Бид юуны
учир дутаах гэж? Бид цөөн авч юуны учир
тэдэнд дийлэгдэх гэж? Бид тэднийг дараар оръё хэмээв. Маргааш өдөр нь тэд талын
түймэр мэт ирэхүй дор бид дайлалдав. Тэдний хоёр этгээдийн жигүүр нь манай
цэргээс нэгэн хувь олон авай... Тэнгэрийн ивээлээр бид тэднийг олон гэж эс
айлаа. Бид Тардуш шадыг даган дайлалдаж тэднийг дийлэн хааныг нь олзлов. Тэдний
явгу, шад нарыг тэд өөрсдөө алав. Тавиад хүнийг олзоллоо. Тэр шөнө тэдний улсад
тунхаг тархаав. Эл тунхгийг сонсож арван
отгийн бэхи нар ба улс иргэн дагалаа.
Бид ирсэн бэхи ба улсыг хурааж дутаан явсан зарим улсыг нэхүүлээр одуулав. Бид
бас явав. Янчуй голыг гаталж Тинаши, Огли, Затигман, Банлин уулыг даван Төмөр
хапаг хүртэл нэхэж гүйцээд буцав.
Инель хаанд ... Согдын
зарим улс, Сог тэргүүтэй ирж дагалаа. Эрт манай өвөг ба Түрэг улс эзгүй асан
Төмөр хапаг ба Тинаши, Огли, Затигман ууланд ирсэн билээ. Би өдгөө манай
цэргийг энэ газарт удирдан авчирсан нь шар алт, цагаан мөнгө, эмс охид ...
үлэмж эрдэнэсийг аван буцав. Элтэрэс хаан мэргэн бөгөөд баатар тул хорин долоон
удаа нанхиад лугаа дайлалдав. Долоон удаа Хятан лугаа дайлалдав. Таван удаа
Огус лугаа дайлалдав, түүний сайд би агсан бөлгөө. Түүний цэргийн түрүү би
агсан бөлгөө. Элтэрэс хаанд, Түрэгийн Билгэ хаанд.. Капган хаанд... шөнө нойр
ирэхгүй, өдөр амрыг олохгүй, улаан цус, хар хөлсөө асгаруулан хүчин тэнхээгээ
гаргаж хол замд тэднийг явуулав.
Элтэрэс хаан эс
хөдөлсөн буюу үгүй ахул Мэргэн Тоньюкук би эс хөдөлсөн аваас Капган хааны оронд
Түрэгийн улс гэр, хүн иргэн эзэнгүй аху билээ. Элтэрэс хаан ба мэргэн Тоньюкук
хөдөлсний учир Капган ба Түрэгийн улс мандаж өдгөөгийн энэ
Билгэ хаан Түрэг улсын ба Огус улсын хаан суулаа.
No comments:
Post a Comment