3.03.2014

Хиагтаас хятадууд хөөгдсөн нь

Удахгүй монгол цэргийн баяр боллоо. Энэ өдөр бол 3-р сарын 18. Ардын журамт цэрэг Хиагт хотыг гамин цэргээс чөлөөлсөн түүхт өдөр. 1921 оны гуравдугаар сарын арван долооны орой ардын журамт цэргийн хороод Ханын хөндийгөөр өгсөн Хонгор морьтын даваагаар давж  Жононгийн хөндий, Эрээн нарсны нуруугаар дамжин шөнөжин явсаар 18-ны өглөө Хиагтын дэргэд ирж тулалдаанаа эхлүүлжээ.
Монголчууд 400, хятадууд 10000. Энэ тооны харьцаанаас болж монголчууд дан ганцаар гамингуудыг дараагүй, оросууд оролцсон. Тэд монгол хувцас өмссөн байсан. Өөрсдийн хүчээр ялсан  домог зохиосон  гэх мэтээр янз бүр  яриа гарах болж.
Энэ бол түүхч, судлаачдын хагалах асуудал байх. Гэхдээ монголчууд өөрийн хүчээр гаминг Хаигтаас хөөсөн нь хэдхэн зүйлээс илт мэт.
Зэвсэглэлийн хувьд нум сум бороохой шийдэм барьсангүй. Тэр үедээ л сүүлийн үеийн зэвсэгтэй байж. Их буугаар дэмжүүлсэн дөрвөн пулемёттай, бүгд винтовоор зэвсэглэсэн, дарга нар болон журамт цэргийн ядаж тал хувь нь хал үзсэн, урьд нь хятадын хар цэрэгтэй байлдаж явсан туршлагатай хуучин дайчид.
Монголчууд 1911-1914 оны хооронд хятадуудтай 40-өөд удаа их багаар байлдсан байдаг ба ялагдсан удаа үгүй. 1912 онд Юань Ши Кай 33000 цэргийг орчин үеийн зэвсгээр зэвсэглэн Монгол руу зургаан замаар оруулсан. Харин үүний эсрэг хагас нь л винтов буугаар зэвсэглэсэн Монголын арми 1000 хүнтэй л байв. Тэд хөнгөн их буу хоёртой бол хятадууд 85 их буутай гэж байгаа. Манайхан гурван замаар хятадын эсрэг хөдөлж анхны тулалдаанаас хойш уламжлал ёсоороо хятадуудыг удаа дараа ялж давшсаар Хөх хот өнгөрч бараг цагаан хэрмэнд тулж очжээ.  Эндээс харахад  цэргийн тоо чухал биш аж. Ингэж ялж явсан Монголчуудыг Хиагтын гурван улсын гэрээ гэгчээр хойш нь татсан.
1919 онд хятадууд монгол ноёдыг хахуулдахыг нь хахуулдаж, айлгахыг нь айлгаж байгаад улаантнаас хамгаалж өгөөч гэсэн бичиг үйлдүүлж байж Нийслэл хүрээг ямарч эсэргүүцэлгүй эзэлж авсан юм. Гэхдээ үүний дараа  дахиад л хятадуудын байлдах чадварыг шалгасан үйл явдал болно.
1921 оны эхээр Барон Унгерн Азийн морин дивизээ дагуулан монголд орж ирэхдээ 800 хүнтэй байв. Нийлсэн монголчууд 200 орчим гэж байгаа. Зэвсгийн хувьд  6 их буу, 20 пулемёнт. Тэгэхэд Нийслэл хүрээнд хятадын 15000 цэрэг 40 их буу, 100 пулемёнтоор зэвсэглэсэн байсан байна. Гэхдээ хиар цохиулж ихэнх нь хойш Хиагт руу зугтжээ.
Хиагтад болсон тулалдаанд хятадууд тооны хувьд илт давуу байсан ч нутгаасаа хол дандаа ялагдаж байсан үхмэл сэтгэхүйтэй байж. Харин манай журамт цэргүүд эх орноо гэсэн чин үнэн  сэтгэлтэй, хятадуудтай байлдахад хэзээд бид ялдаг гэсэн олон зуун дамжсан уламжлалт итгэл үнэмшилтэйгээр тулалдаанд оржээ. Тэгээд  бас л хятадууд ялагдсан.

No comments:

Post a Comment