4.01.2014

Чингис хааны дүр жавхлан хийгээд эш хөрөг

Тэмүжин ямархуу дүр байдалтай төрснийг мэдэх асуудал хүмүүсийн анхаарлын төвд байсаар ирсэн ба түүний тухай ууган мэдээ гэвэл  “Монголын нууц товчоо”-ноо түүний хадам эцэг Дай Сэцэн хэлсэн нь: “Энэ хөвүүн чинь нүдэндээ галтай нүүрэндээ гэрэлтэй хөвүүнбуй” гэсэн бадаг юм. Бас “ Юань улсын түүх” “Есүй ахайн намтар”-т Чингис тайзу хааны төрсөн байдал дүр ер бус гэж бичжээ. Харин өмнөд Сүн улсын элч Жоу Хүны бичсэн “Монгол татаарын тухай бүрэн тэмдэглэл”-д Татаарын эзэнТэмүжин гэгч бие байдал том хүдэр, магнай өргөн, сахал урт, төрсөн нь сүрлэг агуу  тул ер бус болой гэж тэмдэглэжээ. Мөн Чингис хааныг нас барснаас хойш дөч гаран жилийн дараа Хубилай хааны дэргэд ирсэн Марко Поло өөрийн сонссоноо: Чингис хааны төрсөн нь арван хувийн бүрэн чийрэг, билэг ухаан хурц сэргэлэн, үг, үгүүлэлд гарамгай бөгөөд нэн баатар эрэлхэгээр алдаршжээ гэж тэмдэглэсэн бөгөөд бас бусдаас Хубилай хааны төрсөн байдал нь түүний өвөг эцэг Чингис хаан лугаа адил гэж сонссоноо бичсэн байна. Оросын дорно дахинч Березин “Чингис хаан” номдоо Таргудайн ажигласнаар Тэмүжин үнэсэн бор нүдтэй, хар хүрэн үстэй, улаан ягаан царайтай төрсөн, хурц сэргэлэн бөгөөд үл тоох харцаар хүнийг хардаг хөвгүүн гэжээ.
Эдгээр шууд болон дам тэмдэглэлийг үндэслэвэл Тэмүжиний төрсөн дүр жавхланг ойлгож болно. Залуу үедээ тэр өргөн тэнэгэр магнайтай, улаан цагаан ялгарсан хээнцэр дөрвөлжин царайтай, өтгөн хар хөмсөгтэй, өндөвтөр тэгш хамартай, хоёр нүд нь хар бор ялгарч харагдсан, хоёр чих нь халбагар их, биеийн байдал нь ханагар өргөн цээжтэй, хавтгай дөрвөлжин мөртэй, сүр жавхлөн төгс эзэн тэргүүлэгчийн шинжтэй хүн байсан юм байна. Дунд насны үедээ гоё сайхан битүү хар сахалтай байжээ. Өтлөх үед нь өвч толгой нь цал буурал болж өргөн тэнэгэр магнайд нь тэгш хэдэн атираа сууж.
Юань улсын ордны монгол зураач Хорихусун яг ийм дүрийг бүтээсэн юм. Бээжингий түүхийн музейд өндрөөрөө 58,3 см, өргөнөөрөө 40,8 см хэмжээтэй нарийн цагаан цаасан дээр гүехэн будгаар өнгө ялган будсан Чингис хааны цээж хөрөг бий. Хааны эл эш хөрөг нь толгойдоо цагаан арьсан гадартай, хар булган дотортой өвлийн малгайг дарж, биедээ гүехэн хулавтар шар ноосон нэхмэл дээл өмсчээ. Царайны өнгө нь боровтор улаан, битүү буурал сахалтай, зулайных нь үс магнай руу нь бултайж хоёр тийшээ салсан бөгөөд гөрмөл гэзэг нь хоёр чихнийх нь араар гогцоорон харагдаж байна. Зүүн дээд буланд нь “Тайзу хаан буюу Чингис хаан, алдарт Тэмүжин” гэсэн бичээстэй.
Энэ хөргийг 1953 онд Хубэй мужын Аньлу газрын Цэнь Хуань гэгчийн үр хойчоос олж авсан ба Цэнь Хуань бол Юань Ши Кайн штабын даргаар ажиллаж байсан бөгөөд  Монгол орноор явж байхад нь монголын нэг ван түүнд эл зургийг өгчээ. Мэргэжилтнүүд тус хөргийн цаас, будаг, хүний дүр, бичээс, зурсан арга зэргийг нарийн хянамгай судалж үзээд  хөрөг бол Юань улсын үеийн зураачын бүтээл гэж нотолжээ.

Энэ хөрөг “Юань улсын түүх, тахил тайлгын тэмдэглэл”-д гардаг Хорхусуны зурсан хөрөг мөн байж мэдэх бөгөөд монголчууд 1368 онд Бээжин хотыг орхин гарахдаа умар зүг авч яваад нэгэн язгууртанд үе дамжин хадгалагдаж байсан байж болно. Мин улсын зураачид Юань улсын хаадыг зурахдаа эшлэсэн хөрөг мөн гэх баримтгүй ч үүнтэй адил зурсан Юань улсын үеийн зураг байсан нь дамжиггүй гэж шинжээчид үзжээ. Энэ хөрөг олдохоос өмнө уламжилж байсан Чингис хааны хөрөг бол манжийн хааны ордны санд хадгалагдаж байсан хөрөг болно. Энэ санд хаад, хатад, богд, жанжин гээд алдартнуудын  таван зуу гаруй хөрөг байжээ. Бүгд ижил хэмжээтэй эл хөргүүдийг Мин улсын зураачдын хуулбарлан зурсан хөргүүд гэж үздэг.


Өвөрмонголын эрдэмтэн Сайшаал гуайн “Чингис хааны товчоо” номноос хэсэгхэн өгүүлэхэд ийм буй...

0 comments:

Post a Comment