3.21.2014

Ховдын цэнхэр хязгаарт

Ихэс нуурын хөвөөнд хоносон бид сайхан цайлж аваад Ховд аймгийн Дарви сум руу хөдөллөө. Аавын минь нутаг. Сэтгэлдээ төсөөлж байснаас биш нэг ч ирж байгаагүй аавын маань төрсөн нутаг. Бид аав маань яг хаана төрсөн гэдгийг сайн мэдэхгүй ч Мөнгөн аяга багийн нутгаар нутаглаж явсан гэдгийг мэднэ. Сутай хайрхан Дарвийн нурууны хоорондох хөндийгээр гүйлгэхэд Говь-Алтайн Дарвиас 70 км зайтай.
Бид Тунгалагын булагаар дайраад цааш Дөргөн нуурын хөвөөнд эртхэн очиж амрах төлөвлөгөөтэй. Даанч сумын төв дээр нэг дугуй янзлуулах гэж өдрийн талыг харамсалтайгаар өнгөрөөв. Зун сумын төвдөө хүн цөөтэй байдаг болтой, төв зам дагуу гэхэд ганц дугуй засвар онгорхой, тэр нь арын хаалга ихтэй гэж байгаа. Бидний сэтгэл яараастай. Дугуйгаа янзлуулж аваад сумын төвийн арын голыг гарч Тунгалагийн булагийг зорилоо. Тунгалаг уст энэ сайхан булагийн дэргэд аав минь төрсөн байх өндөр магадлалтай. Хотоос гарахдаа авга нараасаа асууж сураглаж хэдэн газар точклосон юм.
Булагийн дэргэдэх овоонд мөргөлөө, идээ ундаагаа ч өргөлөө. Баруун талд нь Бумбат хайрхан сүртэй сайхан харагдана. Эндээс нутгийнхан Далай хэмээн дуудах, үнэхээр ч далай аятай сүртэй сайхан их уст Дөргөн нуур чигээрээ явбал 30 хүрэхгүй км, гэхдээ баруун талаасаа очихгүй бол элс, сул шороо ихтэй юм. Бид Дөргөн нуурын урд хөвөөн дээр байх Жанжин овоонд ирлээ, мөргөлөө. Гэнэт тэнгэрт давхар солонго татан, салхи зөөлнөөр үлээж Дөргөн нуур биднийг үнэхээр сайхнаар хүлээж авсан. Салхигүй бол шумуул гэдэг амьтан дамжлаад явчихаар их байх юм билээ. Усанд орж оройжин л  том жижиггүй бужигналаа. Бүрэнхий болоход  нуураасаа жаахан зайтай байх айлын хажууд очиж хоноё гээд хөдөлтөл элсэнд сууж баахан эргэлдлээ. Нуур маань явуулах үнэн дургүй байна. Бид хайсан газраа олсон болтой, аав минь энд л, Дөргөн нуурын хөвөөнд төржээ.



Өглөө эртлэн босч бас баахан зураглаж аваад дараа дахин дахин ирэхийн ерөөл тавьж Манхан сумын Гурван сэнхэрийн агуй үзэж сонирхохоор Бумбат хайрханаа чиглэн хөдөллөө. Эндээс Манхан сум орох ганц замтай. Энэ зам Бумбат хайрхан Жаргалант хайрхан гээд хоёр сайхан хайрханы дундуур нэгэн хөтөл дээгүүр давж  уруудаад хэсэг элстэй. Нутгийн хүмүүс биднийг элсээр гарч амжихгүй байхаа, урдуураа Бумбат хайрханаа  эсвэл хойгуураа Жаргалант хайрханаа тойрч явахыг зөвлөж байлаа. Тойроход хэтэрхий хол, тэгээд ч элсэнд явах бэлтгэл нэгэнт хангагдсан гэж үзсэн бид элсээр дайрч Манхан сум хүрэхээр шийдэв. Элсээр ч бэлтгэл хангагдсан тамирчин шиг л гараад явчлаа. Өөшийн голыг гармаар гарч Манхан сумын хойхно төв зам дээр байх колонкоос замаа заалгаж аваад сумын төвөөр оролгүй шууд агуйгаа чиглэв.  Агуйн наахна үерлэсэн Хойд сэнхэрийн голыг гарав. Уулын ширүүн урсгалт энэ гол үерлэсэн үедээ эвгүй юм. Алдарт Гурван сэнхэрийн агуйдаа ирлээ. Өндөрт хоёр зэрэгцээ агуй байх. Том нь ч бол ёстой том, олон хунхтай. Дотор нь ороход хүй нэгдлийн хүмүүс нааш цааш хөлхөлдөж, хэвтэх нь хэвтэж ер нь яаж л бол яаж кино хийхээр том юмаа. Хунхандаа сууж байгаад л зурагнуудаа зурж байгаа нь нүдэнд харагдаж байна.
Бүрэнхий болж байхад бидний хэд Ховд хотын Буянт буудалд тухалж авсан байлаа. Ховд хот анх 1685-1717 онд Монгол цэргийн бэхлэлт гэж сууриа тавьж байсан эртний хот. Өглөө эртлэн олон үндэстэн ястны эл хотоор зугаацах нь зугаацаж, машин тэргэндээ засвар үйлчилгээ хийх нь хийцгээж үдээс хойш онгоц тосож “хангалтаа” аваад Буянт, Мянгад сумдаар дайрч Хар ус нуурын хөвөөн дээр хонохоор хөдөлсөн юм. Замдаа Буянт гол, Борогчны рашаан, Ямаат уул, Ховд гол гээд зогсож зураг авсан шигээ тааваараа явав. Явсаар Хар ус нуурын хөвөөн дээр хоноглолоо. Энэ бол  аялалын хамгийн хүнд шөнө байлаа. Шумуул гэж амьтан энд ямар ч тос түрхсэн, ямар ч их утаа май тавьсан үнэн тоохгүй дээрэлхэх юмаа. Ховдын шумуул овоо юм байна лээ. Өглөө нь хам хум майхнаа буулгаж аваад Дөргөний усан цахилгаан станц чиглэн зугтсаан, зугтсан.
Үзэсгэлэнт сайхан газар байрласан Дөргөн сумыг дайрч Чоно харайхын хавцлыг сонирхохоор цаашиллаа. Харин хавцлыг маань боож хиймэл нуур үүсгэн Дөргөний усан цахилгаан станцыг  байгуулжээ. Хүний гараар нурааж ч байна, бүтээж ч байна. Чоно харайхын хавцал хайран ч Чоно харайхын гол урсдагаараа урсаж л байна. Улс орны эрчим хүчинд хувь нэмрээ оруулж байгаа Дөргөний усан цахилгаан станц хэвийн ажиллаж л байна. Өөр юу хэрэгтэй гэж гээд л  зураглах ажлаа зогсолтгүй л хийж явлаа, манайхан.

Бид Тээлийн голын гүүрээр гарч  Завхан голын хөвөөн дээр алжаал юугаа тайлж амрахаар эрт буулаа. Тээлийн голоос загас барьж, Завхан голынхоо усанд орсон шигээ өдрийг сайхан өнгөрөөв. Завхан голтой хоёрдохоо таарч байгаа нь энэ. Хомбого толгойн дэргэд урсаж байсан Завхан гол маань шуугин шаагиж байсан бол энд бол элсний нүүдэл шиг чимээгүй. Чулуугүй, элсэн дээгүүр урсаж байгаа болохоор амарч хэвтэж байхад үнэхээр таарсан газар юм. Ховдод өнгөрөөсөн  сүүлийн өдөр дууслаа, үүнээс цааш Завхан нутаг залгана... 

0 comments:

Post a Comment