6.04.2019

Энгүдэй хааны үеийн Жужан (Нирун) улс


429 оны намар Татар хааныг нас барсны дараа түүний хүү Энгүдэй (429-444 он)Тэнгэрийн хэмээх өргөмжилсөн нэртэй хаан сууринд суужээ. Энэ үед Сяньби гаралт Тоба Вэй улс ихээхэн хүчирхэгжиж 430 оноос хойд хятадын нутаг дахь тусгаар улсуудыг нэгтгэх ажлаа эрчимжүүлсэн бөгөөд 431 онд Сиа улсыг, 436 онд Хойд Янь улсыг, 439 онд Хойд Лян улсыг эзэлж, Фу Жиан улсаас хойш хагас зуун жил хүрэхгүй хугацаанд Шар мөрний эргийн нутгийг нэгтгэж чаджээ.

Тиймээс Жужаны эрх баригчид Вэй улстай аядуу найрсаг харилцах бодлого баримталж байв. 431 онд Жужаны хааны элч Вэй улсын хааны ордонд бэлэг сэлттэй айлчилж ирснээс хойш 3 жил тэд хоорондоо дайн байлдаангүй амгалан тайван байжээ. Хоёр улсын хаад энэ харилцаагаа худ ураг барилдан улам баталгаатай болгон 434 онд Энгүдэй хаан Вэй улсын хаан Тай Вутигийн охин Сихай гүнжийг хатан болгон авч, хаан өөрийн ах тэргүүтэй хэдэн зуун хүний бүрэлдхүүнтэй элч илгээн 2000 агт бэлэг болгон хүргүүлсэнд Вэй улсын хаан ихэд талархаж, үнэтэй бэлэг сэлтээр хариу барьжээ.

Тоба Вэй улсын хаан Тай Вути Жужан улсын эсрэг холбоотон хайх зорилготой 20 хүнтэй элчийг Си-юу буюу Шинжаан руу илгээсэн нь Као чань хотын дэргэд Жужанчуудад олзлогджээ. Энэ явдалд Энгүдэй хаан дургүйцэн 436 оноос Вэй улсын хилд халдах болжээ. Тиймээс 438 онд Вэйн хаан цэргээ бөөгнөрүүлэн 3 замаар Жужан улс руу довтоллоо. Хаан өөрөө Тэнгэр уулыг чиглэн яваад түүний баруун талын Байфу уулан дээр гарч аялан явсан тухайгаа сийлэн тэмдэглээд Жужанчуудтай тааралдалгүй буцсан ч буцах замдаа Жужаны түмэн морьт цэрэгтэй тааралдан хөөгджээ. Тэр үед говиос хойш их ган болж, өвс ус ховордсон үе тул Вэй улсын цэргийн олонхи нь хангадаж үхжээ.

439 оны 6 сард Хүннүгийн цзюйцюй аймгийг Вэй улс довтлоход тэд Жужаны Энгүдэй хаанаас тусламж хүсжээ. Тиймээс Жужанчууд Вэйн нутагт халдаж, Энгүдэй хааны ах Цилегуй шилмэл морин цэргээр Цицзешань уул хүрэн Вэйн нийслэл Пинчэн хотод дөхөв. Харин Энгүдэй хаан өөрийн цэрэгтэй Тутуйшань ууланд Вэйн түшмэл Чансунь Даошэний цэрэгтэй тулалдсан байна. Гэвч Гавал (Иньшань) уулнаас хойш болсон тулалдаанд Жужанчууд ялагдаж Энгүдэй хааны ах Цилегуй мөн хааны авга ах Таулуху болоод 500 жанжин цэргийн хамт олзлогдож, түм гаруй цэргээ алуулан их хохирол амсжээ. Баригдсан Цилегуй “цзюйцюй нар биднийг баллалаа” гэснийг Энгүдэй сонсоод гэдрэг буцжээ.

Гэсэн ч энэ үед Жужанчууд урьдын адил хүчирхэг хэвээрээ байсан бөгөөд Энгүдэй хаан 439 онд баруун газрын орнуудад элч илгээн “Вэй улс аль хэдийн сул дорой болсон. Одоо ертөнцөд гагцхүү бид хүчтэй байна. Вэй улсын элч дахин ирвэл битгий хүндэтгэгтүн” хэмээн хэлүүлж байв. Учир нь Тоба Вэй улс 439 онд Хүннүгийн үлдэгдэл аймгуудыг довтлон Вэй улсын Хэси-д нэгтгэснээр Түрэгийн ашина аймгын харъяат 500 өрх Жужан улсыг даган орж төмрөөр алба өргөх болжээ.

Харин Вэй улс 439 онд олзлогдсон Цилегуйг 441 онд шофан ван болгон өргөмжилсөн нь Жужан улсын удирдагчдыг хагаралдуулж, заримыг нь өөртөө татах бодлого явуулж байсныг харуулна. 

440 оны үед Тоба Вэй улс Жужан нарыг бүрмөсөн цохиж, эзлэн авах бодлого хэлэлцэх үед ордны түшмэл Лю Цзе хаандаа “боолууд (жужанчууд) байнгын сууршил байхгүй, нүүдэллэн тогтворгүй байдаг. Урьд нь цэрэглэн халдаад барьж олзолсон юмгүй. Уудам тариагаа эрхлэн тариан сангаа арвижуулсан нь дээр байх” гэхэд олон түшмэл түүнийг дэмжсэн ч ганцхан Цуй Хао довтлох нь зүйтэй гэхэд хаан зөвшөөрсөн байна. Энэ үеэр буюу 442 оны 10 сард Жужаны элч Сун улсад очиж бэлэг сэлт хүргүүлсэн нь Вэйн довтолгооны эсрэг холбоотонтой болох зорилготой ажээ. 

Вэйн цэргийн хүчин 443 онд дайтахаар мордохдоо Өгий нуурт уулзахаар товлон болзсон боловч дайтахаас татгалзсан хэсэг түшмэд болзоот хугацаандаа ирэлгүй хожимдсон тул хааны цэрэг товлосон газартаа 6 хоног хүлээн саатах зуур Жужанчууд хэдийн зайлан холджээ. Тэдний хойноос Вэйн цэрэг Чулуутын гол хүртэл гэзэг даран нэхсэн боловч гүйцэж чадсангүй. Ингээд дайснууд буцах замдаа их элст говьд хоол хүнсээ баран, өлсөж цанган олон цэрэг мөн үхжээ. Мөн оны намар Вэйн хаан хөнгөн морьт цэргээр Жужан нарыг довтолсон боловч түүний Умардыг тохинуулагч жанжин Фэн Та урван, дайсандаа дагаар орсон тул довтолгоон амжилтгүй болсон байна. 

444 онд Вэй улс дахин Жужаны Энгүдэй хааныг гэнэдүүлэн довтолсон боловч тэр харъяат ардаа аван ул мөргүй зайлан одсон тул Вэйн хаан аргагүйдэн буцав. 444 онд Энгүдэй хаан тэнгэрт хальжээ. Түүний их орыг хөвгүүн Тогочин (444-464 он) Зөв гэх цолтойгоор залган хаан суужээ.

No comments:

Post a Comment