6.11.2019

Жужаны (Нирун) сүүлчийн хаан Амгай


520 онд Чуну хааныг үхүүлсний дараа түүний эх болон язгууртнууд Чуну-гийн дүү Амгайг хаанд өргөмжиллөө. Амгайг хаан суугаад дөнгөж арваадхан хонож байхад сылифа тушаалтай үеэл ах Шифа нь хэдэн түмэн цэргээр довтлов. Амгай дүү Ицзюйфа-гийнхаа хамт цөөн цэрэгтэйгээр зугтаж 520 оны 9 сард Вэй улсад хоргоджээ.

Энэ үед Вэй улсын төрийн хэргийг хатан хаан Ху явуулж байсан бөгөөд 520 онд хунтайж Юань И хааны ордонд төрийн эргэлт хийж, хатан хааныг баривчлан, шоронд хийгээд байв. Ийнхүү улс төрийн хямралд хүч нь суларсан Вэй улсын эрх баригчид Амгайг хүндэтгэн хүлээн авчээ.
520 оны 10 сард Тоба Вэй улсын Сицзун хаан ордондоо Амгайд зориулан хүндэтгэлийн их найр хурим хийжээ. 

Найр өндөрлөх үед Амгай сөгдөн ёсолж хэлэхдээ “Түшмэг бидний дээдэс Их Вэйтэй гарваль нэгтэй билээ“ хэмээхэд Вэйн хаан “ үүнийг бид сайн мэднэ” гэсэн байна. Амгай “Бидний дээдэс өвс усыг даган малаа бэлчээрлүүлж, говиос хойш нутаглаж байсан. Элэнц хуланцаас эхлээд бидний дээдэс үеийн үед умард нутаг, уул усаар зааглагдсаар байсан боловч, баярласан сэтгэлээ илэрхийлэх гэж мөрөөдсөөр байгаад өнөөг хүрсний учир нь гэвэл өндөр тэрэгтэн нар бослого гарган манай түшмэг улсад самуун дэгдээсэн болохоор элч мордуулан үнэнч сэтгэлээ илэрхийлж чадаагүй билээ. Хэдэн жилийн урьд өндөр тэрэгтэн нарыг аажмаар түвшитгэж, түшмэг улсын ёсоор хүндэтгэл үзүүлэхээр Гунгули зэрэг хүнийг Вэй улсад элч болгон илгээсэн. Ингээд Цао Даочжи умар зүг элчээр очиход би,  хаан суусан миний ах бид, танай зарлигийг хүлээн авахаар таван том түшмэл илгээсэн. Ах бидний уг санаа таны сонорт хүрээгүй байтал өндөр тэрэгтэн нар дахин довтолсны учир манай улсад, өөдгүй түшмэд самуун дэгдээн, ахыг минь алаад, би өргөмжлөгдөөд ердөө арав хоног болон, хаан таны ивээл хайр тэнгэр шиг уудам болохоор хааны зарлигийг дагахаар танай оронд яаран сандруу хөнгөнөөр даган оров” гэхэд 
Вэйн хаан “ та хэлмээр байгаа зүйлээ бүгдийг ярьсангүй, ярих зүйл өшөө бий. Цааш нь яригтун гэхэд Амгай “Миний гэр оронд зовлон тохиолдсон учир хөнгөнөөр ордонд дагаар ирэв. Хөгшин ээж минь түмэн газар алслагдан тэнд үлдлээ. Харъяат иргэд салж сарнив. Эзэн хаан та бидэнд энэрэл үзүүлж, цэрэг агт морь гаргаж тусалбал би нутаг буцан, самууныг даран, сарнисан олноо хураан, хөгшин эх минь амьд ахул уулзан золгож, үхсэн ахул өшөөг авч ачийг хариулах болно. Миний бие хэрэв тэнд үлдсэн олноо хураан дагуулж чадваас дөрвөн улиралд алба тасралтгүй барих болно” гэжээ.

Вэй улсынхан Амгайн үгийг дагаж түүнд хурдан шуурхай дэмжлэг үзүүлсэнгүй. Харин цаг хожин саатуулж, Амгайд “Умардын хошой гүн, Жужаны ван” цол олгож, түшмэлийн хувцас тэрэг өгчээ.

Энэ үед Амгай ч Тоба Вэйн хааны ордонд дэмий цагийг нөхцөөсөнгүй. Вэйн хааны ордонд 520 оны 12 сард Амгайг нутаг буцаах эсэх талаар зөвлөгөөн болж, түшмэдүүдийн санал хуваагдахад Амгай цэрэг захирагч зайсан Юань Ча-г 100 жин (3 кг гаруй) алтаар хахуулдан умард зүг буцах зөвшөөрөл гаргуулж чаджээ. Ийнхүү Тоба Вэйн ордонд Амгайг дэмждэг бодитой хүчин бий болов.

Харин энэ үеэр Жужан улсад Амгайгийн үеэл ах Шифа нь түүний эх хийгээд хоёр дүүг нүднээс далд болгосон байв. Үүний хойно Нагай хааны хүү Бракман хэдэн түмэн цэргээр Шифаг довтлон бут цохиход тэрээр дидоуюйн хэмээх нэгэн аймагт зугтан очоод алагджээ.

521 онд Бракман Мохоожих гэх өргөмжилсөн нэртэй хаан суулаа. Шинэ хаан тодорсон энэ үед Амгай Вэй улсын хаанд дахин бараалхаж шадар нөхдийнхөө хамт нутаг буцахад туслахыг хичээнгүйлэн гуйсанд Вэйн хаан зөвшөөрчээ.

521 оны цагаан сараар Амгай буцах болоход Вэйн хаан Сицзун ордондоо хүлээн авч, эх зохиогч түшмэл Му Би-гээр зовлон зүдгүүрийг нь хуваалцсан уран үг хэлүүлж, харийн хийцийн хүн ба морины хуяг хос, морь ба хүний төмөр хуяг 6, мөнгөн утсаар ороосон иштэй, адууны цагаан хялгасан мончоготой жад 2, улаан доллоготой иштэй адууны цагаан хялгасан мончоготой жад 10, хар доллоготой иштэй дадартай жад 10, торгоор бүрсэн нум, сумтайгаа 2, сувдан доллоготой хадран модон нум, сумтайгаа 6, хар доллоготой нум, сумтайгаа 10, тус бүр мэстэй улаан  доллоготой бамбай 6, мэстэй хар доллоготой бамбай 6, улаан доллоготой бөмбөр эвэр 20 гэх мэт эд зүйлсийг ихээр бэлэглэж, хилийн тойрогт хүргэж өгөх зарлиг буулгасан байна.

Харин Амгайг аян замд гарахаас өмнө Вэй улсын бүс нутгийг хамгаалах жанжин Ян Зунь хаандаа бараалхаж “Жужан улсын дотоодод ах дүүсийн тэмцэл улам ширүүсэж байна. Хаан ширээнд  шинэхэн суусан Бракман ах Шифагаа алсан. Тэр Амгайг нутагтаа буцаж очиход таатай байхгүй нь мэдээж. Хэрэв Амгайг нутагт нь буцахыг тэд зөвшөөрөхгүй бол орогнуулсан Тоба Вэй улсын нэр хүндэд үлэмж харшлах нь гарцаагүй. Тиймээс Амгайг нутаг буцахад нь тусалж, түүнтэй хамт цэргийн томоохон нэгтгэл илгээх нь зөв” хэмээжээ.

Жанжны өргөн мэдүүлснийг сонссон Вэйн хаан Сицзун Амгайн талаар Жужаны хаан ямар бодолтой байгааг мэдэх зорилгоор өмнө нь тус улсад элчээр очиж байсан Деюань Цзюйчжэнийг 521 оны 2 сард Жужан руу илгээв. Бракман элчийг тоомсоргүй байдалтай хүлээн авсан боловч Вэйн элчийн хамт өөрийн 6 том түшмэлийг 2000 цэргийн хамт илгээжээ. Харин Амгай сэжиг төрүүлсэн ийм нөхцөл байдлыг дүгнээд шууд нутаг буцахаас түдгэлзсэн байна.

521 онд өндөр тэрэгтний ван Ифу Жужанчуудын дотоод тэмцлийг далимдуулан Бракман хаан руу гэнэт довтолсонд тэрээр 10 аймаг дагуулан Вэй улсын Лянчжоу мужид зугтан очиж амь гарсан байна. Ийнхүү Жужан улсын хоёр хаан хоёулаа даган ирсэнд хэрхэх тухай Вэй улсын хааны ордонд томоохон зөвлөгөөн болжээ. Вэй улсын томоохон түшмэл эзэн хаандаа “Бидний сонссоноор Хан улс (МЭӨ 206-МЭ 220 он) умард өмнөд шаньюйг тогтоосон. Цинь улс (265-420 он) баруун, зүүн хоёр хуваагдан бие биенийхээ эсрэг сөрөн байж, тус орны хувьд хэрэм болон гай зовлонгоос хамгаалсаар байсан. Тиймээс Амгайг өрнө зүгт Тужосицюань нутагт, Бракманыг Сихай мужид суулган, тус тусынхаа харъяат нараа захиран, тарсан сарнисан улсаа цуглуулаг. Амгай дөнгөж нутаглаж байгаа болохоор Шоучжоу муж 200 тонгорцог маалингат будааг түүнд тэмээгээр илгээх, Бракман хил дотор Сихай мужид байгаа болохоор хэрэглэл, хамгаалал Амгайтай адилгүй байх ёстой” гэсэнд Вэйн хаан Сицзун зөвшөөрчээ.

522 онд Бракман хаан зугтан очиж амь хорогдсон Лянчжоу муж руугаа халдахад Вэйн хаан цэрэг илгээж олон удирддагчдыг нь хороожээ. Харин Бракман хаан үлдсэн хүн ардаа хураан Вэйн эсрэг тэмцсээр өөрийн эгч дүү гурван эмэгтэйг хатан болгож авсан Эфталит улсад очихоор явсан боловч баригдан олзонд байхдаа 524 онд Доян хотод  үхжээ. Бракман хааны мэдэлд байсан цэргүүд Амгайн цэрэгтэй нийлж түүний хүчийг ихээр нэмэгдүүлэв.

522 онд Амгай нутагтаа буцан ирээд Вэй улсаас тариалах хар будааны үр гуйн авч байсан бөгөөд 523 онд Жужаны ардууд өлсгөлөнд нэрвэгдэн Вэй улсын зах хязгаарыг тоноход Вэйн хаан Сицзун түшмэл Юань Фу-г учир явдлыг мэдэж ир гэж илгээжээ.  Гэтэл Амгай түүнийг олзлон авч, цэргүүдээрээ олон зуун мал сүрэг дээрэмдүүлэн, хойд зүг туулгаж одсоныхоо дараа Юань Фу-г суллан явуулжээ. Вэйн улсын хаан их жанжин Ли Чунг буман цэрэг захируулан Амгайг хөөлгөсөн боловч гүйцээгүй байна.

525 онд Амгай Вэй улсын хааны гуйлтаар Вое цэргийн тойргийн өндөр тэрэгтэн Полюхань Балин гэгчийн толгойлсон бослогыг буман цэрэг удирдан очиж дарж өгснөөр Жужан, Тоба Вэй улсын харилцаа нааштай болов. Вэйн хаан тусгайлан элч илгээн Амгайд үлэмж хэмжээний бэлэг барьжээ. Жужан улсын дотоодод амар тайван болж,  ардуудынх нь амин зуулга нь өсөн хүчирхэгжин Тэнгэрт мэндтэй гэх өргөмжилсөн нэртэйгээр Амгай дахин хаан сууринд суулаа.

Тоба Вэй улсад 524 оноос улс төрийн дотоод тэмцэл хурцдаж, шоронд байсан хатан хаан оргож, дахин улс орноо мэдэх болсон ч эхийгээ төрийн хэргээс зайлуулах гэсэн хааны санаархал эцэстээ түүний болон эхийн аминд хүрч 528 онд Вэй улс шинэ хаантай боллоо. Торгоны замд хяналтаа  Эфталитуудад алдсан Вэй улс болон Өндөр тэрэгтэн аймгуудын хүчийг сулруулсан Жужан улсуудын хоорондын хүчний харилцаа өөрчлөгдөж, олон талаараа нүүдэлчдэд ашигтай болж ирэв.

528 онд Амгай Вэй улсын гуйлтаар хойд хилийнх нь тойрогт гарсан бослогыг дарж өгчээ. Энэ үеэс Жужан улс  нэгэнт Вэйн улсын хараат байхаа больж, Вэй улс Жужанчуудыг өөртөө дайсагнуулахгүйн тулд хуучин бодлогоосоо ухарч, тэднийг бие даасан хөрш улс хэмээн хүлээн зөвшөөрчээ.

532 онд Амгай хаан Вэй улсад элч илгээн ууган хүүдээ бэр гуйлгасанд  Ланъу гэгч гүнжээ өгөхөөр шийдсэн ч Вэй улсын дотоод улс төрөөс шалтгаалан биелсэнгүй. Удалгүй Тоба Вэй улс нь Зүүн Вэй (534-550 он) Баруун Вэй (534-581 он) улс болон хуваагдлаа. Ингээд Жужаны байр суурь үлэмж өссөн ч 533 онд өндөр тэрэгтэн нар өрх тусгаарлажээ.

Зүүн Вэй улсын хаан Жужан улстай найрсаг харилцаатай байхыг чармайж байв. 534 онд Амгай Зүүн Вэйд элч илгээн худ ураг болохыг санал болгоход Зүүн Вэйн хаан зөвшөөрч, Мэй Леань гэдэг гүнжийг өгөхөөр амласанд Амгай бэр гуйхаар очихдоо 1000 адуу тууж очжээ. Мөн өөрийн охиноо Зүүн Вэйн Ци Сяньу ванд өгч, торго зэрэг үлэмж бэлэг авчээ. 534 онд Зүүн Вэйн элч Жужанд, 537 онд Жужаны элч Зүүн Вэйд зочилж, харилцан бэлэг солилцож байлаа.

Энэ үед Баруун Вэй улс нь  Зүүн Вэй улс Жужанчуудтай дотно болж байгаад болгоомжлон нэг түшмэлийнхээ охиныг гүнж хэмээн зарлаж, Амгайн дүү Дарханд хатан болгон өгчээ.

537 онд Амгай хаан Зүүн Вэйн элч Ян Чаныг баривчлан, Баруун Вэйн элч Жо И-д тушаажээ. 537 оны 3 сард Амгай хааны 13 настай охин Лоян хотод ирж, Баруун Вэй улсын Вэньди хааны Вэн Дяо нэрт хатан болж өргөмжлөгдсөн байна. Вэньди хаан өөрийн авааль хатанаа гэлэнмаа болгосон ч байнга холбоотой байхын тулд үсийг нь авалгүй хэвээр нь үлдээжээ. Ингэж Амгай хаан Зүүн, Баруун Вэй улстай хоёулантай нь худ ураг болж, жил бүр бэлэг авах болов.

538 оны 5 сард Амгай хаан Зүүн Вэй улс руу халдаж, урьд нь баригдсан өөрийн элч Вэньдоуфа нарыг нэгэнт алагдаа биз гээд Зүүн Вэйн элч Юань Чжэнг барин авч алжээ. Гэтэл Зүүн Вэйн хаан Амгайг аргадан тайтгаруулахаар өөрийнх нь элч Вэньдоуфа нарын мэдээг хүргүүлэхээр Жужаны элч Луньуцзюйг гэдрэг буцаахад Амгай хаан ихэд бодлогоширон ичэнгүйрч байсан гэдэг.

539 онд Жужанчууд Зүүн Вэйд халдахад Зүүн Вэйн хаан Амгай хааныг тайтгаруулж, ихээхэн хэмжээний бэлэг илгээж байв.

540 онд Жужанчууд Гаоли (Солонгос) улсын тэргүүн Пу Ти-г ялж, улсыг нь мөхөөв. Харин эдгээр жилүүдэд буюу 537-546 онуудад хоёр Вэй улс хоорондоо тасралтгүй байлдаж, харин Жужан улсын нэр нөлөө улам өсөн нэмэгдэж байв. Л.Н.Гумилев энэ үеийг “Жужаны цуст алдар нэрийн сүүлийн туяа” хэмээн нэрлэжээ.

Баруун Вэй улсын хаан Вэньди өөрийн гэлэнмаа болсон хатантайгаа холбоотой байсан хийгээд Баруун Вэйд очсон Амгайн охин сэжиг бүхий үхсэн явдлыг Зүүн Вэй улсын хаан Шэнь-У овжин ашиглаж, Чжан Хуйцзуныг Жужанд элчээр илгээхдээ “ Таны охиныг Вэньди хаан, түүний гэлэнмаа эхнэр Чжоу Вэнь хоёр алсан. Тэд бас хааны холын садан Юань И-гийн охин 
Хуа Чжэн гэдэг хуурамч гүнжээр танайтай ураг барилдсан. Бас өрнө зүг довтлон Шар мөрнийг гатлахаас чинь өмнө агт нь өвс тэжээлгүй болж, урагш бүү яваг гэж гэлэнмаа хатан Чжоу Вэнь өвсийг шатаалгасан. Баруун Вэй улсынхан ийм л зальхай хуншгүй этгээдүүд. Зүүн Вэй бол жинхэнэ хууль ёсны улс учраас Жужаны төрд аюул тулгарахад манай улсыг түшин байж төрөө хамгаалж чадсан... Та нар урьдын энэрлийг минь санаж, найрсаг байхыг хүсч байгаа бол одоо манай улсын төр барьж буй тэнгэрийн хүүгийн хамгийн ойр төрөл гүнжийг танай улсад бэр буулгаж өгнө, цэрэг мордуулан самуун дэгдээгч боолыг залхаан цээрлүүлж, Жужаны хааныг доромжилсны өшөө хорслыг авах болно” гэж хэлүүлжээ.

Зүүн Вэйн хаан Шэньугийн айлтгалыг сонссон Амгай хаан том хурилдай хийж, Зүүн Вэйтай найрамдаж, 540 оны зун нь Баруун Вэй улсад халдав. Баруун Вэйн хаан Вэньди айн сандарч, хуучин хатан нь амиа хорлов. Хүчин мөхөс Баруун Вэй Жужан улсад 10 жин алт, 300 толгой торго өргөн барьж, худ ураг болохыг хүсжээ.

540 оны 8 сард Амгай Зүүн Вэйд элч илгээж хөвгүүн Амаржиндаа бэр гуйлгасан байна. Зүүн Вэйгийн хааны зарлигаар чаншань ван Чжи-гийн дүү охин Ле Анийг Ланлин Цзюньчан гүнж хэмээн өргөмжилж, Амаржинд хатан болгохоор 541 оны 4 сард сүр бараатай, их инжтэй хүргүүлсэн байна.

542 онд Амгай хаан өөрийн зээ Амаржингийн охиныг Зүүн Вэй улсын хааны есдүгээр хөвгүүн Чангуан гүн Чжэньд хатан болгохоор өгсөн ба зарим сурвалжид Шэнь-У хаан өөрт нь өгсөн гэдэг.

550 он хүртэл Амгай хаан хоёр Вэй улстай ураг барилдах талаар нийтдээ 7 удаа харилцаж байжээ. Үүнээс гадна тэр 536 онд өндөр тэрэгтний удирдагч Юэцюйд цохилт өгч Лян улстай найрсаг харилцаатай байх уламжлалт бодлогоо хэвээр хадгалж 528, 529, 538, 541 онуудад тус тус элч илгээн бэлэг хүргүүлж байлаа.

Амгай хаан 548, 549, 550 онуудад Зүүн Вэй улсад элч илгээн бэлэг хүргүүлж байсан бол 550 онд Баруун Вэйн элч Жужан улсад ирж, найрсаг харилцаа тогтоосон байна.

546 онд Жужан улсад довтлох гэж байсан өндөр тэрэгтний теле аймгийг түрэгийн удирдагч Түмэн бут цохиж, 50000 өрхийг нь эрхшээлдээ оруулан авчээ. Ийнхүү түүхийн тавцанд түрэгүүд баттай гарч ирлээ. Ингэж Жужаны төрд гавъяа байгуулан хүчирхэгжсэн түрэгийн удирдагч Түмэн, Амгай хаантай ураг барилдахыг гуйжээ. Амгай хаан маш их уурлаж, “Чи бидний төмөрчнөөс өөр хэн ч биш. Яаж бидэнтэй ингэж харилцах зориг гаргаж байна аа” гэжээ. 

Үүнийг сонссон Түмэн мөн ихэд хилэгнэж, хэл хүргэж ирсэн эрийг цохиж алаад, Жужантай бүх харилцаагаа таслан, улмаар Баруун Вэй улсад элч илгээн худ ураг болжээ.

552 оны эхээр Түрэгийн Түмэн Жужан улсад довтлон, хүчтэй цохилт өгч, олзлогдсон хаан Амгай ялагдалдаа хорсож, амиа егүүтгэжээ. Идэр залуу язгууртан Амгай хоромхон зуур хаан ширээнд сууж, эрх мэдлээ төдөлгүй алдаж, хайрт эхээ орхин хүний газар амь зулбан очсон. Тэрээр нэр төрөө умартан байж, Тоба Вэйн эрх баригчдаас дэмжлэг олж, эх нутагтаа эргэн ирж, олон бэрхийг туулан эргэн хаан ширээндээ сууж, Жужаны төрийг 30 гаруй жил захирч чадсан удирдагч байлаа. Гэвч түүний төгсгөл эмгэнэлтэйгээр дууссан. Хаанаа алдсан Жужаны төр ч дахин сэргэж чадаагүй билээ.


No comments:

Post a Comment