7.29.2014

Бага газрын чулуу

          

Дундговь аймгийн Бага газрын чулуу нь Дэлгэрцогт сумаас баруун хойш 35 орчим км зайтай бий. Эргэн тойрон тэгш талаар хүрээлэгдсэн  байгалийн өвөрмөц энэхүү боржин тогтоц нь  урт нь 15 км өргөн нь 10 гаруй км үргэлжлэх ба хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 1768м өндөрт өргөгдсөн Тахилгын хавцал юм.
Бага газрын чулуунд түүхийн янз бүрийн үед хамаарах 200 гаруй булш хирэгсүүр бий мөн сонин содон  хэлбэртэй хад цохио элбэг. Ажиглаад явбал бүхий л зүйлийн амьтан нэрлэж болно.

Бага Газрын Чулууны их хөндийн зүүн хойд төвд жижгэвтэр чулуун толгодын ёроолд Жаргалантын агуй бий. Энэ нутагт ганц ямаатай хөгшин суудаг байгаад ямаа нь агуй руу орж алга болсон тул араас нь орж, дахин эргэж гарч ирээгүй гэж домоглодог ба агуйд дахин хүн оруулахгүйн тулд 3 метр орчим яваад нарийхан хэсэгт нь таглаж битүү болгосон хэмээн ярьцгаадаг.
Жаргалантын агуйгаас 1 км орчим зайд хавтгай  элгэн хадан дээр зориуд өрөмдсөн мэт харагдах хагас метр орчим гүн нарийнхан
цооног нүхэнд хурын ус тогтсоныг
нутгийнхан Нүдний рашаан гэж нэрлэдэг. Нүдний өвчин, харалган хүмүүст ач тустай гэдэг. Үнэхээр сонин, яг л хүн өрөмдсөн нүхэлсэн мэт.

Бага газрын чулуун Сөдөтийн амыг урьд өмнө сөд өвс элбэг ургадаг байсан учраас ийнхүү нэрлэжээ. Эл амны чулуун хавцал дунд ургасан улиасан төгөлийн дунд 300 гаруй жилийн өмнө хоёр лам даяанчлан сууж, тус тусын гэрийг барихдаа уулын бяцхан горхийг гэрийнхээ дундуур урсаж байхаар байрлуулж, гэрээсээ гаралгүй ус авч цай хоолоо зэхдэг байжээ.
Лам нарыг өөд болоход нь туурвисан бүтээлүүдтэй нь зэрэгцүүлэн эл хавьд бунхалсан гэдэг. Сөдөтийн аманд нэгэн хийдийн туурь байх бөгөөд түүнийг Ловончомбын хийд гэдэг. Мэргэн мөр хэмээн алдаршсан цорж лам бясалгал хийх үүднээс эл сүмийг бариулсан гэдэг. Хожим эрдэмтэн лам Зава Дамдин хэсэг суурьшин бүтээл туурвиж байжээ



No comments:

Post a Comment