8.01.2014

Аралуд аймгийн хүлэг Боорчи

Их хаан Чингист  дөрвөн хүлэг баатар Боорчи, Мухулай, Борохул, Чулуун дөрвөн хошууч буюу нохос Зэлмэ, Зэв, Хубилай, Сүбээдэй хоёр манлай Зорчидай Хуйлдар зэрэг дотно итгэлт нөхдүүд үйлчилж байснаас хамгийн анх нялх багадаа буюу арван гурван наснаасаа нөхөрлөсөн нь Боорчи билээ.

Боорчи бол Аралуд аймгийн Наху баяны ахмад хүү. Аралуд овогтон бол Тэмүжины зургадугаар үеийн өвөг Хайдугын хоёрдугаар хөвгүүн Чэжүн Өртэгэйн гуравдугаар хөвгүүн Аралудын хойчис.

Тэмүжин тайчуудаас зугтан гэртээ харьсны дараахан найман шарга морио гэрийнхээ гаднаас алдан тэднийг мөшгөн явж байгаад Боорчитой тааран, Боорчи гэртээ ч хэл өгөлгүй түүнд хэрхэн туслан морьдыг эргүүлэн авч байгаа тухай “Монголын нууц товчоо”-нд дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Тэдний нөхөрлөл ийнхүү эхлэн Тэмүжин Бөртэ хатныг бэр буулгаж Цэнхэрийн голд авчирсны дараа түүнд нөхөрлөе гэж хэлүүлэхэд бөгтөр хонгор морио барьж унан шууд ирж нийлжээ.

Далан нөмрөг хэмээх газар татартай тулалдаж хоноход шөнөжин орсон бороонд эзнээ норгохгүй тайван унтуулахын  тулд цув нөмөргөн зогсохдоо ганц л удаа хөлөө сэлгэн гишгэсэн гэдэг. Боорчи бол Чингис хаанд чин үнэнч, нөхөрсөг уужуу сэтгэлтэй эрэлхэг баатар билээ.
1189 онд Тэмүжин Хамаг монголын хаан болоод Боорчийг “Хамгийн ахлагч” болгожээ. Тэр бусдыг сургадаг ч бусдаас суралцдаг онцгой чанартай нэгэн байв. Их монгол улс байгуулах бүхий л хэрэгт идэвхийлэн оролцож явсаар 1206 онд  наян найман гавъяатны хоёрдугаарт шагнагдаж Алтай орчмын баруун гарын түмний ноён болж есөн удаа эндэгдэл гаргасан ч ял үл хэлэлцэх онцгой соёрхол хүртжээ.

Боорчи Хорезмыг дайлах аян дайнд оролцож явсан  бөгөөд их хаантай үргэлж хамт байж дотно зөвлөх нь байлаа. Боорчи 1222 оны 3 сард Чань Чун бумбыг хааны зарлигаар 1000 хуягт цэргээр хамгаалан Самарканд хотоос Төмөр хаалганы боотоор гарган Бараан хээр хэмээх газар байсан Чингис хааны ордонд хүргэж байжээ.

Мөн л Их хааны сүүлчийн аян дайнд оролцсон ба “Монголын нууц товчоо”-нд Чингис хаан Цаст ууланд зусаж, цэргээ явуулж  Аша хамбыг дагаж ууланд дутаан бvгсэн тэрэм гэртэн, тэмээн ачаатан тангудыг хураан эзэлж авав.
Тэндээс Боорчи Мухулай хоёрт "Тангуд иргэнээс чадлын хэрээр автугай!" гэж соёрхоод зарлиг болруун: "Боорчи Мухулай хоёрт хятад иргэнээс соёрхож эс єгсєн билээ. Хятад иргэний жүйнийг та хоёр адил хувааж авагтун! Тэдний сайн эрсээр шувуугаа бариулж дагуулж явагтун! Сайхан хүүхнээр нь эхнэрүүдийнхээ хормойг засуулж явагтун! Хятад иргэний Алтан хааны итгэлт янагууд нь Монголын өвөг эцгийг хорлосон Хар хятадын жүйн байсан билээ. Одоо миний итгэлт янаг нєхєд  Боорчи Мухулай та хоёр бишvv !" хэмээн зарлигласан байдаг.

Боорчи Өгөөдэй хааны үед өөд болсон бөгөөд түүнийг залгаж баруун түмний цэргийг Хубилай хааны үед Боорчийн хүү Илтөмөр захирч байжээ.

Их хааны:
Айл зуур явахад
Алаг бяруу мэт номхон байвч
Алалдах дайсантай учрахад
Арслан барс мэт догширч
Аюулт дайсныг дарахын төлөө
Амь биеэ үл хайрлагч
Ачит хүлэг Боорчи минь

                                            хэмээн магтан дуулсан Аралудын хүлэг Боорчи билээ. 

0 comments:

Post a Comment