7.26.2014

Урианхай аймгийн Зэлмэ жанжин

Чингис хааны амийг гурвантаа аварч, түүний хүү Тулуйн амийг аварч явсан дөрвөн хүлэг баатарын нэг урианханы Зэлмэ.

Зэлмэ бол Жарчигудай өвгөний хүү бөгөөд түүний дээдэс бол Бодончарын барьж авсан эм Жаржигудай Атанхан Урианхжин гэгчийн гэдсэндээ тээж явсан хөвүүн болно. Тиймээс харь овогтон ч их хаанд өөрийн хүчийг харамгүй зориулсаар түүний чухал дотно, итгэлт нөхдийн нэг болсон байна.

“Монголын нууц товчоо”-нд Чингис хаан:
Жарчигудай өвгөн үлээх хөөргөө үүрч өчүүхэн хөвгүүнээ дагуулж, Бурхан халдун уулнаас бууж ирээд, Ононы Дэлүүн болдогт намайг төрөх цагт булган өлгийг өгөв. Түүнээс хойш ч босго хатавчны боол, өрх үүдний өмч болж өдий төдий тусыг хүргэв. Булган өлгийд төрсөн буянт нөхөр минь, хамт төрөөд хань болж өссөн хайрт нөхөр Зэлмэ минь чамайг есөн удаа осол гаргахад буруушаан яллахгүй хэмээн зарлиглажээ.
Зэлмэ бол ёс дэх мянганы ноён билээ.

Рашид-дины мэдээгээр Зэлмийн угсааны урайнхай мянгатууд их хааныг онголсон Бурхан халдуны их хоригийг өөрсдийн хүчээр хамгаалж иржээ. Хожим энд мөн Тулуй хан, Мөнх хаан, Хубилай хааны ч их ясыг тавьсан байна.

Ороо гөрөөсний уталга болсон
Омогт дайсны зүрхийг чичрүүлсэн
Унах морь үгүй болоход унаа авчирч өгсөн
Ундаасан цангах цагт уух дарс өгсөн
Сэргэг бага нойртой
Сэцэн мэргэн ухаантай
Улс төрийн төлөө урьд цагаас зүтгэсэн
Урианханы сайн Зэлмэ минь (Лу.Алтан товч)

                                                              хэмээн их хааны магтан дуулсан Зэлмэ жанжин.

0 comments:

Post a Comment