7.16.2014

Барулас аймгийн Хубилай ноён

“Монголын нууц товчоо”-нд Хабич баатрын хөвүүн Мэнэн тудун бvлгээ. Мэнэн тудуны хөвүүн Хачи хvлvг, Хачин, Хачиу, Хачула, Харалдай, Хачиун, Начин баатар эд долоо. 

Хачи хvлvгийн хөвүүн Хайду, Намулун эхээс төрсөн.

Хачины хөвүүн Ноёгидай нэртэй бvлгээ. Ноён шиг авиртай тул ноёхон овогтон болов.

Хачиугийн хөвүүн Баруладай нэрт бvлгээ. Их биетэй ба идээ барах ховдог тул Барулас овогтон болов.

Хачулагийн хөвүүн бас идээ барах ховдог тул их барула, өчүүхэн барула гэдэг хоч нэртэй болж, улмаар эрдэмт барула, тодойн барула тэргүүтэн бүгд барулас овогтон болов хэмээн гардаг.

Чингисийн үнэнч сайн нохой мэт дөрвөн баатрын нэг Хубилай барулас овогтон. Тэр 1180 онд Жамуха Тэмүжин хоёрыг салахад Чингис хаантай нийлж 1189 онд Хар зүрхний хөх нуурын дэргэд Тэмүжин хамаг монголын хаан болоход Хасарын хамт хэвтүүлүүдийн ахлагч илдэчийн тушаалд томилогдон хааныг хамгаалж байв.

1202 онд Татаартай хийсэн дайнд Алтан, Хучир, Даридай гурав цааз зөрчсөн тул Чингис хаан Хубилай ноёныг явуулан олзолсон зүйлсийг хураалган олонд түгээж байж. 1204 оны намйныг дарсан Наху гүны байлдаанд ч идэвхийлэн оролцжээ.

1206 онд их монгол улс байгуулагдсаны дараа Хубилай наян найман гавъяатны наймд шагнагдаж байсан ба Чингис хаан түүнд:

"Чи хvчтэний хүзүүг мушгиж,
бєхчүүдийн бєгсийг шороодуулж єгєв. Одоо Хубилай, Зэлмэ, Зэв, Сvбээдэй та
дєрвүүл сайн нохой мэт итгэлтэй нөхөд мєн. Та нарыг хаана ч илгээвэл,

Хvр гэсэн газар хvрч
Хvр чулууг хэмх цохиж
Халд гэсэн газар халдаж
Хад чулууг хага цохиж
Цэгээн чулууг бутартал
Цээлийн улсыг цалгитал
Ниргэж нядалж явав.

Хувилай, Зэлмэ, Зэв, Сvбээдэй дєрвєн нохойгоо зорьсон газартай явуулаад,
Боорчи, Мухулай, Борохул, Чулуун дєрвєн хvлэг баатраа дэргэдээ авч,
хатгалдах єдєр хамгийн түрүүнд урууд, мангудын цэргийг Жорчидай Хуйлдар хоёроор
толгойлуулан мордуулбал сая миний сэтгэл бvрнээ амардаг билээ" хэмээн хэлсэн ба мөн:

"Хубилай чи цэргийн vйл бvгдийг ерєнхийлєн захирч бай" гэж соёрхон зарлиг болж байжээ.

Мөн “ Бидvгvн, их дуулгаваргvй тул би буруушааж, мянганы ноён болгосонгvй. Чи түүнийг
сургаж vз. Тэр чамтай зєвшиж нэг мянганыг захирч явтугай. Бидvгvнийг хойш ямар
болохыг бид vзье" хэмээн Хубилайд зарлиг болгожээ.

1208 онд Хубилай ноён хааны зарлигаар цэрэг дайчилж Харлагуудыг дагуулсан ба Харлагийн Арслан хан 1211 онд Хэрлэнгийн хөдөө арал дахь хааны их ордонд ирж бараалхсан байдаг. Үүний дараа удалгүй Хубилай ноён үхсэн гэдэг.

No comments:

Post a Comment