7.28.2014

Урианхай аймгийн Сүбээдэй баатар

Чингисийн үнэнч дөрвөн нохос буюу дөрвөн хошуучийн нэг Сүбээдэй баатар.

1176 онд төрсөн тэрээр Зэлмэ жанжны адил Урианхай аймгийн нэг салбар Жарчигудай урианханы хүн бөгөөд 1189 онд Зэлмийн дүү Чагурхайн хамт Жамухаас салж Тэмүжиний  дэргэд ирснээс хойш Их Монгол улс байгуулагдах хүртэлх бүхий л тулалдаанд идэвхийлэн оролцож 1206 онд наян найман гавъяатны тавин нэгдүгээрт шагнагдан мянганы ноён болсон.

Сүбээдэй баатар мэргэдүүдийн үлдэгдлийг Чуй мөрөн хүртэл хөөн устгаж явсан ба 1211 Чингис хаан Алтан улсыг дайлахад тэрээр Хуанжу балгасыг түрүүлж эзэлсэн тул нэг тэрэг бөс бараа алт мөнгөөр шагнагдаж явжээ.

1219 онд Чингис хааны баруунш хийсэн аян дайнд Зэв жанжны хамт хоёр түмэн цэргээр Хорезмын султан Мухамедийг нэхэн дарж Азербайжан, Гүрж, Армени, Орос, Болгар, Кипчакуудтай байлдан гялалзтал ялж  түмэн газрыг туулан гайхамшигт аяныг хийн 1224 онд Чингис хаантай нийлж өрнө дахинаас олзолсон түмэн агтаа өргөсөн гэдэг.

1225 оны их хааны сүүлчийн аян дайн, Тангудын эсрэг дайнд оролцож 1227 онд Чингис хааныг нас эцэслэхэд түүний шарилыг Сүбээдэй нар хамгаалан нутаг буцжээ.

Өгөөдэй хааны үед монгол цэргийн захирагч жанжин болж Толуй ханыг даган урагш довтолж 1233 онд Алтан улсын өмнөд нийслэл Бянлян хотыг эзлэн хааных нь ураг төрөл тайж хатдыг олзолсон байна.
Түүний бас нэгэн гайхамшигт  аян дайн бол 1235 онд монголоос баруунш хоёрдохь удаагаа хөдөлсөн “Ахмад хөвгүүдийн дайн” юм. Энэ дайнд Сүбээдэй баатар Бат хааны хамт гайхамшигийг үзүүлж Европын төв хүртэл аялж Орос, Унгар, Польшуудыг дарж Легницийн талд Герман Чехийн рыцаруудыг бутцохин, Адриатикын тэнгисээс морьдоо усалж явав. Энэ дайн Өгөөдэй хаан нас барснаар зогссон юм.

Монголын гарамгай жанжин Сүбээдэй 1246 онд Гүюг Монгол улсын их хаан болох хурилдайд оролцоод Туул гол дахь гэртээ ирсний дараа 1248 онд далан гурван насандаа нас нөгчсөн гэдэг. Тэр Номхон дөлгөөн далай Атлантын далайн хооронд 60 гаруй тулаанд ялж явжээ

0 comments:

Post a Comment