8.26.2014

Өлзийт хааны бунхан

Иран улсын Занжонь мужийн Султания хот. Энэ газар цагтаа Мөнх хааны дүү Хүлэгүгийн байгуулсан Иль хаант улсын хоёрдохь нийслэл болон өргөжин тэлж Ази европыг холбосон худалдааны томоохон төв байв.
Одоо бол 1302-1312 онд баригдсан Өлзийт хааны бунхан гадна дотны аялагч жуулчдын нүдийг хужирлаж байна.
Иран улсын нийслэл Тегеран хотоос баруун хойш 240 орчим км-т орших энэ хотын суурийг 1290 оны үед ан гөрөө элбэг адуу малын бэлчээр ус сайтай хэмээн Иль хаан Аргун тавьж түүний дараа хүү Газан, Өлзийт нар үргэлжлүүлэн хөгжүүлжээ.
Султания хот дахь Иль хаадын үеийн хамгийн алдартай түүхийн дурсгал Өлзийт (1304-1316) хааны бунхан бол 200 тонн цэнхэр номин өнгийн гэр хэлбэр бүхий  бөмбөгөр дээвэртэй 49 метр өндөр байгууламж. Гурван давхар энэ том байгууламж дөрвөн их тал дөрвөн бага талаас бүрдэх дугуй хэлбэртэй бөгөөд мөн бөмбөгөр оройн тойрог нь 25 метр гэхэд нэг ч тулаас баганагүй өвөрмөц шийдэлтэй.

2005 онд ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвөөр бүртгэгдсэн эн байгууламжаас сэдэвлэн санаа авч Италийн Флоренцын Сант Мари цогчин дуган, Таж махал, Төмөр хааны бунхан зэрэг алдартай барилга байгууламжуудыг бүтээсэн хэмээн эрдэмтэд баталдаг.

No comments:

Post a Comment