8.06.2014

Жалайр аймгийн гоо ван Мухулай

1197 онд Чингис хаан Жүрхэн аймгийг дарсны дараа  Жалайр аймгийн Тэлэгүтэ баян өөрийн гурван хүү Хүмүүн гуа, Чулуун хайч, Зэвгэ гурваа дагуулан түүнийг дагажээ. 
Хүмүүн гуа өөрийн хоёр хөвгүүн Мухулай, Буха харин Чулуун хайч мөн хоёр хөвгүүн Түнгэ, Хаш нараа Чингис хаанд босгоны чинь боол, үүдний чинь өмч болтугай хэмээн өргөсөн байдаг.

Жалайр аймаг бол Онон мөрөн орчмоор нутагладаг хүн амаар зэгсэн олон Рашид-Аддины “Судрын чуулган”-нд бичсэнээр түрэг гаралтай аймаг бөгөөд Чингис хааны наймдугаар үеийн өвөг Хачи хүлэгийн эхнэр Номулун болон зургаан хөвгүүнийг алсны учир бага хүү Хайду нь тэднийг дарж үеийн үед боол зарцас болгожээ. Тиймээс жалайрчууд хүчирхэг баян аймаг ч боржгон аймаг лугаа ураглаж болдоггүй ёстой гэнэ.

Мухулай бол Хүмүүн гуагийн гуравдугаар хөвгүүн бөгөөд 1170 онд төржээ. Сайшаал гуайн “Чингис хааны товчоо”-нд Мухулай биеийн өндөр нь долоон тохой, төрсөн зүс харавтар, битүү хар сахалтай, даруу шулуун, үнэнч шударга, баатар эрэлхэг, харвах намнахдаа гайхамшигтай хэмээн тэмдэглэжээ.

Мухулай их хааныг дагаснаас хойш Их монгол улсыг байгуулах бүх байлдаанд гарамгай идэвхтэй оролцож дөрвөн хүлэг баатрын нэг болж 1206 онд наян найман гавъяатны гуравт шагнагдаж зүүн гарыг захирах түмний ноён болсон.

Алтан улсыг дайлах дайнд гол замын цэрэгтэй явж Шандун мужийг эзлэн авч байсан ба 1214 оноос ганцаар цэрэг захиран үлдэж Алтан улсын Умард болон зүүн нийслэлийг дараалан буулгаж авсан байна.

1217 оноос Чингис хаан азтай байхын билэгдэл хэмээн Мухулайд улсын Гоо ван хэмээн цол соёрхож онгуудын түмэн иргэнийг өгсөн ба мөн нэг мянган түүвэр цэрэг, дөрвөн мянган урууд, Буту хүргэний хоёр мянган ихэрэс, Хуйлдарын хөвгүүн Мөнхийн нэг мянган мангууд, Алчи ноёны гурван мянган хонгирад монголчуудаас гадна кидан зүрчидээс дагасан цэргүүдийг  түүнд захируулж Хятадын мужууд ба Зүрчидийн эзэмшлээс эрхшээлдээ оруулсныг хамгаалж байх, захирагдаагүй хэсгийг нь боломжын хэрээр байлдан эзлэхийг даалгасан байна.

Мухулай 1223 онд Шаньси мужид өвчнөөр нас баржээ. Хорезмын газар байлдаж явсан Чингис хаан энэ мэдээг сонсон маш ихээр гашуудсан гэдэг ба Мухулайн хүү Борыг зүүнш буцаан түүнийг залгамжлуулахаар явуулжээ.

Их хааны:
Ирэх дайсны ирийг мохоож
Буцах дайсны борвийг хянгардаж
Дайсны хөрөнгөнөөс
Тасархай утас орхилгүй, хугархай зүү гээлгүй
Хураан авч ирдэг жалайрын сайн Мухулай минь

                                                   хэмээн магтан дуулсан хүлэг баатар гоо ван Мухулай.

0 comments:

Post a Comment