8.07.2014

Манзуширын хийд

Манзуширын хувилгаан анх МЭӨ II зуунд Жагар орноо тодорч, түүнээс хойш Энэтхэгт хоёр, Түвдэд найм, Монголд таван удаа  хувилсан  түүхтэй ба Манзушир  гэдэг нь  оюун билгийн тэнгэрийг сахих бурхан гэсэн утгатай үг гэнэ. 

1733 оны хавар Богд хан ууланд хийд байгуулах газар шинжин яв
сан Халхын анхны Манзушир хутагт эл газраас  цагаан чулуугаар сийлсэн  цагаан өвгөн, хаш чулуун найдан бурхан олдсонд ихэд  билэгшээн хийдийн шавыг тавьсан гэдэг. Хийдийн анхны сүм болох Өвгөн лавринг Сэцэн ханы өргөсөн 800 лан мөнгөөр барьсан ба Манзуширын хийдийг монгол барилгачид, чулуу засагч урчууд, сүсэгтнүүдийн хамт мод чулууг үхэр тэргээр зөөж босгожээ.

1770 онд Шар хүрээ хэмээх Богдын ордонг барьж, Хангал, Цогчин, Эргэдэг Майдар, Суварган сүм, Сэрүүн лаврин, Мамба, Цанид, Жүд, Мангал зэрэг олон сүм дугантай болж  уран барилгын гайхалтай шийдлээрээ  эдгээр сүмүүд нь Богдхан уулын үзэмжит сайхан байгальтай зохицон нийцэж  Халхын ар Утай хэмээн алдаршжээ.

200 гаруй жилийн түүхтэй Манзуширын хийдийг 1937 оны хэлмэгдүүлэлтээр нураан буулгах үед 20 гаруй  барилга байгууламж, 300 лам нартай байжээ. Манзушир хийдийн сүүлчийн хутагт Цэрэндорж хилс хэрэгт баригдан 1937 оны аравдугаар сард цаазлуулсан байна.  


Ийнхүү олон зуун жилийн түүхтэй Манзуширийн хийд эзгүйрч, аймгийн яамны шийдвэрээр барилгуудыг нь ийш тийш зөөснөөр хийдийн туурь л үлджээ. Манзуширын хийдийн байрлал нь уулын энгэрт газрын налууг дагуулсан хамгийн дээр нь цогчин дуган барьж, бусад барилгуудыг доош нь үелүүлэн барьсан нь холоос ихэд  үзэмж төгс харагддаг байжээ.    Харин хийдийн хойд талын хаднууд дээр сийлсэн бурхадын зураг өнөөдөр ч гэсэн байсаар байна. 

Мөн Манзуширийн хийд устаж ором төдий үлдсэн ч тэртээ нэгэн цагт тэнд бүтээсэн Сандуйн жүд , Доржзодов  хэмээх 52 кг алт, 400 кг цэвэр мөнгө орсон гайхамшигт судрууд хадгалагдан үлджээ.

0 comments:

Post a Comment