11.02.2018

Хүннү гүрний хуваагдал


Хүдүэрши шаньюй НТ 46 онд нас барж, түүний хүү Уда ор залгасан ч удалгүй үхэж, түүний дүү зүүн сэцэн ван Пүнү шаньюй боллоо. 

Энэ үед шаньюй болж чадаагүйдээ хорссон Ужүлю шаньюйн хүү Би Хань улстай хуйвалдан, Хүннүгийн газрын зургийг нууцаар илгээсэн байна. Би-г хянаж байсан 2 гудухоу түшмэл шаньюйд Би-гийн урвалтын талаар дуулгаж, түүнийг хороох тухай яриаг Би-гийн дүү ван олж сонсож, Би-д хэл хүргүүлснээр Би ван алагдахаас айн өмнө зүгийн 8 аймгийн 40-50 мянган цэргийг засан зугтахаар зэхэж байхад нь Пүнү шаньюй өөрийн мэдэлд байсан 10000 цэргээ аван очсон ч хүч тэнцвэргүй байсан тул цэргээ татан буцсан аж. Ингээд НТ 48 онд өмнө зүгийн 8 аймгийн ахлагчид хуралдаж, Би-г Хуханье шаньюй түүхчид хоёрдугаар Хуханье хэмээдэг) хэмээн өргөмжилжээ. Ийнхүү Хүннү гүрэн Пүнү шаньюйн захирсан умард Хүннү, ХуханьеII шаньюйн захирсан өмнөд Хүннү хэмээн хоёр хуваагдлаа.

НТ 49 онд Хуханье II шаньюй өөрийн дүү зүүн сэцэн ван Мо-д 10000 цэрэг өгч, умард Хүннүгийн Пүнү шаньюйн дүү болох зүүн сэцэн ванг довтлуулж, түүнийг олзолж авав. Улмаар умард Хүннүгийн орд өргөөг эзлэн авч, 10000 илүү хүн, 7 мянган адуу, 10000 гаруй үхэр, хонь олзолсон байна. Пүнү шаньюй умар зүг 400 гаруй км алслан нүүв.

НТ 50 онд Хань улс Хуханье шаньюйг хүлээн зөвшөөрч, элч илгээн Юньжунд суурьшуулах хааны зарлигийг гардуулжээ. Мөн оны зун олзонд байсан умард Хүннүгийн зүүн сэцэн ван өөрийн харъяат албатууд болон өмнөд Хүннүгийн 5 гудухоу түшмэлийн хамт 30000 гаруй хүн ардыг дагуулан умард Хүннү рүү зугтан гарч, умард Хүннүгийн шаньюйн орд өргөөнөөс  150 орчим км газарт суурьшсан ч удалгүй хоорондоо байлдан 5 гудухоу бүгд алагдаж, албат иргэд нь умард Хүннүд захирагдав. Өвөл нь 5 гудухоугийн хөвгүүд 3000 орчим албатаа дагуулан өмнөд Хүннү руу зугтсанд умард Хүннүгийн цэрэг мөшгин хөөв. Тэднийг угтуулахаар өмнөд Хүннүгийн шаньюй цэрэг илгээсэн ч умард Хүннүгийн цэрэгт бут цохигдов.

Хань улс умард Хүннүгийн довтолгооноос сэргийлэн өмнөд Хүннү нарыг дахин урагш нүүлгэж, цагаан хэрмийн дотор оруулан, найман газарт хуваан суулгаж, умард хилийг хамгаалах үүрэг хүлээлгэв.

Хүннү гүрэн хоёр хуваагдан, өмнөд Хүннү Хань улсыг дагах болсон нөхцөлд умард шаньюй Хань улстай энх ургийн гэрээг сэргээж, харилцаагаа сайжруулахыг зорьж байв. НТ 51 онд умард шаньюй элч илгээсэн ч өмнөд Хүннүг шууд дэмжих бодлого барьсан Хань улс элчийг хүлээж авалгүй буцаажээ. НТ 52 онд умард шаньюй баруун бүсийн олон орны элч нарын хамт дахин элч илгээсэнд энэ удаа элчид бэлэг өгөн буцаасан ч энх ургийн гэрээ байгуулахгүй гэжээ. НТ 55 онд дахин элч илгээж найрамдах санал тавьсан байна.

Би шаньюй НТ 56 онд нас барахад түүнийг дүү зүүн сэцэн ван Мо нь Чюфүю шаньюй нэртэй залгамжлаад нэг жил болоод нас барав. Түүнийг дүү Хань нь Ифаюйлю нэртэй НТ 57 онд ор залгаад 2 он болоод нас барав. Түүнийг Би шаньюйн хүү Луань залган Ситун шаньюй хэмээн ор суугаад 4 жил болоод нас барав. Түүнийг Мо шаньюйн хүү Сү залгамжлан Чючүжүлинь шаньюй хэмээн өргөмжлөгдсөн ч хэдхэн сар сууринд суужээ. Түүнийг залгаж Луань шаньюйн дүү Чан НТ 63 онд хаан ор сууж Хуе шаньюй хэмээн өргөмжлөгдөв. Ийнхүү өмнөд шаньюй нар шаньюйн суудалд удаан суулгүй нас барж байсан шалтгаан тодорхойгүй ажээ. Харин Хуе шаньюй 23 жил төр барьсан байна.

Умард Хүннү нар НТ 62 оноос Хань улстай харилцах бодлогоо өөрчлөн, Ханьгийн хилийг довтлох болов. Энэ тухай “Хожуу Хань улсын судар”-ын “Өмнөд Хүннүгийн шастир”-т “Энэ үед умард Хүннү хүчирхэгжин хил хязгаарыг дээрэмдэв.Төрийн ордон түүнд санаа зовж, Умард Хүннүгийн шаньюйтай уулзан зах нээе хэмээвээс  элч явуулан энх ураг барилдая гэв” хэмээн өгүүлжээ.
НТ 73 онд Хань улс өмнөд Хүннүтэй хамтран 4 замаар умард Хүннүг довтолсон байна. Умард Хүннү нар элсэн говийн ард гарснаар Ханьгийн цэрэг говь гаталж чадалгүй буцжээ. Мөн онд умард Хүннү нар хариу цохилт хийж Юньжун тойрогт халдаж, Юйян хүрэв. НТ 83 онд умард Хүннүгээс 40-өөд мянган хүн өмнөд Хүннүд дагаар оржээ. Чухам энэ үес л умард Хүннүгийн язгууртнууд хоорондын тэмцэл эхэлсэн гэж үздэг байна.
НТ 85 онд өмнөд Хүннүгийн Чан шаньюй нас барж, түүнийг Хань шаньюйн хүү  Сюань залгамжилж, Итүюйлү шаньюй хэмээн өргөмжлөгдөв. “Хожуу Хань улсын судар”-т умард хүннүгийн талаарх мэдээ хомс байдаг ба ямар ч гэсэн НТ 85 оноос умард хүннүгийн дотоод байдал тогтворгүй болж, хөрш Сяньби, динлин, баруун бүс нутгийн улсуудын довтолгоонд нэрвэгдэж эхэлсэн байна.

НТ 87 онд Сяньби умард Хүннүг довтолж ихэд ялжээ. Үүний улмаас умард өргөө ихэд үймж, 58 овгийн 200000 хүн өмнөд хүннүг дагажээ. НТ 88 онд Сюань шаньюй нас барж, Түньтүхэ залгамлан Сюлань шаньюй хэмээн өргөмжлөгдөв. Түньтүхэ шаньюй умард Хүннү доройтсныг ашиглан Хань улстай хамтран мөхөөх бодлого явуулсан байна. Түньтүхэгийн хүсэлтээр Хань улс цэрэг гаргаж, НТ 89 онд умард хүннүг довтлоход умард шаньюй ялагдан зугтаж, ихээхэн хохирол амсжээ. НТ 90 онд өмнөд шаньюй умардын эсрэг хамтран довтлоё хэмээн дахин өргөх бичиг барьжээ. Энэ удаа умард шаньюй хүчлэн байлдсан ч ялагдан, хэдэн арван хөнгөн морьт цэргийн хамт бүслэлтийг сэтлэн зугтжээ. Умард шаньюйн хас тамга, хатан, шаньюйн таван хүү, охин болон хэдэн мянган хүн олзлогджээ. НТ 91 онд өмнөд Хүннү дахин умард руу довтолж умарш зугтаалгасан байна. 

НТ 92 онд Хань улсаас умард шаньюйг төрийн тамга, сэлмээр шагнаад, НТ 93 онд умард шаньюйг хэлэлцээр хийе хэмээн хуурч, барьж алжээ. Иймээс умард Хүннүг НТ 93 онд мөхсөн гэж бичдэг ч НТ 104, 106 онуудад умард шаньюй Хань улсад элч илгээн энх ураг барилдая гэсэн хүсэлт тавьж байсныг “Хожуу Хань улсын судар”-т өгүүлжээ.
НТ 93 онд өмнөд шаньюй Түньтүхэ нас барж, түүнийг Сюань шаньюйн дүү Аньго залгамжлав. Зүүн сэцэн ван байхдаа нэр хүнд муутай байсан Аньго шаньюй болоод зүүн гули ван Шизиг зүүн сэцэн ван болголгүй түүнтэй зөрчилдөн үгүй хийхийг хүсэх болов. Аньгогийн цэргүүд Шизиг довтолоход тэрээр урьдчилан мэдээд, зугтаж Маньбай хотод хоргоджээ. Аньго Маньбай хотыг бүсэлсэн ч эзэлж авч чадсангүй. Энэ бүх зөрчлийн эцэст НТ 95 онд Аньго шаньюй алагдаж Шизи нь Тиндү шаньюй хэмээн өргөмжлөгдөв.

Аньгог буруутган хөнөөж шаньюй болсон Шизиг умард Хүннүгээс ирсэн дүрвэгсэд эсэргүүцэн, Шизигийн өргөөг дайрч бослого эхлүүлжээ. Шинээр дагасан 15 аймгийн 200000 хүн бослогод оролцон бослогын толгойлогч Фэнхоу цэргээ удирдан, Хань болон Ухуань, Сяньбийн хамтарсан хүчтэй амжилттай байлдаж, умард зүг одсоныг Ханьгийн цэрэг хөөж гүйцсэнгүй. НТ 98 онд Шизи шаньюй нас барахад түүнийг Чан шаньюйн хүү Тань залгамжлан шаньюй болов. Шаньюй болмогц цэрэг явуулан Фэнхоуг довтолж, хэдэн мянган мал олзолсны улмаас албатууд нь гачигдах болсон байна. 117 онд Фэнхоуг Сяньби нар довтлон ялж, аймаг албатууд нь сарнин умард Хүннүгийн зүг буцжээ. Фэнхоу өөрөө Шофан цайзад ирж бууж өгснөөр 13 жил үргэлжилсэн их бослого дарагдсан аж.

Өмнөд шаньюй Тань 27 жил хаан ор суугаад нас барахад, түүний дүү Ба-г Ужи шаньюй өргөмжлөв. Энэ үеэс Ханьгийн умард хилд халдах Сяньби нарын довтолгоо эрчимжжээ. Ба шаньюй 4 жил хаан суугаад 128 онд нас барахад түүний дүү Сюли нь Чютэ шаньюй хэмээн өргөмжиллөө. 140 онд Хүннүгийн зүүн гарын Жулуны ван Уси, Жүнью нар бослого гаргав. 

Ханьгийн хаан шаньюйг албатаа захирч чадсангүй хэмээн зэмлэж, ял тулгасны улмаас Чютэ шаньюй, зүүн сэцэн ван нар амиа хорлож нас барсан гэж түүхэнд бичжээ. Бослого улам газар авч 140 оны намар Жүньюг шаньюй өргөмжилж, зүүн тийш Ухуанийг дагуулж, баруун тийш цянжин зэрэг нүүдэлчдийг нэгтгэн захирах болов. 141 онд Ма И-д болсон тулалдаанд Жүнью ялагдан Хань улсад бууж өгөн дагаар орсон бол Уси ван Ухуаний цэргүүдийн хамт үргэлжлүүлэн тэмцэв. 143 онд Хань улс Уси ванг хөлсний алуурчнаар алуулж, 144 онд Усигийн хүмүүсийг довтолж, бослогыг дарсан байна.

143 онд Доулоучуг Ханьгийн нийслэлд Хулань шаньюй хэмээн өргөмжлөв. Хулань шаньюй 5 жил болоод нас барахад Жүжүэрийг 147 онд Илин шаньюй өргөмжлөв. 155 онд хүннүгийн зүүн Юзяньтайчи нар дахин бослого гаргахад Ханьгийн дүвэй түшмэл Жан Хуан довтлон буулган авчээ. 158 онд мөн бослого гарахад Жан Хуан буулган аваад шаньюйг улсаа захирч чадахгүй байна хэмээн хорьж, зүүн гули ванг шаньюй болгожээ. Ханьгийн хаан зарлиг гарган “Илин шаньюй нэгэн сэтгэлээр үнэнч зүтгэдэг. Ямар ялаас болоод халав. Түүнийг өргөөнд нь буцаан хүргэ” гэсэн тул Илин шаньюйг буцаан сууринд нь залжээ. Илин шаньюй 25 жил их ор суугаад 172 онд нас барсан. Түүнийг Түтэ шаньюй залгамжлав.

Хүннүгийн нутагт тэднийг залган мандсан Сяньби нар 156 онд Таньшихуайн манлайлал дор нэгдэж их улс байгуулав. Хань улс өмнөд Хүннүг цэрэг хөдөлгөж Сяньбиг довтлохыг шаардах болсонд 177 онд Түтэ шаньюй Таньшихуайтай байлдсан боловч ихэд ялагджээ.Тэр жилдээ Түтэ шаньюй нас барж, хүү Хувэй залгамжлан 178 онд шаньюй болов. Хувэй шаньюй  Жан Сю түшмэлтэй таарамжгүй харьцаатай байв. 179 онд Жан Сю дураараа шаньюйг алж, баруун сэцэн ван Цянчюг шаньюй болгов. 188 онд өмнөд Хүннүгийн баруун гарын 100 мянга гаруй хүн бослого гарган Цянчю шаньюйг алжээ.

Цянчю шаньюйг түүний хүү баруун сэцэн ван Юйфүло залгамлан Чижи шаньюй өргөмжлөгдөв. Түүний аав Цянчю шаньюйг алагсад дахин бослого гарган, Сюйбогийн гудухоуг шаньюйгаар өргөмжилснөөр өмнөд Хүннү 2 шаньюйтай болов. Сюйбо овгийн шаньюй шар алчууртны бослогынхонтой нийлж дээрэм тонуул хийж, хилийн тойргуудыг сүйтгэж яваад жилийн дараа нас баржээ.

Харин Чижи шаньюй 7 жил ор суугаад 195 онд нас барсанд, түүний дүү Хүчүцюань залгамжлан шаньюй болов. Энэ үед Сяньби нарын довтолгоонд өмнөд Хүннү олонтоо нэрвэгджээ.  Хүчүцюань шаньюй өмнөд Хүннүгийн сүүлчийн шаньюй бөгөөд 216 онд Хожуу Хань улсын нийслэлд очиход нь тухайн үед засгийн эрхийг барьж байсан Цаоцао өмнөд шаньюйг ордонд нь буцаасангүй. Энэ талаар “Хожуу Хань улсын судар”-т “шаньюй төрд бараалхахад  Цаоцао түүнийг Е хотод үлдээв. Цюй Бэй-г томилон түүний улсыг хянуулах болов” гэжээ.  Ийнхүү 216 оноос өмнөд Хүннү шаньюйн нэгдсэн захиргаанд байхаа больж, Ханьгаас томилсон түшмэлд захирагдах болжээ.   
"Монголын эртний түүх" "Хүннү"


No comments:

Post a Comment