11.22.2018

Сяньбийн нэгдсэн улс – Таньшихуай


Сяньбичүүд Таньшихуайн үе хүртэл нэгдсэн улс байгуулаагүй бөгөөд ляодуны сяньби, ляосигийн сяньби гэх мэт бие даасан жижиг ханлиг улсууд байв. Сяньбийн олон ханлигуудыг нэгтгэн, нэгдсэн их улс байгуулсан удирдагч бол Таньшихуай юм. 

“Хожуу Хань улсын судар”-ын Таньшихуайн намтарт;
“Хуань Дигийн (НТ 147-168 он) үед Сяньбийн толгойлогч Таньшихуай хэмээгч, аав нь Тоулухоу болно. Хүннүгийн цэрэгт 3 жил алба хаагаад ирэхэд гэртээ үлдсэн эхнэр нь хүү төрүүлсэн байжээ. Тоулухоу ирээд гайхаж, эхнэрээ алах гэхэд эхнэр нь: “өдөр гадаа  явахдаа тэнгэр дуугарахыг сонсоод, дээш хартал мөндөр аманд орж залгигдсан. Түүнээс шалтгаантай болж, 10 сар болоод энэ хүүг төрүүлсэн. Энэ хүүхэд ер бусын гайхамшигтай болно, аажимдаа мэдэгдэнэ”  гэж. Тоулухоу үнэндээ итгэсэнгүй, түүнийг хаяжээ. Эхнэр нь гэрийн түшмэлдээ нууцаар  хэлсэнд тэр нь авч тэжээсэн. 

Таньшихуай 14-15 насандаа цөс зоригтой, арга ухаантай эр болжээ. Өөр аймгийн ахлагч түүний нагацын үхэр, хонийг дээрэмдсэнд  Таньшихуай ганцаар мордож, хойноос нь хөөн, тэдний газар хүрээд алдсанаа цөмийг нь эргүүлэн авчирчээ. Үүнээс хойш аймгаараа сүрдэн түүнийг дагах болов. Тэгээд Таньшихуай хууль, цээр, зөв бурууг тогтоосон, тэдгээрийг хэн ч зөрчихийг зориглоогүй. Түүнийг их ахлагчаар өргөмжилсөн” гэжээ.
156 онд Таньшихуай Сяньбийн хаанаар өргөмжлөгдөн, Сяньбийн нэгдсэн улсыг  байгуулав. 

Сурвалжид “Сяньби нь өмнө зүгийн хил хязгаарыг дээрэмдэж, хойшоо Динлинд тулж, зүүн зүгт Фүюйг ухруулж, баруун зүгт Усунийг цохиж, Хүннүгийн хуучин нутгийг бүгдийг нь эзлэв. Зүүнээс баруун тийш 14 мянга илүү ли, өмнөөс хойшоо 7 мянган ли уул тал, ус шанд, бүгдийг эзлэн захирсан” гэжээ.

156 оны намар Таньшихуай Юньжуныг уулгалсан бол 158 онд Сяньбичүүд Хань улсын умард хилд халджээ. Мөн оны өвөл өмнөд Хүннүгийн шаньюй, жанжин Жанхуаны хамт Сяньби руу довтлон 200 гаруй хүн алав. 159 онд Сяньбичүүд Яньмэнийг довтолж, 163 онд Ляодунг уулгалжээ. 166 онд Сяньбийн хэдэн түмэн морьт цэрэг олон замд хуваагдан Хань улс руу довтолж, ноёд түшмэдүүдийг нь алж, дээрэм тонуул хийжээ. Хань улс өмнөд Хүннүгийн Жанхуаныг томилон довтлуулахад Сяньбийн цэрэг хилээс гарч явсан байна.

“Хожуу Хань улсын судар”-т Хааны ордон аюул зовлонд учирсан ч яаж ч чадахгүй байв. Тэгээд элч томилон тамга тэмдэг бариулж, Таньшихуайг ван өргөмжилж, энх ураг барилдая гэв. Таньшихуай үл зөвшөөрөн дээрэм тонуул хийх нь улам хэцүү болов” хэмээн бичсэн байдаг.

Таньшихуай газар нутгаа тэлж, улс орныхоо гадаад байдлыг бэхжүүлэхийн зэрэгцээ дотоод бодлогодоо анхаарч хүннүгийн уламжлалаар улс орноо зүүн, баруун, төв гэсэн гурван хэсэгт хуваан төвхнүүлжээ. Сударт бичсэнээр “Юбэйпинээс зүүн тийш Ляодун, Фүюй, Хүймо хүртэлх 20 гаруй аймгийг зүүн гар болгов. Юбэйпинээс баруунш Шангу хүртэлх 10 гаруй аймгийг төв хэсэг болгов. Шангугаас баруун зүгт Дуньхуан, Усунь хүртэлх 20 гаруй аймгийг баруун гар болгов. Тус тусад нь их ахлагчаар удирдуулна. Бүгд Таньшихуайд захирагдана” гэжээ.

174 оны өвөл Сяньбийн цэрэг Бэйдийг довтолсон бол, 176 онд Южуныг, 177 оны зун Хань улсын хилийн 3 тойргийг довтолжээ. Хань улсын хаан цэрэг цуглуулж, 3 замд хуваан,  Ша Юйн цэргийг Гаолюгаас, Тянь Яний захирсан цэргийг Юньжунаас, өмнөд хүннүгийн Занмин жанжны цэргийг Яньмэнаас хөдөлгөж, Сяньбиг довтлуулжээ. Тус бүр 10000 цэрэгтэй 3 замын цэрэг 2000 ли газар явжээ. Таньшихуай 3 гарын удирдагчдыг тосон байлдахыг тушаасан байна. Гэвч Сяньбийн цэрэг ялагдаж, жанжид нь цөөн хүний хамт зугтан ирсэнд Таньшихуай хилэгнэн шоронд хорьжээ. 178 оны өвөл Сяньбичүүд Зюцюанийг довтолж, Ханьгийн хил хязгаарыг түйвээв.

Таньшихуайн тухай нэгэн түүх сударт тэмдэглэгдсэн нь  Сяньбийн хүн ам өсөж, хүнс хоол хүрэлцэхгүй болсныг Таньшихуай улс орноо эргэж яваад мэдсэн байна. Гэтэл Ухоуцинь гол загас ихтэй боловч загас барих аргыг сяньбичүүд мэддэггүй байв. Таньшихуай Во хүмүүс загас барихдаа сайн гэдгийг дуулаад зүүн зүгт Во улсыг довтолж, 1000 илүү өрхийг олзлон авчирч, Ухоуцинь голын хөвөөнд суулган загас бариулан, хүнсэндээ хэрэглэх болжээ.
Сяньби улсыг үндэслэгч Таньшихуай Хүннүг их гүрэн болгосон Модунь шаньюйтай харьцуулбал ахар насалжээ. Тэрээр 181 онд 45 насандаа нас барав. Түүний үхэл Сяньби улсын хувь заяанд нөлөөлсөн нь Сяньби улс гүйцэд бэхжиж амжаагүйтэй холбоотой ч байж мэднэ. 

No comments:

Post a Comment