10.26.2018

Хүдүэрши шаньюй


НТ 13 Ужүлю шаньюй нас барж Улэй шаньюй залгамжлав. Улэй шаньюй болмогцоо дүү Ю-г зүүн гули ван болгов. Улэй шаньюй,  Ужүлю шаньюйн хүү Сүтүхү-г  хуюй цолтой (Ужүлю шаньюйн үед зүүн сэцэн ван цолыг хуюй цолоор сольсон) байсныг бууруулан зүүн түци ван болгов. “Хань улсын судар”-т Улэй шаньюйг хятадын эд агуурст шунан дурладаг, ховдог шунахай хэмээсэн байдаг. Тэрээр Ван Манаас шагнаж буй алт мөнгөнд дурлан Хүннү нэрийг Гунну хэмээн сольж өөрчилжээ. Гэхдээ л Синь улсын умард хил дээрх довтолгоогоо үргэлжлүүлсээр байв.

Улэй шаньюй НТ 18 онд нас барж, түүний дүү зүүн сэцэн ван Ю-г Хүдүэрши шаньюй хэмээн өргөмжлөв. Хүннүгийн элч Юнь, Дан нар Чананьд айлчлах үеэр Ван Ман тэднийг ашиглаж, Даныг шаньюй өргөмжлөн, цэрэг гарган туслана хэмээв. Гэвч удалгүй Дан нас баржээ. Хятадад Ван Маны эсрэг Хань улсыг сэргээх бослого хөдөлгөөн эрчимжиж, хааны ордонг эзлэх үед Ван Ман болон Хүннүгийн Юнь бүгд алагдсан байна. Ийнхүү Синь улс  мөхөж хожуу Хань улс (23-220 он) байгуулагдлаа.

НТ 24 онд Хань улсын элч Хүннүд ирж хуучин тамгыг нь буцаан олгожээ. Хүдүэрши шаньюй: “Хань улс үймсэн нь эзэн суудлыг Ван Ман хулгайлснаас болсон. Хүннү цэрэг явуулж, Маныг дайрч, хил хязгаарыг хоослов. Одоо бүгдээр Хань улсыг санаж буй. Ман үхэж, Ханьгийн төр сэргэсэнд миний ач гавъяа бас бий. Намайг ихээхэн хүндэтгэх хэрэгтэй “ хэмээхэд элч нар хүлээн зөвшөөрөхгүй байжээ.

Хань улс НТ 30 онд дахин элч илгээн энх ургийн гэрээг сэргээе хэмээн их хэмжээний алт мөнгө өргөн барьжээ. “Хань улсын судар”-т шаньюйг “өөрийгөө Модуньтай адилтган, элчид хэлсэн үг нь эрдүү бардам байв” гэснээс үзэхэд  Хуханье шаньюйн байгуулсан энх ургийн гэрээг сэргээх саналыг хүлээж авалгүй Модуньтай байгуулсан энх ургийн гэрээг сэргээх саналыг Хүннүчүүд тавьсан гэж үзэж болох нь. Хүннүчүүд Ханьгийн умард хилд халдсаар л байв.

НТ 33 онд Хань улс хариу довтолсон ч амжилт олсонгүй, харин Хүннүгийн довтолгоон улам ширүүсчээ.  НТ 37 онд Хэдун руу дараалан довтлоход Хань улс хил хязгаараа хамгаалж хүч хүрэхгүй болж, хүн ард нь урагш нүүн шилжжээ. Хүннүгийн зүүн аймгууд Хань улсын хилийн дотор орж суух болов. НТ 44 онд Хүннүгийн цэрэг Шаньдан, Фүфэн, Тяньшүй хүртэл довтолж, НТ 45 оны өвөл Жуншань тойрог руу халдаж байв.

Хүннү болон Хань улсын хооронд байгуулсан энх ургийн гэрээ тасалдсан НТ 11-45 он хүртэлх хугацаанд Хүннү гүрэн газар нутгаа тэлж, говийн өмнөд хэсгийг буцаан авч, Сяньби,Ухуань болон баруун бүс нутгийн орнууд дахь өөрийн хяналт, нөлөөг бэхжүүлэн дахин хүчирхэгжсэн байна. Гэвч Хань улсыг ид шид буюу Хүннүчүүдийн өөрөө өөрсдийгөө устгаж эхэлсэн үйл явдал болох хаан ширээний төлөөх тэмцэл аварчээ.

Хүдүэрши шаньюй анх өөрийн дүү баруун гули ван Итүжияшиг зүүн сэцэн ван болгосон. Зүүн сэцэн ван нь шаньюйн дараа орох хамгийн том цол бөгөөд шаньюйг залгамжлан шаньюй болдог уламжлалтай. Ван Жаозүн хэмээх хятад хатнаас төрсөн Итүжияшиг залгамжлагчаа болгохыг Хүдүэрши шаньюй хүссэнгүй, түүнийг алсан ажээ. Улмаар өөрийн хүүгээ залгамжлагчаар зарлажээ. 

Үүнийг эсэргүүцсэн өмнөх шаньюй Ужүлюгийн хүү Би уурлан хэлсэн нь: “Ах дүү нарын ёсоор бол баруун гули ван өргөмжлөгдөх ёстой. Хөвгүүдийн ёсоор бол урьдах шаньюйн ахмад хүү нь би болно. Би ор залгах ёстой” гэжээ. 

Хүдүэрши шаньюй түүнээс сэрэмжлэн, хоёр гудухоу түшмэлээр Би-гийн цэргийн хуаранг хянуулах болов. НТ 46 онд Хүдүэрши шаньюй нас барахад , түүний хүү зүүн сэцэн ван Уда залгамжлан шаньюй болов. Тэрээр шаньюйн сууринд удаан суусангүй үхэхэд, түүний дүү зүүн сэцэн ван Пүнү шаньюй болжээ. Ужүлю шаньюйн хүү Би шаньюй болж чадаагүйдээ уурлан хорсож, Хань улстай нийлэхээр шийджээ. Ийнхүү Хүннүгийн шаньюйн удмынхны дунд хаан ширээний төлөө тэмцэл өрнөж, Хүннү гүрэн хуваагдах эхлэл тавигдсан аж.
“Монголын эртний түүх” “Хүннү”

No comments:

Post a Comment