5.28.2015

9.Бага хаад – Мандуул хаан

Молон хаан 1465 онд Мулихайд хорлогдсноос хойш монгол оронд  хаан суудал хэсэг эзэнгүй байж улс төрийн задрал улам эрчимжиж иржээ. 1475 онд Тогтох буха Тайсун хааны дүү Мандуул Ихирис аймгийн ноён Бэгэрсэний тусламжтайгаар хаан суудалд залрав. Бэгэрсэн өөрийн охин Юнгиныг их хатан болгон, өөрөө тайш болжээ.

Мандуул хаан болсон ч монголчуудыг нэгтгэн зангидаж чадаагүй, бүр өөрийн сууж байсан Цахар аймгийг ч бүрэн хянаж чадахгүй байв. Харин Мандуул хаан Ойрадаас зугтаж ирсэн Боржгон удмын Баянмөнхөд Болох жонон хэмээн цол хүртээж ихэд баясан угтаж авсан гэдэг.

Тэр цаг дор монголд Бэгэрсэн, Алчу, Болох жонон Баянмөнх, Гурван харуулын Доин харуулын ноён Тогооч, Исмаил тайж нар хамгийн их нөлөөтэй нь байсан. Ойрадууд харин нэлээн нэгдмэл хүчирхэг байж Иштөмөр  ноёноор удирдуулсан 40000 цэрэг гаргах чадалтай байв.

Алчу ноён эртнээс Ордосыг хянаж байсан ба Болох жонон Алчутай дотно харьцаатай байсан ч эе эвдрэлцэн Болох жонон Бэгэрсэнтэй нийлэн Алчуг Ордосоос хөөн гаргажээ. Улмаар Мандуул хаан, Бэгэрсэн тайш, Болох жонон нар нийлэн Ордосоос Мин улсыг уулгалах болжээ.

Мандуул хаан Болох жонон нар хамтран 60000 цэрэг гаргаж байсан ба Мин улсын хилийн хамгаалалт Монголчуудын довтолгооныг зогсоож хүчрэхгүй байв. Гэвч 1476 оноос монгол ноёдын дунд хагарал гарч эрх мэдлийг хэтэрхий атгасан Бэгэрсэнд дургүйцсэн ноёдууд нийлж Бэгэрсэнг хороон Исмаилыг тайш болгожээ.


Мөн хаан жонон хоёрыг хагаралдуулах хорон үг гүйж Мандуул хаан Исмаил тайшид цэрэг өгч явуулан Болох жононг хороон эхнэр Шихэрийг нь Исмаил хатан болгон авчээ.

Удалгүй 1459 онд Мандуул хаан нас барж Монголчуудын тархай бутархай байдал улам гаарлаа. Энэ нь цаашлаад монголчуудын тусгаар тогтнолд улам аюултай болж ирсэн тул заавал нэгдэж нягтрах чухал зорилт тулгарсан юм.

0 comments:

Post a Comment