5.22.2015

5.Бага хаад - Буяншир Өлзийттөмөр хаан

Үгэчи хасаха хааныг нас барсны дараа монголчууд Чингисийн алтан ургаас хаан суулгахыг хичээхдээ дайн самуунаас дайжин Цагаадайн улсын Бишбалык хотод Төмөр хааныг түшиж байсан Элбэг хааны хүү Буянширыг залж авчирч 1408 онд Хархорум хотноо хаан суулгаж Өлзийтөтөмөр хэмээн цолложээ. 

Тайшаар нь Аругтай өргөмжлөгдөн бүх цэргийн эрхийг барих болов. 
Энэ үед Ойрадын Батула, Батболд, Тайван нар Өлзийтөмөр хааныг эсэргүүцэн тулалдах болсон ба Мин улсын зүгээс шударгаар амьдарч номхон дага хэмээн байнга дарамталж байсан ч Өлзийтөмөр хаан огтхон ч айлгүйгээр бие даасан бодлого явуулж байв.

1409 онд Мин улсын хаан монголчуудыг хагаралдуулахын тул Ойрадын Батулад шударга түвшин ван цол шагнан ойрадын ноёдыг ихээр хөхүүлэн татах болсонд Өлзийтөмөр хаан ихэд хилэгнэн Мин улсын элчийг алаад ойрад руу довтолсон ч ялагдан Хэрлэн руу ухарчээ. Мин улсын хаан Өлзийтөмөр хааныг ухарсныг мэдүүт арван түмэн цэрэг илгээсэн боловч Өлзийтөмөр Аругтай нар тэднийг бутцохижээ. 

Мин улсын хаан сандран дахин 1410 онд тавин мянган цэрэг дайчлан Онон хүртэл давшжээ. Хаан тайш хоёр хүчин мөхөсдөхөд Өлзийтөмөр хаан Башбалыкт очин дахин хүч хуримтлуулах санал тавьсан Аругтай тайш үхсэн ч хүний нутагт үхэхгүй хэмээн үл зөвшөөрөн салах болов.

1412 онд Өлзийтөмөр хаан баруун зүг явж байхдаа Батула чинсанд хорлогдон үхжээ. Харин Батула хааны тамгыг олзлон авч Хархорум хотыг эзлэв.

Энэ үед Хорчинд очсон Аругтай тайш хүчээ хуримтлуулан Батулатай тулахаар зэхэж эхэлсэн ба Ойрадыг дэмжиж байсан Мин улсын бодлого ч тэднийг хэт хүчирхэгжихээс болгоомжлох аястай болж ирэв.

Харин  Ойрадууд зүгээр суусангүй Өлзийтөмөр хааны хүү Дэлбэгийг 1412 онд хаан өргөмжлсөн ч түүнийг монголчуудын ихэнх хүлээн зөвшөөрсөнгүй учир нь монголын ихэнх нутгийг Аругтай тайш мэдэж байлаа.


Хоёр тал удтал бэлтгэлээ базаасны эцэст 1414 онд одоогийн Улаанбаатар хотын орчим Улаан хошуу хэмээх газар ширүүн тулалдан Ойрадууд цохигдон ухарсан ба мөн энэ онд Дэлбэг хааныг Ойрадын Үгэчи хасахийн хүү Эсэхү гэгч хороож өөрийгөө Ойрадын хаан хэмээн зарлав. Дахин 1416 онд Хамилийн зүүн талд Зэлэм ханы ойролцоо Бор нохойн зоо хэмээх газар Ойрад зүүн монголын хооронд нүсэр  тулалдаан болж Ойрадууд ялагдан ухрахад Аругтай Батула Эсэхү нарыг хороов. 

0 comments:

Post a Comment