5.25.2015

6.Бага хаад - Тогтох буха Тайсун хаан

Ойрадын Батула чингсанг дарсны дараа Асудын Аругтай чинсан  зүүн монголын ноёдтой тохиролцон Ойрад монголын дайнд идэвхийлэн гарамгай оролцсон Хорчины Адай тайжыг 1425 онд хааны суудалд  залж  Аругтай өөрөө улсын тайш болж улсын бүхий л эрх мэдлийн атгалаа.

Аругтай тайш Батулагын эхнэр Самар гүнжийг хүүтэй нь хамт  олзолж Адайд тушаахад тэрээр Самар гүнжийг хатнаа болгон авч харин хүүг нь  өөрт нь буцааж өгөхөд түүний Бахаму нэрийг халж хөмөрсөн тогоонд хорьж Тогоон хэмээн нэрийдэн урьд өөрөө хөмөрсөн арганд орж Батулагаас Аругтай нэрийг авч байсан эртний өсөө авчээ.

Элбэг хааны охин Батулагийн эхнэр Самар хатан  Адай хаанаас хүүгээ өршөөж суллахыг ятгасан  учир Аругтай хэдий их эсэргүүцсэн ч Адай Тогооныг суллаж нутаг буцаажээ. Нутагтаа харьсан Тогоон хүчээ хуримтлуулан зузаалж Ойрад түмнийг эрхэндээ оруулаад зогсохгүй Сартуул, Уйгар, Хар ёгор нарын нутаглаж буй Хамилтай хүртэл ургийн холбоо тогтоож  Мин улстай найрсагаар харилцаж  эхлэв.

Тогоон хүчирхэгжих тусам алтан ургийн бус, Хасарын угсааны хаан Адайг унагаж шинэ хаан, тэр тусмаа алтан ургийн хаантай болохоор шийдэн Элбэг хааны дүүгээсээ булааж авсан хатан Өлзийт гуагийн төрүүлж Үгэчэ хасахагийн дэргэд хүмүүжсэн Ажайгийн гурван хүү Тогтох бух, Агваржин, Мандуул гурвыг дэргэдээ авчирч тойглон сэм  дайнд бэлтгэж эхэлжээ.

Бэлтгэлээ сайтар хангасны дараа Тогоон 1438 онд Адайг довтоллоо. Ойрадын цэргийг Тогооны хүү Эсэн удирдаж оржээ. Ямар ч бэлтгэлгүй байсан Адай Аругтай нар зугтахад Эсэн Аругтайг хөөж Мон уулын Цагаан нуурын орчим түүнийг устгасан бол Тогоон, Тогтох буха нар Адай,  Доржбай жанжин нарыг хөөж довтлоход  үед  Мин улс мөн цэрэг гарган Адайг дайрчээ.

Тулаанд Доржбай жанжин алагдаж Адай олзлогдлоо.  Тогоон чинсан Адайг өчиггүй хороож өөрөө Тогтох бухаг хаан ширээнд залах ёслолыг Ордост  буй  Чингисийн онгоны дэргэд хийх гэж яваад  гэнэт нас барлаа гэдэг. Зарим нь Тогооныг өөрөө хаан суух гэж байгаад Чингисийн онгон хилэгнэж тэнгэр ниргэв  ч гэдэг.

1439 онд монгол ноёд их хуралдай хийн Тогтох бухаг Тайсун цолтойгоор хааны ширээнд  залав. Тайсун хаан Тогооны гэрээсээр хүү Эсэнг тайшаар томилон өөрийн дүү Агваржинг жонон өргөмжиллөө. Тайсун хааны ордон Хархорумд байсан ба анхны хатан нь Тогоон чинсангийн охин бөгөөд жилийн дараа хүүхэд үгүй тул Горлосын ноён Цэвдэнгийн охин Алтжинг бага хатнаа болгон  нэгэн хүүтэй болж Молон гэж нэрлэжээ. Харин дараа жил нь их хатнаас хүү төрж Абадин хэмээн нэрлэв.

Тайсан хаан Эсэн тайш нар хамтран их Юань улсыг сэргээхийг санаархан юуны түрүүн дотооддоо нэгдмэл болохоор  хичээн уриахай болон Горлос аймгуудыг эв эе болон цэргийн хүчээр татаж улмаар 1444 онд Эсэн тайш Онгиудын Жүч ноёнтой хавсран Зүрчидыг эрхэндээ оруулан зүүн хилээ батагаж авчээ.
Хаан тайш хоёр баруун талд  Хамилтай найрсаг харилцаатай байж тэднээр дамжуулан Төмөрийн хаант улстай  элч солилцож байжээ.

Хаан тайш хамтран чармайсны  хүчинд монгол улсын хил зүүн тийшээ Зүрчид, баруун тийш Хамил Енисэй мөрөнд хүрч  өмнө талдаа их цагаан хэрэмд туллаа.

Монголчууд Мин улстай эвтэй найрсаг байхыг хичээвч Мин улс боож хаасан,  худалдааны хориг гэгчээр байнга дарамталсан бодлого явуулж иржээ.  Тэвчээр нь алдарсан  монголчууд 1449 онд Эсэн тайшийн хүүд амласан гүнжээ өгсөнгүй хэмээн шалтаглан Мин улс руу 4 замаар их цэрэг орууллаа. Тайсун хааны цэрэг Ляодун луу, Эсэн тайшийн цэрэг Датун луу, чинсан Алагтөмөрийн цэрэг Сюаньфу руу, Алчи жанжны цэрэг Шаньси руу довтолжээ. Монголын бүх замын цэрэг амжилттай давшин ялалт байгуулж их хэмжээний зүйлс олзлон авсан байв. Ихэд сандарсан Мин улсын хаан Ин Цзун тавин түмэн цэрэгтэй Датун хүрсэн боловч монголчуудад дийлэгдэн ухран Түмү гэх газар Эсэн тайшид зүү орох зайгүй болтлоо бүслэгдэн олзлогджээ.

1450 онд Мин улсаас найрамдах санал тавьж хоёр улс хэвийн харилцаатай болжээ. 1452 оноос хунтайж зарлах болсон цагаас эхлэн  хаан тайш хоёрын зөрчил илт ихсэж  Турфаны Хар-ус хэмээх газар ноёдын чуулганыг зарлан  хуралдууллаа.  Тайсун хаан ахмад хүүгийн хувьд хаягдсан хатан Алтжингаас төрсөн Молон хүүг хунтайж болгох харин Эсэн тайш тэргүүтэй Ойрадууд өөрийн зээ Абадинг хунтайж болгохоор хүчлээд нэгэн шийдвэрт хүрсэнгүй.

Энэ чуулганаар Тайсун хаан Эсэн тайшаас гадна дүү Агваржин жононтой эе эвдэрчээ. Үүнийг мэдсэн Эсэн тайш Агваржин жононд надтай нийлвэл монголын хаан болгож өгье хэмээн хэлж түүнээр зөвшөөрүүлж чаджээ.

Эсэн тайштай нийлсэн Агваржин жонон 1451 оны 12 сард хаан ахыгаа Мин улстай нийлэв хэмээн буруутган Хархорум руу довтолжээ. Ямар ч бэлтгэлгүй байсан  Тайсун хаан хэдэн хамгаалалагчтайгаа зугтан Хянганы уулсыг давж урьд нь  буцаасан бага хатан Алжингийн  аав Горлосын Цэвдэн ноёныд хүрчээ. Горлосын Цэвдэн харин түүнийг хоёр хамгаалагчтай нь хамт хороожээ.




  

No comments:

Post a Comment