12.29.2014

Сайн ноён хан Т.Намнансүрэн


Монголын тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч Монгол улсын анхны ерөнхий сайд Т.Намнансүрэн бол Чингисийн алтан ургийн язгууртан боржгон овогт хиад ястан билээ. Халхын Түшээт хан, Сэцэн хан, Засагт хан, Сайн ноён ханы эх угсаа бол Гэрсэнзийн удмаас эхтэй ба Гэрсэнз бол монголын Даян хаан хэмээн алдаршсан Батмөнхийн 11 хүүхдийн отгон хүү. Сайн ноён ханы шууд угсаа бол Гэрсэнзийн гуравдугаар хүү Оноху ноёны шууд залгамж юм.

1725 онд манж нар халхад Сайн ноён аймгийг байгуулж 1766 оноос Оноху ноёны дөрөвдүгээр хүү Түмэнхэн сайн ноёны сайн ноён цолыг үе улируулан залгамжлуулж хан тамга олгожээ.

Намнансүрэн 1878 онд сайн ноён Төгс-Очирын хоёрдохь хүү болон одоогийн Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт мэндэлсэн ба багийн төв түвшин зантай, аливааг сэтгэн бодох оюун билэг төгс хүүхэд байжээ. Түүнд нутгийн номтой хүмүүс монгол, манж бичиг зааж өөрөө хичээн орос хятад бичиг гадарладаг болсон гэдэг.

1897 онд Намнансүрэн хошой чин ван цол хүртэн хошуу захирах засаг, аймгийн хан, Цэцэрлэгийн чуулганы дарга болжээ. Намнансүрэнгийн үед сайн ноён хан аймаг 24 засаг хошуу, 8 тамгатай хутагтын шавь нийт 32 засаг захигааны нэгжээс бүрдсэн халхын 4 аймгийн хамгийн том аймаг байлаа.

1911 онд нийслэл хүрээнд албан хэргээр цугласан ноёд хутагт нар Богд хан уулнаа сэм хуралдан манжийн дарлалыг устгах, энэ хэрэгтээ хаант Орос улсын дэмжлэгийг авах талаар хэлэлцэн тохирчээ. Тэр шийдвэрийг Богд Жавзундамба идэвхийлэн дэмжиж цаг алдалгүй хөдлөхийг анхааруулсан ба  энэ ёсоор ноёд хутагт, лам харгүй тэмцэл өрнүүлж 

1911 оны 12 сарын 29-ны өдөр тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж наймдугаар Богдоо шашин төрийг хослон баригч хэмжээгүй эрхт хаанаар өргөмжлөн оны цолоо олноо өргөгдсөн хэмээн тунхаглаж шинэ монголын түүхийн нэгэн шинэхэн хуудсыг эргүүлсэн билээ.

Сайн ноён хан Намнансүрэн эл хэрэгт анхнаас нь идэвхийлэн оролцож Ховдыг чөлөөлөх тулалдаанд цэрэг зэвсэг, уналга морь, хоол хүнсээр тусалж явжээ. 1912 оны 7 сард Богдын зарлигаар 34 настай Түмэнхэн номун сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн монгол улсын анхны ерөнхий сайдаар томилогдон шинэ монгол улсаа төвхнүүлэн хөгжүүлэх, тусгаар тогтнолоо олон улсын хэмжээнд зөвшөөрүүлэн хүлээлгэх их ажилд шамдан оржээ.

1919 оны эхээр монгол улсын ерөнхий сайд сайн ноён хан Намнансүрэн цэл залуу 41 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ба түүнийг Богд хааны ордонд хортой архи уун хорлогдсон гэж үздэг.

0 comments:

Post a Comment