1.15.2015

Их нарт, Их газрын чулуу бас Өлзийт нуураар аялсан минь


Долоон сарын эхээр Их нартын үзэсгэлэнт газар очиж аргаль дурандахаар бороо шивэрсэн сэрүүхэн өглөө өмнийг зорилоо. Урагшаа сайхан засмал замтай болсон болохоор Хоолтын даваан дээр нар мандахыг харчихаад  юу юугүй л Чойрын богд уулынхаа баруугаар гарч Даланжаргалан суманд ирлээ.

Банкаа дүүргэж аван сумын төвийн баруун хойдох гармаар төмөр замаа гараад Соёмботой толгойн өмнүүр гарч баруунш чиглэн  дөч гаран км давхиад Их нартад ирлээ. Их нарт бол Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг сумдыг дамнан орших үнэхээр сайхан газар юм. Гол нь энд дэлхий дээр цөөхөн үлдсэн  уулын зэрлэг хоньд аргаль, угалз  элбэг. Элбэг элбэгдээ хүний нүдээр 200 орчим метрээс чөлөөтэй харж болохоор идээшин дассан гэж байгаа.  Бид ч аргаль харж баясаж зургийг нь авахаар машинтайгаа хөндлөн гулд хэсэж өглөө.  
Энэ өдөр гуч гарсан халуун өдөр байсан болохоор бидний нүдийг баясган хадан дээр хүлээж зогсох аргаль үнэхээр таарсангүй, амьтан л юм хойно сүүдэрлээд хэвтсэн болтой. Хадны сүүдэрт хэвтэх нэг том аргаль ( энэ бол бараг угалз байсан даа) харсан боловч тэр аппаратны дуран солихыг минь хүлээсэнгүй.
Их нарт бол сонин сонин хадан тогтоц ихтэйгээс гадна булаг шандтай, мод бут ургасан үзэсгэлэнт ам ихтэй юм. Мөн энд Халзан уулын рашаан гэх  шидтэй рашаан ч бий.
 
Бид хадны нөмөр бараадаж өдрийнхөө цайг уучихаад халуунаас зугтаан  Мухарын булаг орж хонохоор Их нартынхаа хаднаас баруун тийшээ буулаа. Их нартаас  харахад Дундговийн тэгш тал тээр доор цэлийж харагдах нь үнэхээр эх нутгаараа бахархахаас аргагүй сэтгэлийг төрүүлнэ, үнэхээр гайхалтай.

Мухарын булаг бол Их нартынхаа баруун талд байх хадтай, хайлаастай, устай, ургамалтай  олон сайхан амны нэг. Тэр газраа хүрч чадсангүй ээ, их хадаа их ойрхон бараадаж явснаас зам нь бартаатай,  хадархаг бас элсэрхэг юм. Нэг удаа элсэнд суугаад , гарч аваад маршрутаа өөрчлөхөөр шийдэв. Хойно алсад Халзан уулын рашаан харагдаад л, баруун талд нүдний үзүүрт говийн ганц айл харагдаад л ... та хайчвал хайч л гэж байлаа. Бид баруун тийш  Их газрын чулууруугаа дөхөхөөр шийдэн Баянжаргалан сум руу хөдөллөө. Бид гэдэг нь эхнэр охин бас би. 

Нэмнээ улаан  гэх говийн халуунд ширгэж буй жижигхэн нуурыг тойрсон их дэрсэн дундуур гарч нутгийн айлд цайлан замаа сайн заалгаж аваад Баянжаргалан сум руу хөдлөв.Энэ сум бол Чойроор их замтайгаа нийлдэг, бас олон сумдад байхгүй А92 бензинтэй, хөл хөдөлгөөн ихтэй сум байлаа.

Сумаас гарч хоносон бид өглөө эрт цайлчихаад Их газрын чулууг зорив. Баянжаргалан сумаас баруунш байх Энгэр усны баг өнгөрөөд зам ерөнхийдөө гурав сална. Хэт зүүн гараа барьж давхивал Гурвансайхан сум руу, хойшилбол Говь-Угтаал сум хүрнэ.

Их газрын чулуу бол монголын минь үзэсгэлэнт газруудын нэг яахын аргагүй мөн. Манайхан энд хоёрдохоо ирж байгаа ч сэтгэл нь ханаагүй дахин ирэх тухай ярьсаар л явна билээ.  Энд Өлгий, Тоонот, Шинэ ус, Бунхант зэрэг 40 гаруй агуй байх ба монголын уран сайханы “Ичээнд нь” “Бушхүүгийн үлгэр” “Тууврын замд” “Загийн алим”  зэрэг олон киноны зургийг авсан байдаг. Уртаашаа 30 гаран км, өргөөшөө 15 км үргэлжлэх энэ газарт үзэж харах зүйл арвин.

Норовбанзад гуайн дурсгалд зориулсан  “Уяхан замбуу тивийн наран”  хөшөө, задгай театр, “Тоонотын агуй “ зэрэг хэд хэдэн газраар хэсүүчилж  жаал ядарсан бид хойшлон Ерлөг уулын хаяанд буун өдрийн хоолоо идэв. Энд харин аргаль угалз харсан шиг сайхан амарцгаалаа  даа.

Цаг эрт, бас баахан аргаль харж сэтгэл ханасан бид Өлзийт нуур орж хонохоор хөдөлсөн юм. Их газрын чулуунаас Говь-Угтаал сум 30 орчим км. Эндээс Төв аймгийн Баянцагаан сум 90 км. Говь-Угтаалаас Баянцагаан орох энэ зам бол хөдөөний эвдрээгүй үнэн сайхан зам байлаа. Баянцагаан сумаас баруун тийш Дундговийн шинэ засмал зорих замаар 20орчим км яваад, хойшоо салж бас 20орчим км яваад их хөндийд орох нь Зурхайчийн хөндий. 

Энд бидний зорьсон Өлзийт нуур бий. Өлзийт нуурын ус, түүний эргэн тойрны шаврыг нутгийнхан эрт үеэс эмчилгээний зориулалтаар ашиглаж ирсэн ба рашаан хэмээн хүндэтгэн нэрлэдэг байна. Нуурынхаа арын тэгш талбайд рашаанчид наадам аятай битүү цуглардаг ч энэ жил өглөө оройдоо хэт хүйтэн сэрүүхэн тул хэдхэн л майхан байлаа.  Бидний энд ирсний зорилго бол Өлзийт нуурын хойхно байх Гашуун балтастайн түрэгийн үеийн дурсгалыг үзэж сонирхох юм.

Нуурынхаа дэргэд оройхон ирсэн бид майхнаа  барин оройн хоолоо идэн эртхэн амарцгаалаа. Маргааш өглөө аажуухан босч цайлчихаад  хөндийн баруун хойно байх Гашуун балтастайн түрэгийн үеийн дурсгалын дэргэд баахан   зураглачихаад хөндийнхөө зүүн хойно байх түрэгийн бас нэг сайхан дурсгалыг очиж сонирхлоо. Эндээс уг нь Хүүхэн хонгорын хүн чулууг үзчихээд Баян сумаар Улаанбаатар буцах төлөвлөгөөтэй байсан ч  шууд Сэргэлэн сумын нутгаар Ээж хад дайран буцахаар шийдсэн юм. Хүүхэн хонгорт зориулсан өөр нэг маршрут бий.

Гашуун балтастайгаас шууд хойшоо Сэргэлэн сумын нутагт ороход өвс ургамал нь халиурсан аргагүй л хангайн сайхан нутаг эхэллээ. Замын хоёр талаар зээр давхилдаад зам ч зугаатай өнгөрч байлаа. Ээж хадныхаа орчим хэсэг  хадархаг болохоос зам нь цагаан  сайхан нутаг юм.

Хүсэл бүхнийг биелүүлэгч Ээж хад. Олон жилийн өмнө очиж байсан боловч одоо хүний хөлд дарагдан орчин нь өөрчлөгджээ. Хайрлаж хамгаалалгүй яахав гэхдээ байгалиар нь хамгаалбал... Бороо шорооноос хамгаалсан болтой Ээж хадаа тойруулан цеметэн шалтай дугуй хэлбэрийн бетонон хаалт босгожээ. Ээждээ өргөсөн хүмүүсийн цай сүү, архи дарс газартаа шингэж чадалгүй орчиндоо эвгүй үнэр үүсгэн тархах болжээ.

Ээж хадандаа хүслээ шивнэчихсэн бид тэндээ сайхан хооллочихоод их үдийг Манзуширын аманд өнгөрөөхөөр хөдлөв. Манзуширын хийд бол манай хоёрын дуртай газруудын нэг л дээ. Энд өдрийг сайхан өнгөрөөгөөд  оройхон гэртээ ирцгээснээр дөрвөн  аймгийн хэдэн сумаар мянга гаран км аялсан аялал минь төгслөө.


0 comments:

Post a Comment