12.02.2014

Дээд монголчууд

Дээд монголчууд бол БНХАУ-ын баруун хойд хэсгийн Цинхай буюу Хөхнуур мужид оршин суудаг Хошуудын хант улсын үлдэгдэл хошууд, торгууд цорос  мөн цөөн тооны халхууд минь билээ.
Өгөөдэй хааны хүү Годан ханы цэрэг Төвдийг эзлэж яваад уулархаг нутгийн цавчим өндөр давааг давахад уулын бэлээс нуурын тунгалаг усанд хөх тэнгэрийн дүрс ойн гүн цэнхэр харагдасан тул Хөх нуур гэж нэрлэсэн гэдэг.  

Хошуудын хант улс нь 1642 онд Гүүш Төрбайхын Төвдийн өндөрлөгт байгуулсан улс. Төрбайх бол Чингис хааны дүү хавт Хасарын удам.

1637 онд халхын Цогт хунтайж улааны шашныг өмгөөлөн Хөхнуурт хяналтаа тогтоогоод Төвд рүү довтлох үед шарын шашны тэргүүн 5-р Далай лам Хошуудын хан Төрбайхаас тусламж хүсчээ. Тэр өөрт таарсан сайхан боломжийг алдалгүй цэргээ дагуулан ирж  Цогт тайжын цэргийг цохин Төвдөд хяналтаа тогтоож эхэлсэн байна.1641 онд Төрбайх төвдийн Замба хааныг довтолж Төвдийг бүрэн захирч авсан ба Далай лам түүнд шарын шашныг мандуулагч Гүүш цол шагнажээ.

Хошуудын хант улс 80 гаран жил тогтноод Төрбайхын ач Лувсанданзан манжийн эсрэг тэмцээд дарагдснаар 1723 онд мөхөж түүнээс хойш тэндхийн монголчууд эх монголчуудаасаа алсран холджээ.

Одоо Хөхнуурт 80000 орчим дээд монголчууд амьдардаг гэх ба тэдний хэл яриа нь бага зэрэг ойрад буюу баруун монгол аялгатай болохоос монголчуудтай чөлөөтэй ойлголцдог ба амьдралын хэв маяг нь яг л бидний монгол адил зочломтгой найрсаг, таван хошуу малаа маллан бэлчээр сэлгэн нүүж амьдарна. Харамсалтай нь тэднийг хятад, төвдүүдэд  бөөрөлхөн Цайдамын цөл рүү шахан  бэлчээр нь улам хомсдож  эхэлжээ.

Хөх монголын минь тасархай дээд монголчууд биднээр их бахархана. Тэд төвдүүдтэй маргалдахдаа дэлхийд Төвд гэж улс үгүй, харин Монгол гэж тусгаар улс бий шүү гэж амыг нь асуудаг гэнэ.




0 comments:

Post a Comment