12.01.2014

Хар хятаны Елюй Даш

Өвөг монгол угсааны нэгэн их улсыг байгуулсан их хүн Елюй Даш. Хятан гүрэн мөхөж буй үед Елюй Амбагайн наймдугаар үеийн ач Ёлюй Даш өөрийн мэдлийн хэсэг хятанчуудыг дагуулан баруун тийш нүүн Балхаш нуурт төвлөн Хар кидан улсыг байгуулан дорнод Туркестан, Эмил гол, Долоон мөрөн, Тарвагатайн нуруу, Тэнгэр уул орчмыг мэдэн захирах болжээ.

Елюй Даш хаан болсноос хойш хятан, монгол, түрэгүүд нийлсэн гучин түмэн цэрэгтэй болсон ба Амударья ба Сырдарья мөрний хоорондох мусулманчууд ихэд байлдсан боловч дийлдэн удалгүй Бухар ба Хорезм цөм Хар хятаны захиргаанд оржээ. Үүнээс гадна Илийн хязгаар дахь Харлаг, Уйгарын улсууд  мөн дагажээ.

Хар кидан улсыг үндэслэгч Елюй Даш 1087 онд төрсөн бөгөөд 1124 онд өөрийн улсыг байгуулаад өөрийгөө Гүр хаан хэмээн өргөмжлөн есөн жил хаан суугаад 1143 онд нас баржээ.
Түүний байгуулсан Хар кидан буюу баруун Ляо улс 90 гаран жил оршин тогтносон ба 1200 оноос хүч нь сулран дотоодын самуун ихсэж хөрш улсууд болох Их Монгол, Хорезм улсууд хүчирхэгжин мөхлийн зам руугаа оржээ.



Чингис хаан найманы Таян хааныг дарсны дараа түүний хүү Хүчүлүг дутаан Хар кидан улс руу дүрвэн очиж түүний төрийг самууруулан эргүүлснийг Чингис хааны зарлигаар Зэв жанжин  Хүчүлүгийг мөрдөн хөөж устган 1213 оноос Хар хятан улс их Монгол улсын харъяат болж Чингис хааны их улсад нэгджээ.  

0 comments:

Post a Comment