10.30.2014

Уйгарын нийслэл Ордубалык Буюу Хар балгасын туурь.

Уйгур улсын нийслэл Хар балгас буюу эртний уйгур хэлээр Ордубалык хотын туурь  Архангай аймгийн Хотонт сумын нутагт Орхон, Жирмэнтэй хоёр голын бэлчирт Хархорин хотоос зүүн хойш 40 км-т Орхоны хөндийд бий.
Уйгарын Яглакар овгийн Пейло хаан 745 онд Түрэгийн хаант улсыг мөхөөн өөрийн улсыг байгуулж 751 онд Орхоны хөндийд нийслэл хотоо цогцлоон байгуулж Ордубалык хэмээн нэрлэжээ. Энэхүү хотыг Хөх Түрэгийн хаант улсын нийслэл хотын туурин дээр байгуулагдсан гэж үздэг. Наймдугаар зууны дунд үед Уйгур улс хүчирхгийнхээ туйлд хүрч Алтайн уулсаас Хянган,  Их говиос Саяаны уулсын хоорондох нутгийг эзлэн суух болжээ. 821 оны үед Хар Балгасыг үзсэн Арабын түүхч Тамим ибн Бахр ал-Мутафи “Хаадын хот” хэмээн магтаж шагшиж баян тансаг, үзэсгэлэнт сайхан хот гэж тодорхойлсон байдаг

Эрдэмтдийн судалсныг харахад  Хар балгас хот нь 25 км.кв талбай эзэлсэн асар том хот байсан нь мэдэгддэг. Хотын талбай нь худалдаа, гар урлалын хэсэг, хааны орд харш, сүм дугана зэрэг хэсгүүдээс бүрдэж байв.

Хааны орд нь тусгайлж барьсан бат цайзат хэрэмтэй, хойно урдаа  хоёр том хаалгатай бөгөөд цэрэг дайны зорилгоор цайзны ханыг  тойруулан олон цонж цамхаг барьсан байжээ.

Хар балгасны цайзат хэрэмний  хана туурга нь одоо нэлээд нурсан боловч арваад м өндөр, цайз нь 12 м, хэрмийн төвд байсан том цайз (хараат) одоо 14 м байжээ. Хэрмийн дээгүүр цамхагийн оромтой ба гурван талаасаа шуудуугаар хүрээлэгджээ. 

Цайзат хэрмэнд уйгурын хааны орд харш байсан нь малтлагын олдвороос мэдэгджээ. Хэрмийн дотор малтахад сайхан үзэмжит чимэглэлтэй ордны барилгын ор олдсон нь Хятадын Тан улсын  (618-907)  үед  холбогдох  зүйл  байжээ.  Түүнээс гадна хааны ордонд хамаарах бурхан шүтээнийг агуулж байсан бололтой хэрэм бүхий дугана сүмний ором ч олджээ. Ордны үүдэнд  согд, хятад, орхон-енисейн бичигтэй гэрэлт хөшөөнүүд тавиастай байжээ. Тэдгээр хөшөөг Уйгурын хаадад зориулан босгодог байж.

Цайзат хэрмийг тойрон тусгай шороон цонж байсан ба цайзын гадаад буланд налуулан хийсэн тусгай цонжийг цэргийн зорилготой гэж үздэг ба цайзат хэрмийн үүдэнд цэцэрлэг зугаалгын газар байсан бололтой талбайтай.

Хар балгасны баруун хойт, баруун хэсэгт худалдаа гар үйлдвэрийн хэрэм барилга олон байжээ. 1949 оны малтлагаар эндээс төмөрлөгөөр юм дархалж байсан баримт болох лав, хавтгай хүрэл, хүрэл хайлж байсны үлдэц олдсноос гадна 840 онд холбогдох хятад зоос олджээ.
820 он Ажо хэмээх Енисейн хиргис нарын захирагч Монгол нутагт ноёрхохын тул Уйгаруудын эсрэг дайтаж эхэлсэн ба Ордубалыкт эхэлсэн ордны хямрал ч ширүүсч Уйгурын цэргийн жанжин Кюлуг 840 онд самуун гаргаж түүний эсрэг хааны зөвлөх хятадын талыг баригч түшмэл Тархан хиргисийн Ажотой хавсарч Хар балгасыг эзлэн авсан ба энэ тулалдаанд уйгарын хаан алагджээ.
Түүхэн сурвалжийн мэдээгээр хиргис нар Уйгар улсыг мөхөөн дараад Хар балгасыг ихэд эвдлэн сүйтгэсэн гэдэг. Энэ их эвдрэлийн ор мөрийг одоо ч Хар балгасны байдлаас харж болно. 

0 comments:

Post a Comment