10.17.2014

Хазара монгол

Хазарачууд нь төв Афганистаны уулын бүс болон Пакистан, Иранд оршин суудаг  ба тэдний хазаражат нь хэлийг түрэг монгол элемент давамгайлсан перс хэлний өвөрмөц нутгийн аялгуу гэж үздэг.

Хазарачуудыг монголын эзэнт гүрэн 14-р зуунд задарснаар Монгол цэргүүд болон тэдний гэр бүлүүд энэ нутагт суурьшиж, нутгийн ёс заншилд тохируулан амьдарсаар ислам шашинд орон уусан хувирчээ гэж үздэг.

Мөн Чингис хааны  довтолгооноос дүрвэсэн Төв Азийн нүүдэлчин монголын нэг овог Бамиянд нүүдэллэн ирсэн гэх ба энэ нь Чингэс хааны байлдан дагуулалтаас нэлээд өмнө Хазара Монголчууд төв афганистанд ирсэн гэх үзэл.  Ямар ч нүүдэл суудал байсан хазара нар  Монгол нутгаас нүүж очсон Монгол аймгийн үр сад болно.

Монголчууд тэр үед мянгат маянгатаараа тасралтгүй түрж ирж байсан тул персүүд монголчуудыг өөрсдийн хэлээр хазара буюу мянгат хэмээн нэрлэжээ. Баруун өмнөд ази дахь монгол цэргийн гол хүч энд афганд л төвлөрч байжээ.

Лев Николаевич Гумилёв “Этногенез и биосфера земли” номондоо афган дахь жинхэнэ монголчуудыг хазара гэх болсон хэмээн бичсэн байна.  Мөн өөрийн хэд хэдэн бүтээлдээ хазара нарын тухай “Олон орныг эзэлсэн монгол цэргүүдийн удам жишээ нь хазарачууд тэдгээр орнууддаа монголын эзэнт гүрний байлдан дагууллын ул мөр болон хоцорчээ” “Иран дахь монголчууд 1295 онд ислам шашинд орсон бөгөөд тасралтгүй үргэлжлэх дайн дажнаас шалтгаалан тэд буцаж чадаагүй. Тэдний хойч үе болох хазарачууд  Афганд амьдарч байна” гэх зэргээр бичжээ.

18 зууны дунд үе хүртэл хазарачууд өөрсдийн засаглалтай байсан ба 1747 онд Пуштун нар улсаа байгуулснаас хойш тэдний хоорондын тэмцэл эхэлж Абдурхман хаан ширээнд сууснаар хазара нарын хүчийг сулруулж улмаар тэднийг өөрийн захиргаанд оруулах бодлогыг идэвхтэй явуулж эхэлжээ. Абдурхман 1892 он гэхэд хазарстан нутгийг бүрэн эрхшээлдээ оруулсан гэгддэг ба хазара хүмүүст онцгойлон дааж давшгүй алба татвар оноож нутагт нь цэргээ оруулан байнгын зэвсэгт хяналтанд оруулжээ.

Мөн Пуштунчууд Хазара нарын овгийн удирдагчдыг баривчлан хорьж тарчлаан устгаж,тэднийг эр эм  өтгөс нялхас гэлтгүй харгислан хороож, эмсийг бузарлаж, үндэстний хувьд устгах ажиллагааг эрчимтэйгээр явуулж эхэлжээ. Абдурхманы харгислал хазара нарын 60 гаруй хувийг устгсан гэх ба тэсэхүйеэ бэрх болсон хазарачууд 1892 онд гурван жил гаруй бослого хөдөлгөөн өрнүүлэн өөрсдийн төлөө тэмцсэн ба бага зэрэг эрх мэдэл олж авч байжээ.

Зөвлөлтийн үед хазара нарт арай зөөлөн эерүү байсан гэдэг ч талибууд засагт гарснаас хойш хазара нарын эсрэг дайн тулаан өрнүүлж тэднийг дахин хомроглож эхэлжээ.


Ямартаа ч афганы өндөрлөг уулсын дунд одоо ч бэсүд, найман, хэрэйд гэх монгол овгоо хадгалж үлдсэн, үгсийн сандаа олон монгол үгийг шингээж үлдээсэн өөрсдийгөө Чингисийн цэргийн үлдэгдэл хэмээн баярлахдаа баярлан, гунихдаа гунин суух хөх монголын минь тасархай  хазарчууд зовлон бэрхийг туулан амьдарч сууна даа.

0 comments:

Post a Comment