10.13.2014

Нирун монголын Шэлүнь буюу Жарун хаан

394 оны vед Жужаны өрнө хэсгийн тэргүүний хүү Шэлүнь Нируны ноёдоос авхаалж самбаа, арга ухаанаараа товойн тодорч газар нутгаа өргөтгөх, хүч чадлаа бэхжүүлж явсаар 402 онд өөрийгөө “Жужан Дэудай хаан” хэмээн зарлаж  тэр үеийн уйгар угсааны Гаогюй нарыг бүрмөсөн эзлэн авч, баруун  хойд хятадын нэг хэсгийг ноёрхон тангадын Цян улстай найрсаг харилцаа тогтоон Тоба вэй улсын түрэмгийллийн эсрэг тэмцэлдээ түүнийг өмөг түшиг болгох эх суурийг тавьж, гадаад байдлаа бэхжүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээ аван, улсынхаа цэргийн хүчийг шинэчилж, нутаг дэвсгэрээ өргөтгөхийн хамт төрийн байгууламждаа нүүдэлчдийн уламжлалт  тогтолцоог нэвтрүүлж эхэлжээ.

Шэлүнь хааныг түүхэнд Шэлүнь, Жарун, Жужан Дэудай гэж янз бүрээр тэмдэглэсэн байдаг. Дэудай гэдэг нь давхилт дундаа харваач гэсэн утгатай үг хэмээн эрдэмтэд тайлжээ.

Түүний тогтоосон хуулиар мянган хүн нэг хороо болж нэг тэргүүнтэй, зуун хүн нэг туг болж нэг даргатай байхаар тогтжээ. Мөн дайсанд түрүүлж довтлон орогсод нь олзны хvн, эд зүйлсийг бусдаас урьтан авч байх, дайн тулааны vед айж ухарсан хүний толгойг чулуугаар хага цохих буюу шийдмээр нүдэж алах журамтай болжээ.
   
Нируны  хааны эрх мэдэл үлэмж, түүний нэгдсэн захиргаан дор эрх мэдэл бүхий захиргаа цэргийн эрэмбэ дараалсан албан тушаалтнууд ажилладаг байлаа. Хааныг дээд тэнгэрээс заяат төрсөн гэж үзэх ба хаад нь  “Хутагт”  ”Зөв”  ”Тэнгэрийн” гэх мэт өргөмжилт цол хэрэглэж байснаас  гадна  “Ашид амгалан” ”Машид тvвшин”  ”Машид тайван”   ”Мандан бадрах” ”Мөнхөд энх” гэх зэрэг  оны цол хэрэглэж байжээ. Тийнхүү нvvдэлчдийн дундаас Нирун нар анх удаа хаан цол болон оны цол хэрэглэсэн нь хойшид уламжлагдсан байна.

Хаад нь төрийн дотоод, гадаад бодлогын бүх хэргийг үндсэнд нь дангаараа шийддэг онцгой эрхтэй байснаас гадна нэн шаардлагатай үед л ноёдын хурилдай хуралдуулан шийдвэр гаргадаг байжээ.

Шэлүнь хаан 410 онд  дүү нарынхаа ордны эргэлтэд эрх мэдлээ алдан баруун зүг нүүсэн бөгөөд түунийг Нирунчуудын хүчирхэг аймгууд дагалдан гарч  VI зууны үед Ижил мөрний хөндий хүрээд “Авар” хэмээн нэршсэн монгол язгуурын хаант улсаа байгуулсан байна.

Аварууд улам цаашлан хуучин Атиллагийн хүннү улсыг орлон Дунай мөрөнд суурьшсан бөгөөд Австри хүртэл өргөн их нутгийг эрхшээлдээ оруулж, IX зууны сүүлч хүртэл Монгол нүүдэлчдийн нэр сүрийг өрнө дахинд үзүүлсээр байв.

No comments:

Post a Comment