10.29.2014

Монгол нутаг дахь Уйгар улсын үе

Хянганы нуруунаас Каспийн тэнгис хүрсэнТүрэгчүүдийг залгаж Уйгарууд хүчирхэгжин гарч ирэв. Уйгурууд Нирун монголчуудтай адил Төв Азид оршин тогтносоор ирсэн хамгийн өндөр соёлтой нүүдэлчид бөгөөд алтайн хэлний бүлэгт багтах түрэг угсаатан.Тэднийг түүхэнд Өндөр тэрэгтэн буюу токуз-огуз, гаогюй нар хэмээн тэмдэглэсээр иржээ.

744 онд уйгаруудын толгойлогч Пэйло биеэ хаанд өргөж Куль Билгэ хэмээх цол аван түрэгүүдийн эсрэг бослого эхлүүлэн 745 онд тэднийг бүрмөсөн бут цохин мөхөөж Уйгур улсыг байгуулжээ.
Пэйлог нас барсны дараа түүний хүү Моюнчур буюу Баянчур 747-759 онд хаан сууж “тэнгэрээс заяат төр засагч мэдэлтэй хаан” хэмээн алдаршсан ба тэр үед Уйгур улс хүчирхэгийн туйлд хүрч байлаа.

Моюнчур эцгийн бодлогыг үргэлжлүүлэн умар зүгт Киргиз, дорно зүгт Киданы эсрэг аян дайн хийснээр газар нутгаа тэлж YIII зууны үед Алтайн уулсаас Хянган, говиос Саяаны уулын хоорондох нутгийг мэдэх болжээ.

Уйгарууд 751 оноос Орхоны хөндийд нийслэлээ байгуулж Хар балгас буюу Ордубалык хэмээн нэрлэжээ. Булган аймгийн

Сайхан сумын нутаг дахь Хиргистийн хөндийн Могойн шинэ ус хэмээх газарт буй түрэг бичээсээр бичсэн Моюнчур хааны дурсгалд түүний амьдралыг тодорхой бичиж үлдээжээ. Уйгурууд хүчирхэгжин Хятадын дотоод хэрэгт ч оролцох болжээ. 755 онд Хятадад гарсан Ань Лу Шанийн бослогыг дарахад Тан улсаас тусламж гуйхад Моюнчур хаан 4000 цэрэг явуулж уг бослогыг дарсан ба хариуд нь Хятадын хаан асар их бэлэг шагнан, бага гүнжээ хатан болгон ураг холбохоор илгээж байжээ.

Моюнчурын дараа 759 онд Идугинь хаан сууж түүнийг 779 онд Дуньмохэ устган хаан болсноор дотоодыг тэмцэл хурцдан уйгарууд сульдаж эхэлжээ. Дуньмохэ хаан ширээнд суухын тулд өмнөх хаадын төрөл садан 2000 орчим хүнийг алсан гэдэг.

820 оны үеэс Енисейн Киргизүүд уйгаруудыг довтлох болж удтал үргэлжилсний дайны эцэст 840 онд Уйгур улс мөхөж, киргисүүд нутгийг нь эзлэн авч нийслэл Ордубалык болон олон хот дурсгалыг нь шатааж эвдэн сүйтгэжээ. Уйгурын зарим нь тэдний эрхшээлд орж нөгөө хэсэг нь Дорнод Туркестан, Зүүн гарын нутагт шилжин шинэ улс байгуулан суусан байна.

Уйгурууд эрт дээр үеэс нүүдлийн мал аж ахуй эрхлэн аж төрсөөр ирсэн боловч сүүлдээ согд, хятад урчууд дархчуудын хүчийг ашиглан хот балгад олноор барьж байгуулах болжээ. Монгол нутагт уйгаруудын барьж бүтээсэн хоёр их хотын туурь хадгалагдан үлдсэн нь Архангай аймгийн Хотон суман дахь Хар балгасын туурь нөгөө нь Булган аймгийн Хутаг-Өндөр суман дахь Бийбулагийн балгас.

Мөн уйгурууд, Монгол нутагт оршин тогтнож байсан олон аймаг, улсын дотор нэлээд дээгүүрт тооцогдох соёлтой байжээ. Тэдний соёлын хамгийн том ололт амжилт бол бичиг үсэгтэй болж, албан бичиг хөтлөн ном зохиол бичиж, гадаад хэлнээс судар шастир өргөн хэмжээгээр орчуулан туурвих болжээ. Уйгурууд анхандаа түрэг бичиг буюу орхон-енисейн бичгийг хэрэглэж байсны гэрч нь“Сэлэнгийн бичээс” хэмээн алдаршсан Могойн шинэ усны гэрэлт хөшөө, Архангай аймгийн Тариат сумын нутаг дахь Тэрхийн бичээс зэрэг бичиг үсгийн томхон дурсгалууд юм.

Хожим согд уйгар руни бичээс холилдсон шилжилтийн үеийн бичигтэй байсан ба энэ үеийн дурсгал нь Увс аймгийн Долоодойн хөшөөнд үлджээ.
Харин уйгараар бичсэн Архангай аймгийн Тайхар чулууны бичээс, Говь-Алтай аймгийн Жаргалант сумын Хайрханы бичээс зэрэг олон дурсгал монгол нутагт бий.

Монгол нутаг дахь уйгарын үеийн хүн чулуунууд нь түрэгийн үеийн хүн чулуунуудаас мэдэгдэхүйц ялгарах ба онцлог шинж нь, хоёр гараар хэвлийн өмнө сав барьсан, босоо дүрстэйгээс гадна хоёр чихэвчийг нь дээш сөхсөн дүгрэг малгайтай, олон унжлага зүүлт бүхий бүстэй дүрслэгдсэн байдаг ба түрэгийн хүн чулуунд байдаг шиг хутга, сэлэм зэрэг зэр зэвсгийн зүйл үгүй бас тахилын хашлага чулуу, цуварсан балбал чулуу огт байдаггүй байна. Уйгарын хүн чулууд манай улсын Баян-Өлгий, Увс зэрэг баруун нутгаар ихэвчлэн тааралддаг.

No comments:

Post a Comment