4.24.2014

Гол мод

Хүннүгийн хааны бунханг хадгалж байсан Гол мод хэмээх газар Архангай аймгийн Өндөр-Улаан суманд Балгасын тал гэдэг газар Хануй голын хөндийн зүүнтээ бий. МЭ 80-100 оны үед хамаарах тус Шаньюгийн  бунхны зөвхөн  орох үүдэвч нь 38 метрийн урттай, том байгууламж. Язгууртны энэ булш  үндсэн ба дагуул нийлсэн 200 гаруй булшнуудын зүүн хойно байрлана. 29 дагуул булшинд нь ой долоон сартай хүүхдээс 35 насны эр хүртэл нийт 28 хүн, нэг адууг хойлоглон оршуулсан байна. Гол бунхны орчимд 21 адуугаар тахилга үйлдсэн, бунхан дотор адууны эд хэрэгсэл дагуулж, үнэ цэнэтэй эдлэл, алт, мөнгөн чимэглэл бүхий сүйх тэрэгнүүдийг жиргэн хийжээ.

Булшийг судлан шинжлэх археологийн багийн ахлагч  доктор, профессор Д.Эрдэнэбаатарын өгүүлснээр  уг  булшнаас гарсан шилэн аяга цаг хугацааг тогтооход тусалсан байна. Хоёр өөр шилийг уусган хольж урласан энэ аяга эртний Ромын хаад, язгууртнуудын ордны тансаг хэрэглэлийн нэг, эртний Грекээс Ромд уламжилсан соёл аж. Тэгэхээр Хүннүгийн булш тэр үед буюу МЭ-ний 80-100 оны үеийнх болов уу гэж таамаглажээ. Ийм аяга Евроазийн археологийн түүхэнд тун ховор олдвор бөгөөд ердөө зургаа байдаг нь Германд гурван ширхэг, АНУ-д хоёр ширхэг хадгалагддаг байна.  Энэ олдвор булшны насыг хэлээд зогсохгүй Ром, Хүннү хэмээх эртний төрүүдийн хооронд харилцаа холбоо байсныг нотолж буй.

Оршуулсны дараа тоногдож шаньюгийн шарилыг гаргаж хаясан байж магадгүй энэ бунхнаас түүний гавлын хэлтэрхий дунд чөмөгний ясыг олж ДНК-гийн шинжилгээнд өгчээ.
“Гол мод 2”-ын  гол булшны бунхнаас жижиг, том нийт 6-7 сүйх тэрэгний  эд ангиуд бүрнээрээ, мөн тооны сүйхний хэсгүүд гарсан байна. Нэг сүйх нь ханз үсэгтэй, гоёлынх болов уу гэмээр хийцтэйг үзвэл Шаньюйд Хань улсын хуандий бэлэг болгосон байхаас зайлахгүй. Харин бусад сүйхүүд бүгдээрээ Хүннү хийцийнх. Чимэг урлал сайтай, тансаг хэрэлэлтэй эдгээр тэрэгнүүд шаньюй нарын эрхэм хэрэгсэл байсныг илтгэнэ. Чимэглэлүүдийг алт, мөнгө, хүрлээр гайхалтай нарийн урлаж, чулуун шигтгээнүүдээр чимжээ.

Их хааны булшны зүүн талаар хавиргалуулан байрлуулсан дагуул булшнуудын гуравдугаархаас ой долоон сартай хүүхдийн оршуулганд  хүүхдийн тоглодог байсан болов уу гэмээр 200 гаруй шагай хийсний 20 орчим нь тамгатай байна. Шагайн дээрх дөрвөн талт тамганд хожим Чингис хааны хэрэглэж байсан наран тамга, Мөнх хааны удам угсааныхны сэрээ тамга, Өгөөдэйнхний дэгрээ тамга яг тэр хэлбэрээрээ дүрслэгдсэн байна.






0 comments:

Post a Comment