1.19.2015

Үлэг бэхи хан



Үлэг бэхи бол баралус аймгийнх бөгөөд 1394 онд доголон Төмөр хааны ач болон мэндэлжээ. Үлэг бэхи багаас л сэргэлэн цовоо ухаалаг нэгэн байсан бөгөөд 15 насандаа л  Самарканд хотын захирагч болж байв.

Үлэг бэхи Багдадад суралцаж байхаасаа л одон орон сонирхон өөрийн нутагт одон орон судлалын төвтэй болохыг мөрөөдөн 10 гаран жил хичээнгүйлэн шамдсаар 1420 онд Самарканд хотдоо одон орон судлах төв байгуулж чаджээ. 

Тэрээр 1417 оноос эхлэн одон орныг тусгайлан судалж 30 гаран жилийнхээ судалгаагаараа “Ичи” буюу “Одон орны шинэ хүснэгт” зохион гаргасан нь ихэд алдаршжээ. Түүний энэ  зохиол нь нар, сар, одны эргэх хүснэгт бөгөөд 1018 одны байршлыг зурагтай нь багтаасан 4 боть зохиол болжээ.

Түүний талаар дундад зууны эрдэмтэд “Тэр геометрт яг Евклид шиг, одон ороны хувьд Птолемей шиг” гэж бичжээ.Үлэг бэхи одон орон судлалын аугаа эрдэмтэн бөгөөд  бүтээлийг нь дорно дахины нэрт эрдэмтэд лекц болгон уншсаар ирсэн ба түүний “Одон орны шинэ хүснэгт”  Энэтхэг, Европоор ихэд тархан бүр хожим 1648 онд Английн шинжлэх ухааны төв Оксфорд хотноо хэвлэгдэн гарсан байдаг. 1665 онд Томас Хайту хэмээгч перс, латин хэлээр орчуулж гаргасан ба 1673 онд эрдэмтэн Говял “Одот тэнгэрийн атлас” нэртэй ном болгон хэвлүүлжээ. 
Бүр 1970 онд ЗХУ-ын ШУА орос, англи, узбек хэл дээр орчуулан гаргажээ.

Үлэг бэхи дэлхийн одон орон судлалын алдартай арван хүний тоонд багтдаг ба 1447 онд Төмөрийн хаант улсын хаан сууринд суусан боловч удсангүй хоёр жилийн дараа 1449 оны аравдугаар сарын 27-ны өдөр нас баржээ.
    

0 comments:

Post a Comment