11.30.2014

Эзэн хаан Чингис

Чингис хааны, магадгүй амьд байх үеийнх нь гав ганцхан хөрөг зураг эдүгээ Бээжингийн түүхийн музейд, Юань улсын монгол угсааны эзэн хаадыг дүрсэлсэн эртний уран зургийн цуглуулга дотор байдаг юм. Хубилай хааны үндэслэсэн Юань улсын хаад 1279-1368 онд Дундад улсыг захирч байв.

Монголын байлдан дагуулагчийг түүшээр зурсан дэлгэмэл дөрвөлжин торгоны өмнө зогсож ажиглацгаая.

Тэрээр зүүн тийшээ бага зэрэг эргэжээ. Түүний лужир бие голдуу нилээд тарган байдаг орчин үеийн монголчуудын хэв маягт бүрнээ сайн тохирч байна. Эзэгнэгчийн уг нь байсан уян хатан төрхийг он жилүүд илүү хүнд хөшүүн болгон харагдах болов уу?

Махлаг өргөн нүүр, цэмцгэр бөгөөд өндөр хамар сайтар таарч тохирсон юм.Бараг шулуун шахуу хөмсгийн нэг адилаарүс нь бууралтжээ, дээд сахал нь завьжаа халхалж, эрүүний сахал нь хятад хүнийх лугаа адил. Түүний өргөн духыг хээлэн тахирласан үрчлээсийг нь харвал энэ хүнийг тавин настай гэмээр, гэвч зураач зургаа сүрлэг бөгөөд ахимаг болгохыг оролджээ. Улмаар түүнд эртний мэргэдийн урт сахлыг нэмж зурахыг ч бодсон байж болох юм. Он жилээр ухаажиж, туршлага, мэдлэгийн билгэ тэмдэг болсон хүн хятадад ямар их хүндлэл хүлээдэг нь тодорхой шүүдээ.

Тэмүжины өнгөлөг үсээр хийсэн малгай ар шил рүү нь дарж унжжээ, тэр үед нүүдэлчид ингэж өмсдөг байв.

Өнгөц харахад эл зураг нэг их илэрхийлэмтгий биш, гэхдээ хэрэв анхааралтайяа ажиглавал, нүднээс нь маргаангүй нухацтай байдал, захирангуй шинж, өөрөөр хэлбэл чанга хатуу чанар, гүнээ тайван байдлаар илрэх зөөлөн боловч аврага хүч чадлыг олж харж болно.

Энгийн хувцаслаж элдэв гоёл, эрх мэдлийн тэмдэг хэрэглээгүй байгаа нь энэ хүний чадварыг онцлон харуулж байна.


Мишель Хоанг “ Эзэн хаан Чингис” номноос зурвасхан…

0 comments:

Post a Comment