11.07.2014

Иссык куль буюу Ишгэн хөл нуурын Сарт халимагууд

Хиргисчүүдийн бахархал  Иссык куль нуур.Монголын Эзэнт гүрний үеийн түүхэнд “Ишгэн хөл”, “Исгэлэн” гэх зэрэг янз бүрээр нэрлэгдсэн тус  нуур нь далайн түвшинээс дээш хамгийн өдөрт өргөгдсөн дэлхийн хамгийн цэнгэг уст нуур бөгөөд Киргиз Улсын зүүн хойд хэсэгт Тэнгэр уул, Кунглей, Ала-Тоо уулсын дунд цэлэлзэн оршдог.

Иссык-Куль гэдэг нь монголоор “Бүлээн нуур” гэсэн үг болох ба  өвөл хөлддөггүй учир ийнхүү нэрлэжээ. Хиргисчүүд нуураа бахархан “Киргизийн хөх сувд” хэмээн хайрлан нэрлэх ба  энэ нуур Хөвсгөл нуураас талбайн хэмжээгээрээ 2.3 дахин, эзэлхүүнээрээ 4.5 дахин том бөгөөд цэнгэг усны нөөцөөрөө Байгаль нуурын дараа ордог байна. 

Иссык куль нуур нь монголчуудын түүхтэй нэгэн жимээр холбогддог нь энэ нуурын дэргэд монголын ихэс дээдэс цуглан  Зүчийн ахмад хүү Бат ханы удирдлаган дор их хуралдайгаа ёслол төгөлдөр хийн их Монгол улсын хаан сууринд Толуйн ахмад хөвгүүн Мөнхийг залж байжээ.

Одоо энэ нуурын хөвөөнөө Сарт халимагууд хэмээх ойрaд түмний арван мянга орчим үр сад амьдарч сууна. Тэд Зүүнгарын хаант улс унасны дараа Уйгараар дамжин Хиргис нутагт очсон торгууд хошууд нарын удам гэх ба бас  Ижил мөрнөөс хөдөлсөн торгуудын их нүүдлээс манжид дагаар орохыг хүсээгүй үлдсэн хэсэг нь хиргис нартай тохирон Иссык куль нуурын хөвөөнд суурьшсан ч гэж үздэг.

Баруун монголоос хальж тасран одсон  өөрсдийгөө Сарт халимагууд гэх болсон хөх монголын тасархай эдгээр ойрад түмний үр сад он цагийн эрхээр харьд уусан шингэж хэл соёл нь бүдгэрч хиргисчүүдийн нэг хэсэг болжээ.

Сарт халимагууд Иссык куль нуурынхаа зүүн эрэг дагуу Киргизийн гурван гацаанд төвлөрөн суух ба уламжлалт мал аж ахуй эрхлэхээс гадна амьжиргааны гол сурвалж нь газар тариалан болжээ. Нэг халимаг өрх дунджаар 100-300 орчим толгой мал малладаг байна. Мөн тэд жимс жимсгэнэ тарьж аж ахуйдаа нэмэрлэдэг гэнэ.



Сарт халимагууд энд ирж суурьшаад таван үе болсон тул эх хэлээрээ тун бага, харин ойрд аялгуутай хиргис, орос хэлээр чөлөөтэй ярьдаг болжээ. Цагийн эрхэнд бүгд исламын шашны суннит урсгалыг  шүтэж  сууна.

No comments:

Post a Comment