6.11.2014

Төмөр хаан

Монголын барулас овгийн ноёны хүү Төмөр нь Бухар хотоос баруун өмнө зүгт орших Кеш буюу одоогийн Узбекстаны Шахризаб хотын захирагчийн гэрт төржээ. Багадаа зүүн хөлөө гэмтээж доголон болсноос түүний дайснууд доголон Төмөр хэмээх болж. Тэр бол Цагаадайн хаант улсын хаан, гүр эмир цолтой цэргийн гарамгай удирдагч монгол хүн билээ.

Төмөр хаан байлдан дагуулалтаа 1371 онд эхэлж 1380 он гэхэд есөн удаагийн аян дайнаар өнөөгийн Афганистаны дийлэнх нутаг дэвсгэрийг эзлэн эрхшээлдээ оруулж эсэргүүцэл үзүүлсэн дайсны цэргүүдийн толгойг тасдаж пирамид босгож явав. 

Төмөр 1376 онд Тохтыхмаш жанжинд Алтан Ордны улсын хаан болоход нь цэргийн туслалцаа үзүүлсэн ч цаадахь нь хожмоо ачийг нь бачаар хариулж их хор учруулсан.

Нийслэл Самарканд хотоо үнэт эрдэнэсээр дүүргэж эзлэн түрэмгийлсэн орнуудаас нийтдээ 150 мянга гаруй уран гартан авчирч гоёмсог ордон харш бариулж тэдгээрийг Монголын цэргийн байлдан дагуулалтыг харуулсан зургаар чимэглэж байжээ.

1386 онд Кавказ руу дайн хийж Тифлис хотын ойролцоо болсон тулалдаанд гүржийн цэргийг бут ниргэн нийслэл хотыг нь түйвээж хөрш орших Армянийг явуут эзэлжээ. 1388 онд Хорезмийн хаант улс ширүүн эсэргүүцэл үзүүлсэн ч Монголын морин цэргийн удаа дараагийн дайралтыг тэссэнгүй бууж өгсөн ч Төмөр түүний нь үл харгалзан нийслэл Ургенч хотыг бүх оршин суугчдын хамт хүйс тэмтэрчээ. Энэ үед Амударья мөрний эрэг дагуух бүх нутаг Памирийн уулсаас Арал тэнгис хүртэлх нутаг түүний эрхшээлд орсон байв. 

1839 онд Балхаш нуурын зүг Семиречья нутагт, өнөөгийн Казакстаны өмнөд нутаг руу аян хийж дараа нь Персийн эзэнт гүрний нутаг руу хөлгийн жолоог залах үед нь Алтан Ордны улсын Тохтамыш хаан Төмөрийн нутагт халдаж хойд нутгийг нь түйвээж байгаа мэдээ авч нийслэл Самарканд хотдоо буцан ирж томоохон дайнд бэлтгэж эхэлжээ. 

Төмөр хаан Алтан Ордны улс руу 1389, 1391, 1394- 1395 онуудад нийтдээ гурван удаа аян дайн хийж тухай бүр нар төөнөсөн хээр талаар 2500 километр зам туулж байв. Харин сүүлчийн удаа Каспийн тэнгисийн баруун эрэг дагуу Азербайжений нутаг, Дербент цайзаар дайрч явжээ.


1391 оны долоодугаар сард Кергель нуурын дэргэд болсон шийдвэрлэх тулалдаанд хоёр талаас тус бүр 300 мянга орчим цэрэг оролцож Төмөр эмирийн цэрэг ялж Алтан Ордны улсын нийслэл Сарай хотыг эзлэн түйвээсэн ч тус орны нутгийг эрхшээлдээ авсангүй, нутаг буцжээ. 1395 онд Алтан Ордны улсыг дахин түйвээсний дараа Оросын нутагт хүрч хилийн Елец хотыг эзэлж түймэрдсэний дараа яагаад ч юм бас л буцан явжээ.

1392-1398 онуудад Перс, хөрш орших Кавказын чанад дахь нутгийг түрэмгийлэхдээ 1394 онд Патила хотын ойролцоо Персийн Мансур шахын их цэрэгтэй томоохон байлдаан хийж дайсны хориглолтын төв хэсэг рүү морин цэргийн дайралт хийсэн нь бүтэлгүйтэж нөөцөнд байсан хүнд морин цэргээ тулалдаанд оруулж байж сая нэг дийлжээ. Энэ ялалтын үр дүнд Персийн эзэнт гүрнийг бүрэн эрхшээлдээ оруулжээ.

1398 онд Энэтхэгт нэвтэрч ялагдашгүй гэгдэж байсан Мератх хотыг бүсэлж газар доогуур нүх ухаж эхлэсэн нь удааширахад залгамал шат ашиглан хотод нэвтэрч бүх иргэнийг нь хядсаны дараа цайзын хэрмийг нураажээ. Ганга мөрний эрэг дээр болсон нэгэн тулалдаанд Монголчууд морьтойгоо усанд орж Энэтхэгийн усан флотын онгоцууд руу дайрч нум сумаар усан цэргүүдийг алж 48 голын завь, усан онгоцыг нь булаан авчээ.

1398 оны сүүлчээр Дели хотод Махмуд Туклакийн удирдсан цэргийг бут ниргэж хүн ам олонтой, баян хотыг оргүй тонон дээрэмдэж тээвэрлэж болох эд зүйлсийг нь Самарканд руу илгээж бүх байшин барилгыг нь нураан газрын хөрстэй тэгшилж Деличүүд төрөлх хотоо бараг зуун жил хөдөлмөрлөж байж сая нэг сэргээн босгож чадсан гэдэг. 

Төмөр 1400 онд Сирийн эмирүүд удирдсан туркийн цэргийг ялж нийслэл Дамаск хотыг 1401 оны нэгдүгээр сарын 25- нд эзэлж үнэтэй цайтай бүхнийг нь нийслэл Самарканд хот руу зөөжээ.

Сирийг эзлэсний дараа туркийн эсрэг дайн эхэлж хилийн Кемак цайз, Сивас хотыг эзэлж Туркийн султанаас энхийн хэлэлцээ хийлгэхээр элч ирүүлэхэд тэднийг айлгах зорилгоор 800 мянган цэргийнхээ жагсаалыг харуулж байв. Удсангүй нийслэл Анкара хотыг бүслэв. 

1402 оны зургаадугаар сарын 20- ны өдөр Ангара хотын хажууд болсон 300 мянган цэрэг, Энэтхэгээс авчирсан 32 байлдааны заантай Монголын цэрэг Туркийн талын хөлсний Крымийн Татар, Серб болон Оттоманы эзэнт гүрний олон ард түмний төлөөлөгчдөөс бүрдсэн 200 мянган цэрэгтэй тулж дайсны хоёр жигүүр рүү хийсэн морин цэргийн дайралт, тэрчилэн 18 мянган Крымийн Татаруудыг урвуулан авснаар ялалт байгуулжээ.


Дараа нь тэнгисийн эргийн Смирна хотыг эзэлж Дундад Ази руу хөлгийн жолоо залахдаа зам зуур Гүржийг байлдан дагуулжээ. Үүний дараа хөрш орших орнууд нь байлдан дагуулалтаас нь эмээж эрхшээлд нь орсноо мэдэгдэж ихээхэн татвар төлбөр өгдөг болжээ. Тухайлбал 1404 онд Египетийн султан, Византийн эзэнт гүрний хаан Төмөр эмирт асар их бэлэг ирүүлж байв.

Чингис хааны цэргийн байгуулалтын уламжлалыг үргэлжлүүлж асар их цэргээ чадамгай удирдаж байснаар аугаа их байлдан дагуулагч Төмөр хаан том эзэнт гүрэн байгуулж чадсан юм. 

Алтан ургийн хүргэн Төмөр монголын эзэнт гүрнийг сэргээх өөрийн чин хүслээ гүйцээхээр Хятадын Мин улс руу аян дайн хийхээр явж байгаад 1405 онд өөд болжээ.

Гүржийг хоёронтоо ч дарж явсан түүний бунхныг гүрж гаралтай И.В.Сталин ухуулан толгойг салган судлахаар авч явсны маргааш германчууд ЗХУ руу довтолсон гэдэг. Харин түүнийг эргүүлж хийсэн 1943 оноос зөвлөлтийн цэргүүдэд ялалт эргэн ирж давшилтаа эхлүүлжээ. Энэ яриаг түүний бунхнаас гарч ирсэн “Миний бунханыг хөндөх аваас нэгэн жилийн дараа танай улсыг хүчирхэг нэгэн гүрэн халдан довтлох болно” гэсэн утгатай бичигтэй холбон тайлбарладаг.

0 comments:

Post a Comment